Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүнд эргэн ирсэн хөлбөмбөгч Луис Фабиано лхагва гаригт Аргентиний шигшээ багийн эсрэг хийх нөхөрсөг тоглолтод гоол оруулбал “Усаин Болт стиль”-иэр гоолын баяраа тэмдэглэнэ хэмээжээ.
Бразилийн шигшээ 2010 оны дэлхийн аваргаар дөрөвний нэг шигшээд Голландын багт хожигдсон цагаас хойш олон улсын төвшинд шигшээ багаа төлөөлж талбайд гараагүй Фабиано олимпийн баатар Усаин Болтын бишрэгчдийн нэг, түүний алдарт “Цахилгаан” бүжигт нь дуртай гэнэ. Тэрбээр “Би тэр залуугийн үнэнч фен. Хэрэв гоол оруулдаг л юм бол Болт маягаар гоолоо тэмдэглэнэ” хэмээсэн байна.
“Өмнөд Америкийн супер классико” гэгдэх Бразили болон Аргентиний шигшээ багийн нөхөрсөг тоглолт маргааш Бразилийн Гояния хотноо болно. Харин дараа нь аравдугаар сарын 3-нд аргентинчууд Ресистенсия хотод Бразилийн шигшээг хүлээн авч, тоглох ажээ. Ингэхдээ тус хоёр баг хоёул зөвхөн Өмнөд Америкийн хөлбөмбөгийн лигүүдэд харьяалагдаж буй тоглогчдоор багаа бүрдүүлэх юм.
Бразилийн шигшээ багийн довтлогч Фабианогийн тухайд 43 тоглолтод шигшээ багаа төлөөлж, 28 гоол оруулжээ.