”Бид дөрвөн бэрх шиг эвтэй сайхан амьдардаг”

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

”Бид дөрвөн бэрх шиг эвтэй сайхан амьдардаг”

СУИС-ийг  дуурийн дуулаач мэргэжлээр төгсч, өнөөгийн зуузай холбон өрсөлдөх залуу дуучдын дундаас өөрийн гэсэн хэв маяг, өнгө төрхөөрөө тодрон гарч ирсэн А.Хосбаяр анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа юм. Оюутан байхаасаа л ангийнхаа анд Б.Одончимэгтэй хослон дуулж  гарч ирсэн түүнийг сонсогч түмэн “Гүйгүүл морин”, “Сэтгэлдээ дуулъя” “Бүсгүй чамдаа” дуугаар нь мэддэг билээ. Ингээд түүнтэй уран бүтээл болон тоглолтынх нь талаар ярилцлаа.

-Анхны бие даасан тоглолтоо хийх гээд тун завгүй явна уу. Тоглолтын бэлтгэл хэр явж байна даа?

-“Гүйгүүл морин” гэж нэрлэсэн тоглолтоо энэ сарын 27-нд Бөхийн өргөөнд хийх гэж байна. Өдөр шөнөгүй ажилласаар бэлтгэл ер нь 60 хувьтай болсон байх шүү. Өөрийнхөө хэмжээнд чадах бүхнээ хийж үзье гэж бодоод зориглолоо.

-СУИС-ийг хэдэн онд ямар мэргэжлээр төгссөн билээ?

-СУИС-ийг 2008 онд А.Дашпэлжээ багшийн удирдлага дор дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Яг мэргэжлийнхээ хэмжээнд хараахан уран бүтээл туурвиагүй байна. 

-Дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн хэрнээ яагаад нийтийн дуунд “урвачихсан” байдаг билээ. Цаашид дуурьт дуулна гэж боддог уу?

-Манай ангийг 40 хүүхэд төгссөн. Олонх нь нийтийн дуучин болж буй шалтгаан нь мэргэжлийн урлагийн байгууллагууд цалин багатай холбоотой байх. Өнөөдөр 300 мянган төгрөгийн цалингаар амьдралаа яаж залгуулах юм бэ. Тиймээс нийтийн дууны урлаг руу хошуурч байна уу даа гэж боддог. Би сургуулиа төгсөөд ҮДБЭЧ-д гурван сар ажилласан ч ар гэрийн шалтгаанаар гарсан. Тодорхой хэмжээнд өөрийнхөө байр суурийг олчихоод дараа нь мэргэжлийн байгууллагад орж ажиллана гэсэн бодолтой.

-Дуучин А.Мөнхбаттай хуучны “Тод магнай” дууг хамтарч дуулсан тань олон хүний сэтгэлд нийцсэн бололтой? 

-“Анир” студид бичүүлж, энэ зун наадмаас өмнө дүрсжүүлсэн.  Бид хоёрын дуулсныг үзэгч, сонсогчид цоглог хэмнэлд оруулж дуулсан байна гэж ихэд таашааж байгаа юм билээ. Хуучин Ц.Өлзий-Орших гавьяат дуулдаг байсан даа. Энэ дууг бага байхдаа их л дуулдаг хүүхэд байлаа.

-Анхны бие даасан тоглолт гэдэг утгаараа их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, бэлтгэл шаардагдах нь тодорхой. Хамгийн гол нь тоглолтын онцлог, сюрпризийг үзэгчид сонирхож байгаа байх?

-Анхных гэдэг утгаараа алдаа оноотой тоглолт болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ нийтийн дуу дуулж байгаа дуучдаас ялгарах миний гол онцлог гэвэл би өөрөө ардын болон уртын дуу дуулах хоолойны өнгө аястай. Цаашид уртын дуу дуулна гэж боддог. Тоглолтын онцлог гэвэл бусад тоглолтоос цэргийн чуулгын поп оркестртой хамтарна гэдгээр ялгарч гоё харагдах болов уу. Үзэгчдийн хэлдгээр 100 хувь “амьд” тоглолт болно. Ямар ч ам барих тухай асуудал байхгүй. Хөгжмийн дуугаралт гэж янзын, дуу нь “амьд” гоё байх болно. Миний тоглолтыг үзсэн үзэгчид огшсоор, хөөрсөөр байгаад дуусгана гэдэгт итгэлтэй байгаа. Тоглолтын дараа ямар болсныг үзэгчид хэлэх байх. Магтах нь ч, зэмлэх нь байх биз ээ.

-А.Хосбаяр гэж ийм дуучин байдгийг тоглолтоороо л тодотгож харуулна гэсэн үг биз дээ?

-Тийм ээ. Тоглолтод миний багш А.Дашпэлжээ, соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, А.Мөнхбат, ангийн найз Б.Оюунбат, Р.Бадралмаа нар оролцоно. ДБЭТ-ын гоцлол дуучин Ч.Алтантүлхүүртэй хамтарч нэг сайхан дуу дуулна. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Shine” студид ажиллаж, найруулгыг Д.Хишигбаяр ах хийж өгч байгаа. Би хөдөө өссөн болохоор уртын дуу дуулах сонирхолтой. Тиймээс уртын дуу болон мэргэжлийн хэмжээний хэд хэдэн дууг үзэгч сонсогчдодоо хүргэнэ. Бид бүхний сэтгэл зүрхэнд хоногшсон хуучны 1960-70-аад оны дууг бүх цэргийн поп оркестртой хамтарч дуулах юм.  

-Урын сандаа хэчнээн дуутай вэ. Тоглолтоороо хэдэн дуу дуулах юм бэ?

-Морины, хайрын сэдэвтэй,  дээр нь уртын дуугаа ч дуулна. Дуулж хүмүүст хүргэсэн 14 дуугаа энэ үдэш дуулна. Жишээлбэл, “Бүсгүй чамдаа”, “Нутагтаа би уяатай”, “Энхрийхэн минь”, “Бүүвэйн түрлэг”, “Жигүүр ажнай” гэх мэт. Уртын дуучдыг дагаж дуулсаар байгаад урын сандаа сонирхогчийн хэмжээнд 2-3 дуутай болсон. Хуучны уран бүтээлээс гэвэл “Үүлэн цэнхэр хангай”, “Мөнгөн бороо”, “Намрын өнгө”, “Уургач хүрэн” гээд бий. Тоглолтоо “Тэргүүн хамбын нутаг” гэсэн сайхан дуугаараа эхлүүлнэ гэж бодож байгаа. Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц гуай манай нутгийн хүн. Манай сум алдартнуудаараа Монголдоо дээгүүр ордог. Ардын жүжигчин А.Очирбат, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Гомбосүрэн, дуурийн дуучин Х.Уртнасан, гавьяат жүжигчин Банзрагч, “Зууны манлай” хос дуучин Вандан, Дуламсүрэн гээд байна.

-Сүүлийн үед манай нийтийн дуучид хуучны уран бүтээлийг хуулбарлаж олонд хүргэх болжээ. Зарим нь бүр үг, аялгууг нь өөрчилж дууллаа гэх шүүмжлэл бий. Энэ тухай юу гэж боддог вэ?

-Хуучны дууг үг, аялгууг нь өөрчлөхгүйгээр өөрийнхөө хоолойны хэв маягт тааруулаад дуулж болно. Тэр үүднээс би ч дуулж байгаа. Ард түмний чихэнд хоногшсон аялгуугаар нь дуулна.

-Өөрсдийнх нь дуулсан дуу олон жилийн насгүй болохоор хуучны дуугаар олонд танигдах бас нэг арга юм болов уу. Эсвэл чанартай сайн дуу алга уу?

-Дууны аялгуу, шүлгийн чанар миний бодлоор “чулуу” байх хэрэгтэй. Дуучдын дуу эхэндээ “хит” болж байгаад хэдэн сарын дараагаас мартагдаж байгаа нь үнэн. Олны чихэнд хоногшиж, аманд байнга аялагдаж байх олон жилийн настай уран бүтээл төрүүлэх эсэх нь дуучнаас ихээхэн шалтгаална. Миний хувьд ах эгч нараасаа зөвлөгөө авч байгаа. Дууны шүлэг, аялгуун дээр ч анхаарч ажилладаг.  Урлаг гэж том зүйлийн талаар цогцоор нь ярихад миний ухаан хомсдоно.

-Дуучид, бөхчүүдийн түрийвч зузаан гэсэн ойлголт байдаг. Та санал нийлэх үү?

-Үнэнийг хэлэхэд надад нутгийн ах эгч нар тусалдаг. Анхны “Хол чиг ойрхон” цомгийг сумын “Амардэлгэрэх” компани ивээн тэтгэж байлаа. “Гүйгүүл морин” цомгийг Угтаал сумын Н.Гантулга ах ивээн тэтгэсэн. Энд тэндхийн тоглолтод дуулсныхаа шан харамжийг хураана. Тэгээд уран бүтээлдээ, ар гэрийнхээ амьдралд ч зарцуулаад зохиуцуулаад явж байна.  

-Төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн ээж аавынхаа тухай яриач. Танай удамд урлагийн хүн байдаг уу?

-Би Төв аймгийн Бүрэн суманд төрж өссөн. Миний аавыг М.Алтангэрэл, ээжийг Д.Чимэдцэрэн гэдэг. Сумандаа  алба хашдаг байсан, одоо тэтгэвэртээ сууж байгаа. Ээжийн талынхан дууч хүмүүс байдаг. Сумандаа найр наадам эхлүүлдэг байсан улс. Тэгэхээр би ээжийнхээ талыг дуурайсан болов уу.  

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Миний ханийг П.Даваасүрэн гэдэг. Хятад хэлний орчуулагч, багш мэргэжилтэй. Хоёр охинтой. Х.Номин-Эрдэнэ гуравдугаар анги, бага охин Х.Нандин-Эрдэнэ гурван настай. Эхнэр бид хоёр нэг нутгийнх. Долдугаар ангиасаа үерхэж дотноссоор ханилсан. Дөрвөн бэрх шиг эвтэй сайхан амьдардаг.

-Таны уран бүтээлийн хэтийн зорилго, төлөвлөгөө сонирхвол?

-Тоглолтоо хийсний дараа уртын дууны чиглэлээр сурах гэж байгаа.

О.САЙХАНЦЭЦЭГ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж