-МАН-ын бүлэг байгуулагдах болов уу гэсээр ээлжит бус чуулган өндөрлөх нь. Хэзээ бүлэгтэй болох вэ?
-Манай нам бүлгээ аль хэдийнэ албан ёсоор байгуулсан. Ганцхан УИХ-ын дарга мэдээлэх л үлдээд байгаа шүү дээ. Мэдээлэл л хийгдэхгүй байгаа. Ер нь энэ парламент анхдугаар хуралдаанаасаа эхлээд хууль зөрчсөн. УИХ-ын даргаа хууль зөрчиж сонгосон, хамгийн ахмад настай нь хурал даргална гэдэг заалтыг ч зөрчсөн шүү дээ.
-Танай намыг бүлэггүй байлгах гол шалтгаан нь юу гэж та үзэж байгаа вэ?
-24 цагийн дотор МАН бүлгээ байгуулаагүй гэсэн мэдээллийг иргэдэд тасралтгүй цацсаар байгаа. гэтэл тэдний хууль зөрчсөнийг яагаад тоохгүй байх ёстой юм. Хамгийн анх хэн хууль зөрчсөн бэ. УИХ-ын дэгийн тухай хуулийн хэд хэдэн заалт зөрчигдөөд байхад тэр асуудал огт яригддаггүй. Тэгсэн атлаа 24 цагийн дотор бүлэг байгуулснаа бичгээр хүргүүлээгүй гэсэн шалтгааныг нийгэмд хүргээд байгаа. МАН хуулиа зөрччихсөн юм байна. Тэгээд бүлгээ байгуулж чадахгүй байгаа юм байна гэсэн асуудал яригдаад байгаа юм. Хамгийн ахмад настан хурал удирдах ёстой гэдэг огт хуульд хамаагүй гэсэн юм шиг байж болохгүй. Хууль зөрчиж томилогдсон даргад МАН бичиг өгөөгүй. Энэ нь цаанаа цөөнхийн дуу хоолойг ард түмэнд хүргэхгүй гэсэн далд агуулга яваад байгаа юм. Энэ нь эцэстээ бүгдийг хүч түрэн, өөрсдөдөө ашигтайгаар шийдэх гэсэн туйлын зорилго нуугдаж байгаа юм. Мөрийн хөтөлбөр, төсөв бүгд ийм л байдлаар батлагдлаа.
-МАН-ын бүлгийг хэзээ нийтэд мэдээлэх вэ?
-Энэ асуудал ойлгомжтой байгаа шүү дээ. Тэд 24 цагийн дотор УИХ-ын даргад хүсэлтээ ирүүлээгүйгээс энэ эрхээ алдсан. Түүнээс манай намын зүгээс бүлэг байгуулахад нь саад хийгээд байгаа юм биш.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж өргөн барина гэж байсан. Энэ асуудал юу болж байгаа вэ?
-Ер нь намуудын хооронд яригдаж байгаа асуудал. Гэхдээ аль нэгэн намд зориулж хуулийг өөрчилнө, засна гэдэг буруу шүү дээ. Энэ асуудлыг ирэх ээлжит чуулганаар хэлэлцэнэ.
-МАН-ын бүлэг байгуулах асуудалд дээр бие даагч гишүүний хувьд ямар байр суурьтай ханддаг вэ?
-Энэ асуудлыг зөндөө л ярилаа, ойлгомжтой шүү дээ. Аливаа юм хуулийн дагуу л явах ёстой. Тэд бүлэг байгуулах боломжоо алдсан. Хар хүний төлөө шар хүн гэгчээр өөр сонирхолтой юм ярьсан нь дээр байх.
-Энэ асуудлыг зөндөө л ярилаа гээд орхиж болох уу. Парламентын 25 гишүүнийг сонгосон сонгогчдын зүгээс хандвал та юу хэлэх вэ?
-МАН бүлэггүй бие даагчтай адилхан байгаа. УИХ 28 бие даагчтай ажиллаж байна, одоогоор. Харамсалтай нь тэд бүлгээ байгуулаагүй гээд Байнгын хороо, дэд хороододоо орж чадахгүй хугацаа алдаж байна л даа.
-МАН-ын бүлгийн тухайд та ямар бодолтой байна вэ
-Бүлэг байгуулагдах ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ хуулийн дагуу. Хуулийн дагуу яаж байгуулах ёстой вэ гэхээр шинээр хууль санаачлаад тэр хуулийн дагуу байгуулагдаад явах ёстой. З.Энхболд дарга 24 цагийн дотор бүлэг байгуулагдсаныг зарлах ёстой. Өнгөрсөн гэдэг нь хэний буруугаас вэ. З.Энхболд даргын буруугаас уу. З.Энхболд буруутай бол хариуцлага үүрэг ёстой. Ингэж байж л энэ асуудлаас гарах гарцыг олно. Гарц гаргахын тулд хууль санаачлах ёстой. Тэр хууль нь батлагдах үед л бүлэг байгуулагдана даа.
-Танай эвсэл бүлэг дээрээ энэ асуудлыг ярьсан гэж байсан. Ямар байр суурьтай байна?
-Манай бүлгийн зүгээс бүлэг байгуулагдахад нь сөрөг байр суурьтай байдаггүй. Бүлэг байгаа байхгүй гэдэг дээр нь биш хууль зөрчсөн үү, үгүй юу гэдэг дээр ач холбогдол өгнө.
-МАН-ын зүгээс хууль зөрчиж УИХ-ын даргаа сонгосон болохоор 24 цагийн дотор хүсэлтээ өгөөгүй гэж тайлбарлаад байгаа?
-УИХ-ын даргыг хууль зөрчөөд сонгосон уу, үгүй юу гэдгийг ярих бололцоо тэдэнд байсан. Гэтэл хуралдаа оролцоогүй. Би урьдчилан ярих нь зохимжгүй байж магадгүй. Бидний хувьд асуудал хуулийн дагуу ороод ирвэл хуульд нийцүүлээд л шийдвэр гаргахад нь оролцоод явна шүү дээ. Түүнээс биш тэр нь зөв, энэ нь буруу гэж ярих нь зохимжгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин