”Төрийн буруу бодлого бичил уурхайчдыг төрүүлсэн”

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

”Төрийн буруу бодлого бичил уурхайчдыг төрүүлсэн”

Бичил уурхайчдыг газар шороо сэндийчдэг бүдүүлэг хүмүүс, энэ нийгэмд байх ёсгүй хэмээн шүүмжлэх нэг нь байхад, “Хөөрхийс ар гэрийнхнээ тэжээхийн тулд ажиллаж буй” хэмээн өмөөрөх нь ч байдаг. Бичил уурхайн тухай хууль батлагдсан ч нэг мөр шийдэгдээгүй байгаа гар аргаар ашигт малтмал олборлогчдыг  хэрхэн зохион байгуулалтад оруулах талаар албаны хүний үгийг сонсохоор Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамбатай уулзлаа.

-Бичил уурхайчид нийгэмд байх ёстой, ёсгүй гэхчлэн хүмүүс өөр өөр байр суурьтай байдаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Бичил уурхай, тэнд ажиллаж байгаа уурхайчдын асуудал манай ассоциацид хамааралгүй л дээ. Гэхдээ монгол хүний хувьд энэ асуудалд санаа зовниж явдаг. Яагаад гэвэл гар аргаар ашигт малтмал олборлогчид буюу бичил уурхайчид нь уул уурхайн үйл ажиллагаа, төрийн бодлогын алдаанаас гарч ирсэн нийгмийн гажуудал. Энэ үзэгдэл бусад улсад VIII зууны үед их байсан. Гэтэл XXI зуун гарчихаад байхад манайх нийгмийн ийм гажуудлаасаа ангижраагүй байна гэдэг утгагүй асуудал мэт санагдаж байна. Монгол аюулгүй ажиллагааны ямар ч системгүй, татваргүй, бүртгэлгүй, удирдлага зохион байгуулалтгүй ийм хүмүүсээр дүүрч байна.

-Тэгэхээр та бичил уурхайчдыг байх ёсгүй гэж үзэж байгаа юм уу?

-Ер нь тийм ч сайн зүйл биш. Би хувь хүнийхээ хувьд хоёр зүйлд харамсдаг. Нэгдүгээрт, бичил уурхай эрхэлж буй хүмүүсийн эрүүл мэнд, амь нас. Хоёрдугаарт, байгаль орчин сүйдэж байгаад сэтгэл эмзэглэдэг. Тэдний хийж байгаа ажилд зөвхөн өнөөдрийн хоол, хэрэглээний мөнгөний төлөөх тэмцэл өрнөдөг. Гэхдээ энэ нь тэдний буруу биш. Яагаад гэхээр тэдний ард хэчнээн хүүхэд, өвчин зовлонтой хүмүүс байгааг бид мэдэхгүй шүү дээ. Учир нь тэнд ажиллаж байгаа хүмүүсийн олонх нь тогтсон ажилгүй байдаг. Тэр дундаа мал маллаж байгаад мал нь ган, зудад үгүй болсон иргэд энэ салбар руу хошуурдаг. Тиймээс буруутгах аргагүй. Тэдний бичил уурхайд ажиллах нь улс орны эдийн засагт ч, өөрсдийнх нь ирээдүйд ч сайнаар нөлөөлнө гэж үзэхгүй байна.

-Энэ гажуудал юунаас үүдэж байна вэ?

-Энэ олон мянган ажилгүй иргэдийг төр өөрөө бий болгож байна. Ажилгүйдэл, ядуурал газар авснаас энэ байдал улам хурцадсаар байгаа. Мөн уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд олборлолт хийхдээ сорчилж олборлодгийн гай. Тухайн компани хайгуул олборлолт хийх тусгай зөв­шөөрөлтэй л бол түүнийгээ ашиг­ласан шиг ашиглаж, олборлосон шиг олборлох хэрэгтэй. Гэтэл манайхан агуулга сайтай хэсгийг нь ашигладаг. Тэр үлдэгдлийг нь бичил уурхайчид дахин ухдаг. Ингэснээр нөхөн сэргээлт хийсвэр зүйл болон хувирдаг. Уул уурхай нь маш олон жилийн турш судлагдсан шинжлэх ухаан. Гэтэл энэ шинжлэх ухааны талаар ямар ч мэдлэггүй, энэ талаар судлаагүй боловсон хүчин энэ салбарт олноороо орж ирсэн нь үүнд нөлөөлж байгаа.

-Нийгмийн гажуудлаас болж бичил уурхайчин гэх хүмүүс бий болсон юм бол үүнээс хэрхэн гарах вэ?

-Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг ордоо гүйцэд зөв ашиглаж уу, нөхөн сэргээлтээ зохистой хийж үү гэдэгт хяналт тавьж, нарийн мөрдүүлэх хэрэгтэй. Мөн төрийн зөв бодлого үгүйлэгдэж байна. Төрийн бодлого бичил уурхайчдыг зохион байгуулалтад оруулж, цөөрүүлж, цаашилбал огт байхгүй болгоход чиглэх ёстой. Ийм хүмүүсийг огт байхгүй болгоно гэхээр тэр хүмүүсийг баривчилж, хорьж цагдах юм биш шүү дээ. Тогтвор суурьшилтай эрхэлсэн ажилтай, тогтмол орлогын эх үүсвэртэй болгох хэрэгтэй. Гэтэл манай төрийн бодлого эсрэгээрээ хэрэгжээд, бичил уурхайчдын тоог нэмж байна.

-Төрийн бодлого буруу хэрэг­жиж байна гэдгийг жишээгээр тайлбарлавал?

-Социализмын үед Налайхын уурхайд ашиг сонирхлын үүднээс их хэмжээгээр олборлолт хийж, бусад төрлийн ажлыг хойшлуулснаас уурхайд нуралт үүсч, түймэр их хэмжээгээр гарч, олон хүний амь эрсэдсэн. Үүнээс болж Налайхын уурхайг хаах шийдвэр гаргаж байлаа. Уурхайг хааснаар олон мянган уурхайчин ажилгүй болж, ядуурсан. Тиймээс  өлсч үхэхгүйн тулд байгальдаа хандана биз дээ. Хүрз, жоотуугаа барьж жижиг уурхай руу хувь хувийн мөрөө хөөсөн. Энэ мэтээр бичил уурхайчдыг цөөрүүлэх биш, олшруулсаар байна. Уг нь уурхайг хаахдаа тэнд ажиллаж байсан уурхайчдыг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хамруулж, мэргэшүүлэн дараагийн ажилд зуучлах ёстой. Тэгээгүйгээс ажилгүйдэл, ядуурлын хэмжээ нэмэгдэж, үүнийг дагаж бичил уурхайчид ч нэмэгдэж байна. Энэ тал дээр төр засаг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, тэднийг өөр уурхай руу шилжүүлж эсвэл Налайх гэсэн өөр үйлдвэр барих ч юм уу ямар нэгэн байдлаар ажилтай болгох ёстой.

-Бичил уурхайчдыг төр өөрөө төрүүлж байна гэсэн үг үү?

-Асуудлыг шийдвэрлэхдээ нэгдүгээрт, хүний асуудлыг чухалчлах ёстой. Гэтэл манайд эс­рэгээрээ байгаль орчныг нэг­дүгээрт тавьж, хүнээ хайрлахгүй байна. Социализмын үед малаа нэгдүгээрт тавьж, дараа нь хүнийхээ асуудлыг ярьдаг байсан үе дахин давтагдаж байна. Тухайлбал, 2009 онд гаргасан Ой, усны сав бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль бол цэвэр хүнээ хаясан хууль. Энэ хууль батлагдсанаас болж хэдэн зуун мянган уурхайчин ажилгүй болсон. Тэд эцсийн бүлэгт бичил уурхайчин болж байна.

-Энэ асуудалд танай ассоциаци оролцож шийдвэр гаргах түвшинд нөлөөлж болдоггүй юм уу?

-Манайх шийдвэр гаргаж, оролцох эрхгүй л дээ. Гэхдээ манай ассоциациас Засгийн газарт хандаж олон ч удаа санаачлага гаргасан. Тухайлбал, лиценз нь цуцлагдаж байгаа, тэр дундаа алтны хэдэн компанийнхаа ажилчдыг замын ажил руу шилжүүлж өгөөч гэсэн. Тэдэнд мэргэжлийн чадвар, техник хэрэгсэл цөм бий. Адилхан л газар шорооны ажил учраас тэдэнд чадахгүй, болохгүй зүйл байхгүй шүү дээ гээд санал тавьсан боловч хүлээж аваагүй.

-Бичил уурхайн тухай хууль хэрэгжиж эхэлснээр уурхайчид үйл ажиллагаа явуулсныхаа төлөө сар бүр 53 мянган төгрөгийн татвар төлж байхаар болсон. Гэтэл тэдэнд энэ татвар өндөр байгаагаас нэгдсэн зохион байгуулалтад орох дургүй байдаг юм билээ. Үүнийг юу гэж бодож байна вэ?

-Хуулиар тогтоосон татварыг төлөх л хэрэгтэй. Татварын хөнгөлөлт үзүүлэх шаардлага байхгүй гэж бодож байна. Учир нь Монголд хэчнээн бичил уурхайчин байдгийг нарийн тоолж, тогтоосон газар одоогоор алга. Миний бодлоор 100 гаруй мянга байгаа байх. Бүр 200 мянга ч байж магадгүй. Тэр бүх хүн хаа дуртай газраа хууль дүрэм, татвар төлөөсгүй ухаж сэндийчээд, нөхөн сэргээлт хийхгүй орхиод байвал хэцүүднэ биз дээ.

М.УЯНГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж