Лалын шашныг доромжилсон гэх киноноос болж өрнөсөн Америкийг эсэргүүцэх хөдөлгөөн Ойрхи Дорнод, Хойд Африк, Азийн орнуудад эмх замбараагаа алдав. Өчигдрийн байдлаар олон мянган хүн оролцсон хөдөлгөөн наад зах нь 20 оронд гараад байгаа бөгөөд тэдгээрийн ихэнхид цагдаагийнхантай мөргөлдөөн үүсчээ. Эсэргүүцэгчдийн уур хилэн одоо америкчууд төдийгүй Еюропын дипломат төлөөлөгчийн газрууд руу чиглэж эхэлжээ. Суданд Германы ЭСЯ-нд халдсан явдал үүний нэг жишээ. Одоо энэ бүс нутагт улс төрийн санаачлага “Аль Кайда”-гийн гарт шилжиж болзошгүй байгааг шинжээчид анхааруулж байна.
Үйл явдлын хамгийн оргил өрнөл эхний үед Ливи, Йеменд төвлөрч байсан бол удалгүй Суданы нийслэл Хартум бас нэг халуун цэг болж гарч ирэв. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт өглөөний мөргөл эхлэв үү үгүй юу, иргэд хэдэн зуугаараа элчин сайдын яамдын хороолол руу цувжээ. Улмаар Америкийн эсрэг уриа хашгирч, тус улсын далбааг шатааж эхэлсэн бөгөөд цуглагсдын тоо таван мянгад хүрсэн байна. Жагсагчид Германы ЭСЯ-ны хажуугаар өнгөрч явах үеэр хэсэг залуус дэвсгэр нутагт нь дайран оржээ. Улмаар тэд ЭСЯ-ны нэгдүгээр давхарт нэвтэрсэн төдийгүй дээд давхарт нь гараад “Аллахаас өөр бурхангүй, Муххамед түүний зөнч мөн” гэсэн бичигтэй “Аль Кайда”-гийн далбааг мандуулсан байна. Мөн ЭСЯ-ны ажилтны машиныг шатаасан бөгөөд гал командын машин ирэхэд үүдний хаалган дээр хориглолт зохион байгуулж уг машиныг оруулахгүй байжээ. Германы ЭСЯ-ыг түйвээснийхээ дараа жагсагчид АНУ-ын төлөөлөгчийн газар руу хөдлөв. Энэ үеэр жагсагчдын тоо 10 мянгад хүрчээ. Цагдаагийнхан тэднийг нулимс асгаруулагч хий, ус цацагчаар угтсан боловч яаж ч чадсангүй. Жагсагчид яамны хашааг даван орж АНУ-ын далбааг хуулж авчээ.
Йеменд харин Суданаас ялгаатай нь цагдаа нар жагсагчдын дайралтыг ЭСЯ-наас 500 метрийн зайд хориглон тогтоож чадсан байна. Сана хотод Америкийн хуурай замын цэргийн бие бүрэлдэхүүнийг яаралтай татан авчирсан байсан боловч тэдний хэрэг хараахан гарсангүй. АНУ-ын элчин сайд Жеральд Фейерстейнд хандсан “Чөтгөрийн боол арилж далд ор!” гэсэн уриа хотын гудамжинд өдөржин цуурайтаж байжээ.
Египетийн нийслэл Каирт мөн жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөв. Ерөнхийлөгч Мохаммед Мурси болон эрх баригч “Лалын ахан дүүс” намын удирдлагууд “Хүмүүст хохирол учрах болон эд хөрөнгө сүйдэхээс зайлсхийхийг” уриалсан хэдий ч египет залуус тэдний үгийг юман чинээ бодолгүй АНУ-ын ЭСЯ-руу тонн тонноор нь чулуу нүүлгэсээр байв.
Ливаны Триполид жагсагчид эсэргүүцлээ илэрхийлэх нэмэлт шалтаг олсон нь Ромын пап Бенедикт XVI тус улсад айлчилсан явдал байлаа. Пап лам Ливанд хөл тавьсан даруйдаа “Дорно зүгийн христ шүтлэгтнүүдийг мартаагүй гэдгээ харуулах гэж ирлээ” хэмээн айлчлалынхаа зорилгыг тодорхойлоод, христ болон бусад шашинтнуудыг ямагт хэл амаа ололцохын төлөө хичээж байхыг уриалсан юм. Лал шашинтнууд үүнийх нь хариуд Засгийн газрын харъяа нэгэн байгууллагыг дайран эзлэхийг оролдохын хамтаар Америкийн түргэн хоолны KFC рестораныг шатааж орхив.
Энэ мэт үйл явдал өнгөрсөн өдрүүдэд Тунис, Марокко, Сомали, Ирак, Иран, Индонез, Катар, Иордан, Афганистан, Пакистан, Израиль, Энэтхэгт өрнөлөө. 2005 онд Данийн хэвлэлүүд зөнч Мухаммедийг шоглон зурахад ч (тэгэхэд “Данийг устгая!” гэсэн уриа лалын шашинт 10 шахам оронд цуурайтсан юм), 2010 онд Америкийн христ шашин номлогч Терри Жонс Коран судрыг шатаах уриалга гаргахад (энэ удаа эсэргүүцэгчид Афганистан дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын байрыг сүйтгэсэн) ч ийм дайлайц бүхий эсэргүүцэлтэй тулгараагүй юм.
Лалын шашинтнууд ингэж их хилэгнэх болсон шалтгаан нь зөнч Мухаммедийг олон эхнэр авсан, хүүхний ангууч, алуурчдын толгойлогч гэхчлэн харуулсан кино интернэтээр тарсан явдал байв. Киноны найруулагч нь өөрийнхөө нэрийг Сэм Бэйсил гэсэн боловч АНУ-ын аюулаас хамгаалах байгууллага түүнийг үнэндээ Накула Басили Накула гэгч болохыг тогтоожээ. Тэрбээр Калифорнид цагаачилж ирсэн египет үндэстэн, Христийн шашны копт урсгалыг шүтэгч аж. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон лалын шашинтнуудын уур хилэнг намдаах гэхдээ түүний киног “Агуу их шашныг харлуулж, олон нийтийг хагаралдуулах гэсэн харгис агуулгатай, зөвшөөрөн хүлээхийн аргагүй туйлын балмад мугуйд зүйл” хэмээн нэрлэсэн боловч Америкийг эсэргүүцсэн хөдөлгөөний цар хүрээг хумихаасаа хэдийнэ өнгөрчээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар эмх замбараагүй байдал үүссэний шалтгаан нь кинондоо ч биш, тухайн бүс нутгийн дотоод улс төрийн нөхцөл байдалд буй бололтой. Аль ч оронд, эсэргүүцлийг манлайлагчдын ихэнх нь лалын шашны хамгийн радикал урсгалынхан болох салафитууд байгаа аж. Салафитуудын нэлээд хэсэг нь “Аль Кайда”-г талархдаг учраас эсэргүүцлийн хөдөлгөөний ихэнх нь “Аль Кайда”-гийн хар тугийн доор өрнөж байна. Ливи, Йемен, Египет болон бусад оронд улс төрийн санаачлагыг гартаа авахын тулд “Аль Кайда” кино тойрч өрнөсөн үймээнийг өдөөн ашиглаж байна хэмээн зарим ажиглагчид үзэж байгаа ажээ. “Арабын гэгдсэн либерал хувьсгалын үр дүнд төрийн эрх авах байсан хувьсгалчдын оронд, тухайлбал Египетэд, уг хувьсгалын эсрэг үзэлтнүүд болох хуучинсаг “Лалын ахан дүүс” хөдөлгөөн сонгуулиар Засгийн эрхэнд гарч ирсэн. Ингэснээр хүчний харьцаа салафитуудын гарт аажим шилжиж байна. Ингэснээр тус бүс нутгийн хэд хэдэн оронд иргэний дайн дэгдэж, энэ нь аажмаар сүйрэлд хүргэж болзошгүй” хэмээн Америкийн нэгэн шинжээч хэлжээ.
Дугаар шилжих мөчид:
-АНУ Судан дахь төлөөлөгчийн газраа хамгаалахын тул хуурай замын цэргийн бие бүрэлдэхүүн оруулах хүсэлт гаргасныг Суданы эрх баригчид хүлээж авсангүй.
-Каирт болсон жагсаал, эмх замбараагүй байдалд оролцогчдын зарим нь мөнгө авч жагссан нь баримтаар нотлогдсон талаар Египетийн ерөнхий сайд мэдэгдэв.
-Лондонд болсон 200 гаруй хүнтэй жагсаалд оролцогсод АНУ, Израилийн далбааг шатаажээ.
-Туркийн нийслэл дэх АНУ-ын ЭСЯ-ны гадаа болсон жагсаалд лалын радикал бүлэглэлүүд болон орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын төлөөлөл оролцов.
-АНУ Тунис, Судан дахь төлөөлөгчийн газрынхаа зарим ажилтнуудыг эргүүлэн татсан бол Канад улс Египет, Ливи, Судан дахь ЭСЯ-даа түр хугацаагаар хаажээ.
-“Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байсан цагтаа би америкчуудад хохирол учруулах ямар ч үйлдэлтэй эвлэрэхгүй, уучлахгүй” гэж Барак Обама мэдэгдэв.
-Бельгийн Антверпен хотод болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогсдоос цагдаа нар 230 шахам хүнийг баривчлан саатуулжээ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин