Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан товлосон цагаасаа 45 минутаар хоцорч эхэллээ. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлээд байна. Эл хөтөлбөрт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудал яагаад багтаагүй талаар тодруулав. Эл асуултад УИХ-ын дэд дарга С.Баярцогт “Тогтвортой байдлын гэрээ байгуулсан бусад асуудлуудтай хамтад нь Оюутолгойн асуудлыг авч үзнэ” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “УИХ өмнө гаргасан тогтоолынхоо хэрэгжилтийг хангуулах ёстой. Тиймээс Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва нар ч санаачлагатай ажиллах ёстой. УИХ тогтоолоо хэрэгжүүлэх үү гэдэгт Уул уурхайн сайд хариулт өгөх хэрэгтэй байна” гэсэн юм. Гэвч УИХ-ын даргын зүгээс “Байнгын хорооноос хариулт өгөх ёстой” гэж бултууллаа. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Сонгууль болохын өмнө та бүхэн юу бодож мөрийн хөтөлбөртөө тусгасан юм бэ. Хөрөнгө оруулалтын гэрээгээ эргэж харахад бид олон улсын өмнө шившиг болохгүй, харин ч нэр хүнд өснө. та бүхнийхээ буянаар би Америкт туршлага солилцоод ирлээ. Гэрээгээ эргэж харж болдог юм байна. Засгийн газар хариулт өг. “Нийт гэрээг бүгдийг ярина гэвэл худал болно, тухайлж Оюутолгойн гэрээ гэдгээр авч үзэх ёстой. Оюутолгойн гэрээ хамгийн том гэрээ тийм болохоор зөв гольдролд нь оруулах боломж байна уу гэдэгт хариулт шаардаж байна” гэв.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж