”Энэтхэгийн компаниуд монголд технологи нийлүүлэх боломжтой”

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

”Энэтхэгийн компаниуд монголд технологи нийлүүлэх боломжтой”

Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлэгтээ БНЭУ-аас манай улсад суугаа Элчин сайд Сатбир Сингхийг урьж ярилцлаа. Дипломат албаны томилолт авах  бүртээ хүйтэн сэрүүн бүсийн улс оронд ажилласан, орос эхнэртэй Элчин сайдтай юун тухай ярилцсаныг сонирхуулъя.

-Оройн мэнд, Элчин сайд аа, de facto нэвтрүүлэгт тавтай морилно уу. Та дандаа хүйтэн уур амьсгалтай улс орнуудад Элчин сайдаар ажиллаж бай­жээ. Ямар учиртай вэ?

-Намайг нэвтрүүлэгтээ урь­санд маш их баярлалаа. Би дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотод амьдарч байна. Би Москва, Стокгольм, Лондон, Кыргызстанд Элчин сайдаар ажиллаж байлаа. Өнөөдөр Монгол Улсад ажиллаж байна. Газрын зурагнаас харвал эдгээр улс орон бүгд хүйтэн сэрүүн уур амьсгалтай.

-Та орос бүсгүйтэй гэрлэж хөөрхөн охинтой болсон юм билээ…

-Тийм ээ. Энэ үнэн. Дипломат албанд ажиллах хугацаанд хүнтэй танилцах боломж бага байлаа. Москва хотод томилогдон ажиллаж байх хугацаандаа орос бүсгүйтэй танилцаж гэр бүл болсон. Тийм ч учраас миний гэр бүл хоёр өөр соёлоос бүрддэг. Би хүүхэд байхаасаа морь унах дуртай байсан. Тийм ч учраас Монгол Улсад ажиллах саналыг маш таатай хүлээж авсан. Учир нь Монгол бол адууны эх орон. Уулын бартаатай замыг сайн туулдаг сайн үүлдрийн сайн азаргатай. Миний охин Монголд морь унаж сурсан. Миний найз нар адуутай. Би долоо хоногт хоёр удаа 2-3 цагаар морь унаж Туул голын хөндийгөөр аялдаг.

-Би Мумбай (хуучнаар Бомбэй) хотод очиж байсан. Тэнд Кумарын нэртэй алдартай гэр бүл морины аж ахуй эрхэлдэг байсан. Би энэтхэг найз нартайгаа хамт морины фермд зочилж байлаа. Тэнд байсан моринуудыг араб, монгол адууны эрлийз гэдэг байсан.

-Энэтхэгчүүд адуу үржүүлж байсан түүх байхгүй. X зуунд анх адуу тэжээж эхэлсэн. Иранчууд исламын шашинд орсон үе байлаа. Исламын цэргүүд орж ирснээр адуу мэддэг болсон. Тухайн үед бид зөвхөн зааныг л уналгад ашигладаг байв. Улмаар X зуунаас эхлэн адууг уналгад ашигладаг болжээ. Чийглэг халуун уур амьсгал адуунд тохиромжгүй. Би Энэтхэгийн баруун нутагт төрсөн. Манай нутгийн уур амьсгал Монголын говьтой төстэй хуурай, сэрүүн байдаг. Манай нутаг ч сайн адуутай. Харин Энэтхэгийн зүүн нутаг халуун, чийглэг уур амьсгалтай, бороо их ордог учраас адуунд тохиромжгүй.

-Энэтхэгт эрх дураараа амьдардаг, чөлөөтэй сэлгүүц­дэг өөр нэг амьтан бол үхэр. Энэтхэгчүүд ямар учраас үх­рийг хүндлэн дээдэлдэг вэ?

-Энэ их урт түүхтэй. Бүгд найрамдах улс гэдэг үгийг хүн төрөлхтөнд танигдахаас өмнө Энэтхэг улс Бүгд найрамдах улс байсан. 2600 жилийн өмнөх түүх. Буддаг мэндлэх үед Энэтхэг улс олон Бүгд найрамдах улстай байв. Үхэр бол гэр бүлийн амьжиргааны гол эх үүсвэр байсан. Гэр бүлийг тэжээдэг гол амьтан байсан үхрийг бид өнөөдөр хайрлан хүндэтгэх ёстой. Хүүхэд төрөх үед охин тугал бэлэглэдэг. Улмаар охин хүүхэд 20-21 настайдаа гэрлэх үед охин тугал нь үржиж бүтэн сүрэгтэй болсон байдаг. Үр хүүхдээ тэжээх үхэр сүрэгтэй болдог.

-Энэтхэгчүүд харийн эзлэн түрэмгийлэгч, колонич­логч­дыг ганц ч буун дуу гаргалгүй буюу цус урсгалгүй эх орноосоо хөөн зайлуулж чадсан ард түмэн. Энэтхэгийн ард түмний удирдагч нь Махатма Ганди байсан. Түүний философи юу байсан бэ?

-Махатма Ганди Энэтхэгийн хамгийн агуу туульсын зохиол болох Махабхарата, Рамаяна туульсаас урам зориг авсан. XIX зууны төгсгөлд Энэтхэгийн боловсролын тогтолцоо уламжлалт хэвээр байлаа. Сүм хийд нь утга зохиолтой адил боловсролын тогтолцоонд чухал үүрэгтэй байв. Олон нийтийг хамарсан цуглаан, аман яриа нь боловсролын чухал бүрдэл байв. Хүн бол сайн. Сайн үйлсийг бүтээх хэрэгсэл нь сайн хүн гэж сургажээ. Махатма Ганди ямар ч тогтолцооны төв нь хүн байх ёстой гэдгийг ухаарсан. Нийгэм гэдэг бол зөвхөн хүмүүсийн сайн сайхны төлөө оршин тогтнох ёстой. Хоёрдугаарт, хэрвээ чи сайн үр дүнг хүсч байгаа бол сайн арга хэрэгсэл ашиглах ёстой. Эртний Энэтхэгийн туульс ийм зүйлийг сургажээ. Махатма Ганди британичуудыг ад зэтгэр гэж үздэггүй байсан. Харин британичуудын нэвтрүүлсэн тогтолцоо нь Энэтхэгийн ард түмэнд ад зэтгэр шиг хөнөөлтэй гэдгийг олж харсан. Тийм ч учраас би энэ тогтолцоог өөрчилнө гэж тэр хэлсэн. Британичууд та нарын хувьд сайн зүйл бидний хувьд ад зэтгэр шиг нөлөөлж байна. Та бүхний нэвтрүүлсэн тогтолцоо манай соёл, манай нийгмийг устгаж байна гэж Ганди зоригтой хэлж чадсан. Бид зэвсэг, сум хэрэглэхгүй тайван замаар та бүхнийг ялан дийлнэ гэж тэр хэлсэн. Би засаглалын ямар ч хэлбэртэй хамтран ажиллахгүй гэж тэр хэлдэг байв. Түүний тэмцэл 1930 онд эхэлж 1948 онд үр дүнд хүрсэн. Түүнийг хүчирхийллийн бус тэмцлийн замыг үндэслэсэн хамгийн агуу хүн гэж тодорхойлж болно. Хоёрдугаарт, тэр эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил тэгш гэдгийг харуулж чадсан. Энэтхэгийн тусгаар тогтнолын хөдөлгөөнд эмэгтэйчүүд маш том хувь нэмэр оруулсан. Түүний тэмцэл ил тод байсан. Тэр хэзээ ч бусдаас мөнгө авч байгаагүй.

-Тэр бол хүн төрөлхтний түүхэнд мөнхөрсөн агуу удир­дагчдын нэг байсан. Түүний хэлсэн үг үйлдэл хоёр нь хэзээ ч зөрж байгаагүй…

-Тэр амьдралыг бодитой хардаг байлаа. Энэтхэгийн тусгаар тогтнол манай нийт ард түмэнд ашиг тустай байх ёстой. Би өөрийн хувийн ашиг хонжоог эрхэмлэдэггүй учраас улстөрийн намд харьяалагдахгүй гэж тэр хэлсэн. Ганди тусгаар тогтнолын хөдөлгөөнийг удирдаж амжилтад хүрсэн ч гэсэн хэзээ ч улстөрийн намд элсээгүй.

-Тэр өөрийн үйл хөдлөл, сэтгэл зүрхээрээ ард түмэн­тэйгээ хамт үлдсэн. Энэ агуу хүнд зориулсан хөшөө хүртэл бий. Ганди гэдэг энэ нэр надад маш их хүндэтгэл төрүүлдэг. Би Индира Гандигийн төрсөн хүү Ражив Гандигийн гэрт зочилж байлаа. Харамсалтай нь Ражив Ганди өөрийн эхтэйгээ адил улстөрийн алла­гын золиос болсон. Ганди гэдэг энэ нэр ямар утгатай вэ, ямар гаралтай вэ?

-Их сонирхолтой түүх. Индира Ганди 13 настайдаа эхээ алдсан. Түүний эцэг Жавахарлал Неру шоронд хоригдож байв. Тэр өөр кастад харьяалагддаг хөвгүүнд дурласан. Тэр хөвгүүн нь парси буюу иран гаралтай байв. Парси үндэстэн нь исламын байлдан дагууллын дараа Энэтхэгт үлдэж хоцорсон. Тийм ч учраас тэдний гэрлэлт зөвхөн каст хоорондын гэрлэлт байснаас гадна өөр өөр соёлтой хүмүүсийн хоорондын гэрлэлт байлаа. 1930-40-өөд оны Энэтхэгт ийм зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Энэ хэрэг Махатма Гандигийн анхааралд өртжээ. Махатма Ганди хүүхдүүдэд цаг заваа харамгүй зориулдаг хүн байсан. Тэр хоорондоо хайр сэтгэлийн холбоотой болсон хосоос та хоёр үнэхээр бие биедээ хайртай юу гэж асуусан. Улмаар тэр хоёрт тохиолдсон асуудлыг шийдвэрлэх зорилгоор өөрийн нэрийг тэдэнд өгсөн түүхтэй.

-Маш сонирхолтой түүх байна.

-Тэр цагаас хойш тэднийг Индира Ганди, Фероз Ганди гэж дууддаг болжээ.

-Та хэзээ дипломат албанд орсон бэ. Энэтхэгт нийтийн албанд зүтгэх хүмүүсийг хэр­хэн сонгон шалгаруулдаг вэ?

-Энэтхэг улс бол олон шашинтай, олон хэлтэй, олон үндэстнээс бүрдсэн асар том нийгэм. Манай засаглалын хэлбэр нь ард түмний аюулгүй байдлыг хангах ёстой. 1950 оны Үндсэн хуулинд хоёр гол зарчмыг тусгасан. Төрийн албанд ажиллах хүмүүсийг сонгон шалгаруулах чиг үүрэгтэй Нийтийн үйлчил­гээний комисс нь бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулах ёстой гэдгийг тусгасан. Есөн хүний бүрэлдэхүүнтэй энэ зөвлөлийн гишүүд нь улстөрийн харьяалалгүй бөгөөд төрийн албанд ажиллах хүмүүсийг сонгон шалгаруулдаг. Жилд 3-4 мянган төрийн албан хаагчдийг сонгон шалгаруулдаг. Би гурван үе шаттай шалгалт өгсөн. Миний сонирхож байсан албан тушаалын төлөө 4000 гаруй хүн өргөдөл өгсөн байсан. Урьдчилсан шатанд компьютер өргөдөл өгсөн хүмүүсийг шалгаруулдаг.

-Хэдэн онд вэ?

-1984 онд. Өргөдөл өгсөн 4000 гаруй хүн бичгийн шалгалт өгсөн.

-Хоёр дахь шатны шалгалт уу?

-Тийм. Бичгийн шалгалтыг тухайн сонгосон сэдвээр өгч болно. Би улстөрийн шинжлэх ухаан судалсан учраас өөрт тохирох хоёр салбарыг сонгосон. Дараагийн шатанд 1500-1600 хүн шалгаруулсан. Үүнд шалгарсан хүмүүс ярилцлагад орох ёстой.

-Сонгон шалгаруулалтын шатанд таны нэр, хувийн мэдээл­лийг үзэх боломжгүй юм байна?

-Тийм. Зөвхөн миний өргөдлийн материалын дугаар бүрт­гэгд­­дэг. Тийм учраас төрийн албан хаагчийг сонгох шалга­руулах энэ систем хөндлөнгийн нөлөөнд автдаггүй. Тухайн өргөдөл өгсөн хүний хувийн ур чадвар, мэдлэг боловсролоос шалтгаална.

-Энэтхэг хэдэн төрийн албан хаагчтай вэ?

-30-40 мянга орчим төрийн албан хаагчтай.

-700 гаруй сая хүнд үйлчилдэг үү?

-Үгүй. 1,2 тэрбум хүнд үйлчилдэг. Энэтхэгийн төлөө үйлчилдэг алба гэж нэрлэдэг. Энэтхэг улс 29 мужтай. Төрийн үйлчилгээ нь үндэсний буюу мужийн түвшинд хэрэгждэг. Харин дипломат алба нь үндэсний буюу бүх Энэтхэгийн хэмжээнд үйлчилдэг. Үндэсний хэмжээнд үйлчилдэг өөр салбарууд ч бий.

-Та Шинэ Дели хотоос сонгогдсон байх нь хамаагүй. Энэтхэгийн 29 мужийн али­наас ч өргөдөл өгч дипло­мат албанд орох боломжтой юм байна.

-Би бол Энэтхэг улсын иргэн учраас бүх Энэтхэгийн төлөө ажиллах ёстой.
 
-Та өөрийгөө дипломат албанд тэнцэнэ гэдэгт итгэж байсан уу. Та ямар их сургуу­ль төгсч, ямар зэрэг авсан бэ?

-Би улстөрийн шинжлэх ухааны чиглэлээр төгссөн. Мастер зэрэг хамгаалахаар суралцаж байв. Надад хоёр сонголт байсан. Нэгдүгээрт, би гэр бүлийн бизнесээ өвлөн авах бэлтгэл хангах зорилгоор бизнесийн мастер зэрэг хамгаалж болох байлаа. Эсвэл өөр замыг сонгох боломжтой байсан. Харин миний профессор багш надад төрийн албанд ажиллахыг зөвлөсөн. Би багшийнхаа зөвлөгөөг дагаж төрийн албыг сонгосон. Мексик улсад Элчин сайдаар ажиллаж байсан хүн манай хотод ирсэн. Элчин сайдтай уулзсаны дараа хилийн чанадад ажиллах нь ямар сэтгэл хөдөлгөм ажил болохыг мэдэрсэн.

-Та өөрийн сонголтод харамсдаг уу?

-Харамсдаггүй.

-Та Афганистан, Швед, Орос улсад ажиллаж байсан. Энэ тухайгаа манай үзэгчдэд сонирхуулаач. Та Орос улсад хэр удаан ажилласан бэ. Таныг элчин сайдаар ажиллаж байх хугацаанд ямар түүхэн үйл явдлууд тохиолдсон бэ?

-Түүхийн туршид Энэтхэг улс нь Оростой онцгой харилцаатай байсан. Колониос гарч тусгаар тогтносны дараа Энэтхэг улсын эсрэг худалдааны хязгаарлалт тавьсан. Худалдааны хоригийн улмаас Энэтхэг улс гаднаас технологи импортлох боломжгүй байв. Харин ЗХУ Энэтхэгт технологи нийлүүлдэг байв. Хоёрдугаарт, 1955 онд Энэтхэг улс социалист буюу капиталист эвслийн алинд нь ч нэгдэхгүй, бие даасан үйл ажиллагаа явуулна гэсэн шийдвэр гаргасан. Улмаар Энэтхэг, Египет, Югослав улс хамтран Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн санаачилсан юм. Энэтхэгийн аж үйлдвэрийн салбарын хөгжил дорой байсан учраас Зөвлөлтийн тусламжинд найддаг байв. 1962 онд Хятадын арми Энэтхэг улсад халдан довтлох үед Энэтхэгийн батлан хамгаалах салбарын зэвсэглэлийн 70 гаруй хувь нь Зөвлөлт Холбоот Улсаас авсан зэвсэг байсан. 

Энэтхэгийн эдийн засагт хувийн сектор тэргүүлэх үүрэгтэй гэдгийг хүлээн зөв­шөөрч байна. Та Элчин сайдын хувьд Энэтхэг, Мон­голын хувийн компаниу­дын харилцаа, түншлэлийг бэхжүү­лэх ямар боломж байна вэ?

-Монголчууд их азтай. Учир нь Монголын ард түмэнд уул уурхайн асар их баялгийг ашиглах боломж байна. Энэтхэг улс ч гэсэн байгалийн арвин нөөцтэй. Нүүрс, төмрийн хүдэр, алмаазын ордуудтай. Энэтхэг улсыг уул уурхайн орон гэж тодорхойлж болно. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд 5-6-р байрт жагсдаг. Энэтхэгийн эдийн засаг уул уурхай, аж үйлдвэр, технологид тулгуурладаг. Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Энэтхэгийн зах зээлд гаргах боломжтой. Энэтхэгийн ком­паниуд Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах сонирхолтой. Коксжсон нүүрс боловсруулах, төмрийн хүдэр боловсруулах, зэс хайлуулах, цайр хайлуулах чиглэлээр бизнес эрхэлдэг Энэтхэгийн компаниуд Монгол Улсад үйл ажиллагаа явуулах сонирхолтой. Энэтхэгийн компаниуд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас Монголын түүхий эдийг ашиглах боломжтой. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Энэтхэгийн том компаниуд бий.

-Монголын компаниудын хувьд Энэтхэгийн компаниуд­тай хамтран ажиллахын давуу тал юу вэ?

-Энэтхэгийн технологи хүрээ­лэн буй орчинд хамгийн хор хөнөөл багатай. АНУ-д хүртэл Энэтхэгийн хайлуулах үйлд­вэрүүд байдаг. Экологи бол хүний амьдралын салшгүй хэсэг учраас Энэтхэгийн компаниуд экологийн аюулгүй байдлыг хангах асуудалд онцгой анхаарал хандуулдаг. Хоёрдугаарт, Энэтхэгийн компа­ниуд капиталын хангалттай нөөцтэй. Тийм ч учраас Мон­голын компаниуд өндөр үнээр капитал цуглуулах шаардлага­гүй. Жишээлбэл, Америк компа­ниуд нэг долларын ажлын байр бий болгодог байхад Энэтхэг компаниуд өнөөдөр АНУ-д дөрвөн долларын ажил санал болгож байна. Тийм ч учраас Монголын уур уурхайн салбарын үйл ажиллагаа жигдэрч зэсийн олборлолт нэмэгдвэл Энэтхэгийн зэс хайлуулах үйлдвэрүүд Монгол улсад ажиллаж бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд экспортлох боломжтой.

-Бид Сайншанд хотод аж үйлдвэрийн цогцолбор байгуулах тухай ярьж байна. Монголын Засгийн газар долоон аж үйлдвэрийн цогцол­бор байгуулах төлөвлөгөөтэй. Хэдэн сарын өмнө манай хоёр улсын Засгийн газар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан…

-Монгол Улс жилд 100,000 тонн төмөр боловсруулдаг. Гэтэл Энэтхэгийн компаниуд жилд 20 сая тонн төмөр боловсруулж байна. Энэтхэгийн компаниуд Монгол Улсад гурван сая тонн төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр нээхээр төлөвлөж байна. Энэ төслийг хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол Улс төмрийн хүдэртэй. Харин технологи, капитал нь Энэтхэгийн компаниудад байна.

-Төмрийн үйлдвэр барих төсөл хэдий хэмжээний өртөгтэй вэ?

