90 хоногийн хугацаанд визийн хураамжаас чөлөөлөгдөнө

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

90 хоногийн хугацаанд визийн хураамжаас чөлөөлөгдөнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, батлаад байна. УИХ, Засгийн газрын гишүүн Гадаад харилцааны сайд Л.Болдын тайлбарласнаар дээрх хэлэлцээрт хэд, хэдэн нааштай заалтууд тусчээ. Тухайлбал, энгийн паспорт эзэмшигч иргэн аль нэг талын нутаг дэвсгэрт орсноос хойш 90 хоногийн хугацаанд гадаадын иргэний бүртгэлийн үүрэг болон визийн хураамжаас чөлөөлөгдөх. Бичиг баримтаа үрэгдүүлсэн тохиолдолд дахин виз авахгүйгээр гарах эрх олгох, дамжин өнгөрөхөд давагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдолд визийн хугацааг тухайн улсын нутаг дэвсгэрээс гарч явах боломжтой болох хүртэл хугацаагаар үнэ төлбөргүйгээр сунгах, 72 цаг хүртэлх хугацаанд тухайн улсын нутаг дэвсгэрт визгүй байх зэрэг заалтууд тусчээ. Мөн хэлэлцээрт зааснаар дипломат болон албан паспорт эзэмшигч хоёр талын нутаг дэвсгэрийн олон улсын зориулалттай хилийн боомтоор тухайн улсын хууль тогтоомжийн дагуу визгүй орох, гарах, дамжин өнгөрөх, 90 хүртэлх хоногийн хугацаанд оршин суух зэрэг нөхцлийг олгожээ.

Харин энэхүү хэлэлцээр 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөх төлөвтэй байна, ингэснээр Монгол Улс, БНСУ-ын иргэд харилцан зорчих болоход дээрх таатай боломж олдох болж буй юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж