![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/9/a6e2e60aca07b236/e5fc805bfedfcd81original.jpg)
Сануулахад, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг баталсан юм. Хуульд орон нутгийн сонгууль нь УИХ-ын сонгуулийн нэгэн адил холимог тогтолцоогоор явах болж буй. Ингэхдээ засаг захиргааны нэгж бүр иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөлтэй байх зарчмыг баримталсан юм. Ингэснээр нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус тус 41 иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчтэй байхаас 14 нь хувь тэнцүүлэх хэлбэрээр, 27 нь хороодоос сонгогдох ёстой. Бодит байдлыг авч үзвэл Баянзүрх дүүрэг 28 хороотой, Сонгинохайрхан дүүрэг 32 хороотой байгаа учраас зарим хороо Иргэдийн Хурлын төлөөлөгчгүй байх нөхцөл бий болсон тул УИХ-ын гишүүн Р.Гончигдорж дээрх зөрчлийг арилгах зорилгоор Аймаг, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан нь энэ юм. Хуулийн төслийн 4.11.2 дахь заалтад “Хэрэв бүхэл хэсэг нь тэгтэй тэнцүү байвал баг бүр нэг мандаттай байх бөгөөд нийт төлөөлөгчдийн тооноос нийт багийн тоог хассантай тэнцүү тооны төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгоно. ” 4.12.2 дахь заалтад “Хэрэв бүхэл хэсэг нь тэгтэй тэнцүү байвал хороо бүр нэг мандаттай байх бөгөөд нийт төлөөлөгчдийн тооноос нийт хорооны тоог хассантай тэнцүү тооны төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгоно.” гэсэн өгүүлбэрүүдийг нэмэхээр хуулийн төсөлд тусгаад байна. Ингэснээр сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тухайн сум, дүүргийн бүх баг, хорооноос төлөөлөлтэй байх нөхцөл бүрдэнэ.