-Магадгүй хэдэн тэрбум доллар зарцуулна.

-Ямар шаардлага тавьдаг вэ?

-Төмрийн хүдэр ба коксжсон нүүрс байх хэрэгтэй.

-Монгол улс коксжсон нүүрстэй. Харин төмрийн хүдрийн нөөц ямар вэ?

-Төмрийн хүдрийн чанарыг сайжруулах боломжтой.

-Зэсийн үйлдвэр байгуулах төсөл ч хэрэгжих боломжтой юу?

-Зэс хайлуулах үйлдвэрийн төсөл ч боломжтой. Монголын зэсийн гол үйлдвэр болох Эрдэнэт үйлдвэрт 48-52 хувийн баяжмал боловсруулдаг. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд ч гэсэн зэсийн баяжмалын тухай заалт тусгагдсан. Хэрвээ Монгол Улсын нутаг дэвсгэрт зэс хайлуулах үйлдвэр баригдвал Оюутолгой түүхий эдээр хангах боломжтой. Тийм ч учраас Монгол Улс зэс, төмрийн хүдэр боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой бол Энэтхэгийн компаниуд туслахад бэлэн байна. Энэтхэгийн хувийн компаниуд хангалттай мөнгө, капитал, өндөр чанартай технологи нийлүүлж чадна. Монгол, Энэтхэгийн компаниудын аль алинд нь ашигтай хувилбар байх болно. Олон улсын зах зээлд өндөр чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийн хүсч байгаа бол Энэтхэгийн компаниуд технологи нийлүүлэх боломжтой.

-Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Энэтхэгийн компа­ниуд өөрийн хөрөнгө, тех­но­логи, ажиллах хүчийг ашиглан Монгол Улсад үйл ажил­лагаа явуулахад бэлэн гэж ойлголоо.

-Цөөн тооны компаниуд байна.

-Сайншанд хотод аж үйлдвэрийн долоон цогцолбор барихаар төлөвлөж байна. Монгол Улсад ажиллах хүч хангалттай гэж та бодож байна уу?

-Монгол улсад орчин үеийн боловсруулах үйлдвэр барих боломжтой. Чадварлаг инженер, ажиллах хүчийг бэлтгэх боломжтой. Монгол Улсад бүрэн боломж байна.

-Дотоодын хэрэгцээнээс илүү гарсан бүтээгдэхүүнийг Энэтхэг рүү гаргах уу?

-Энэтхэг эсвэл өөр хаана ч байж болно. Жишээлбэл, Оросын Сибирьт цемент дутагдалтай. Монгол улс нь гол цемент нийлүүлэгч байж болно.

-Ноён элчин сайд аа! Би таниас Энэтхэгийн эдийн засагт жижиг дунд үйлдвэрүүд ямар чухал үүрэг гүйцэтгэдэг талаар асуухыг хүсч байна. Би Энэтхэгийн хэд хэдэн хотоор аялж байсан. Жижиг дунд үйлдвэр бол Энэтхэгийн эдийн засгийн гол яс нь гэж би боддог. Жижиг дунд үйлдвэр хөгжих болсон гол нөхцөл юу вэ?

-Энэтхэгийн хүн ам маш олон үндэстнээс бүрддэг. Засгийн газар эдийн засгийн бүх үйл ажиллагааг зохицуулах боломжгүй. 1956 онд Энэтхэгийн аж үйлдвэрийн бодлогыг тодорхойлсон. Жижиг дунд үйлдвэрт хоёр үндсэн шаардлага тавьдаг. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь хагас сая доллараас илүүгүй байна. 10-аас доош ажилчинтай байх. Төрөөс хатуу хяналт шалгалт тавихгүй. Тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарыг төр биш харин хэрэглэгчид өөрсдөө үнэлдэг. Өнөөдөр жижиг дунд үйлдвэрүүд Энэтхэгийн экспортын 40 хувийг бүрдүүлж байна. Алт үнэт эдлэл, сүлжмэл эдлэл, савхин эдлэл, хувцасны салбарт хувийн компаниуд давамгайлдаг.

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж