Хот харанхуй болвол яана аа, лаагаа бэлдэх үү?

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Хот харанхуй болвол яана аа, лаагаа бэлдэх үү?

Намайг муу ёрлолоо гэж битгий бодоорой.Амьдралын гашуун үнэн, яг ийм ирмэгт тулж ирээд байна. Олон жилийн өмнө, нийслэл Улаанбаатар хот маань зургаа долоон зуун мянган хүн амтай, орон сууцны хэдхээн хороололтой, одоогийн гэр хорооллын тавны нэг нь суурьшиж байсан нөхцөлд II, III, IV цахилгаан станцтай байж билээ. Цахилгаан дулааны хангалт яг тэр хэвээрээ байхад хүн ам нь хоёр дахин, байшин болон гэр хороолол тав дахин нэмэгдчихлээ. Хотын энэ их хэрэгцээг гэрэл, дулаанаар хангана гэдэг, эрүүл ухаантан, эрдэмтэн мэргэд бүхний толгойны өвчин болоод байна. V цахилгаан станц гэж арваад жил үлгэр ярилаа. Арга ядвал Оросоосоо импортлоно гэнэ. Ах нар маань ах нар л шүү дээ. Шатахууны кнопыг нэг л өдөр дарсан. Ерөнхийлөгч, ерөнхий сайд нар бүгд л эрэлд мордож билээ. “Хүний гар дахь, барын аман дахь” гэсэн үг бий. Цахилгааныхаа кнопыг нэг л өдөр дарвал Улаанбаатар харанхуй гэсэн үг. Өнөөдөр, цахилгааны саатал, хязгаарлалт байнга тохиолдож байгааг та ажиглаж л байгаа байх.Хүнээр бол зүрх нь тасалдаж цохиод хэвтэрт байна гэсэн үг. Тэгсэн чинь алгын чинээ газрыг хүртэл ах дүү төрөл садандаа олгож барилга бариулаад 100 мянган айлын орон сууц хүртэл барина гэнэ?!

Миний бичиж байгаад та эмзэглэж байвал, би гадна дотны эрдэмтдийн судалгаа, яах аргагүй үнэн баримтууд авъя. Зөвхөн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрөөр Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 158 том объект баригдах юм байна. Баянгол дүүрэгт “Голден парк” орон сууцны цогцолбор хороолол 4800 айлын, “Эрин хотхон” хороолол 1789 айлын, Баянзүрх дүүрэгт “Ургах наран” хороолол 5291 айлын, орон сууцны XIV хороолол 15 мянган айлын, Сүхбаатар дүүрэгт “100 айл” хороолол 1192 айлын, Сонгинохайрхан дүүрэгт “Мянганы хотхон” 10 мянган айлын, Хан-Уул дүүрэгт “Шинэ Яармаг” хороолол 2450 айлын, “Маршал” хороолол 2430 айлын гэх мэтчилэн урт дараалал үүснэ. Одоо  тартагтаа тулчихаад байгаа станцуудын маань хүчин чадал, энэ их барилга байгуулалтын хэрэгцээг яаж хангаж чадах юм бэ?!

Бас нэг баримт авъя. Томоохон хотуудын дулаан хангамжийн эх үүсвэр болох дулааны цахилгаан станцууд нь бүгд Оросын хуучин техник технологитой бөгөөд Улаанбаатарын II, III, IV цахилгаан станцууд нь 25-47 жил ашиглагдаж байгаа юм. Дулааны цахилгаан станц 40-50 жил ашиглагддагийг тооцвол “Нийслэлийн II, III цахилгаан станц, Дарханы ДЦС-уудын турбогенераторуудын насжилт гүйцсэн байна. Тэгвэл жил бүр 4-5 хувь өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг яаж ч бодсон хангаж дийлэхгүй юм. 2020 он хүртэл хөгжүүлэх хот төлөвлөлтөнд шинээр барихаар тусгасан хорооллуудыг тооцож үзэхэд 1000 гаруй гкал/ц-аар дулааны эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Энэ хэрэглээг хаанаасаа яаж хангах юм”. Гэрэлгүй, дулаангүй барилга л бариад байна гэсэн үг үү?!

Бас нэг баримт авъя. Цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус түгээх асар том сүлжээ Улаанбаатар хотод бий. Газар дээр, агаарт, бидний нүдэнд ил үзэгдэж байгаагаас хэд дахин их сүлжээ газар доор булаатай байна. Та харж байгаа байх. Хаа нэгтээ газар ухаад турба хоолойнууд юм уу, цахилгааны үхэжсэн шугамуудыг гаргаж ирж байгаа. Хүүхдийн зулай шиг нимгэрсэн, хөгц зэвэнд идэгдээд цоорсон, тасарсан хөгийн юм гарч ирдэг. Энэ дунд бидний яриад байгаа цахилгаан, дулааны “өвгөн” сүлжээнүүд таарч л байгаа. Саяхан Баянгол дүүргийн IV хорооны өрхийн эмнэлгийн шинэ байр барихаар газар ухаадахсан чинь нэгэн “боодолтой” утас таарч бөөн явдал боллоо. Тэр  нь Төмөр замын эмнэлгийг хангах цахилгаан сүлжээ гэнэ. Бид энэ шугам сүлжээний таарсан л газраа, засвар хийж байгаа нь энэ гэж “гурилдаад” өнгөрөөж байгаа.Улаанбаатар хотын цахилгаан, дулааны шугам сүлжээ гэдэг чинь хүнээр бол “мянган тэлэгч” тавиулсан судастай л тарчилж хэвтээ байхгүй юу. Тэгвэл өнөөдрийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд Монголын эрчим хүчний төвийн сүлжээний түгээх болон дамжуулах сүлжээний өргөтгөл, засвар үйлчилгээнд нэн яаралтай 150-200 сая ам.долларын хөрөнгө шаардагдаж байгаа гэнэ.

Бас нэг баримт авъя.Олон мянган ажилтан ажилчидтай эрчим хүчний салбараа дан харлуулж ойлговол алдас болно. Эрчим хүчнийхэн өөрсдөө санаачлаад Дарханы дулааны цахилгаан станцыг 30 МВт -аарөргөтгөж байна. ТЭЦ-IV-ийн 80 МВт турбиныг манай үндэсний инженерүүд Харбины үйлдвэртэй хамтраад 100 МВт болгон хоёр машин дээр буюу 40 МВт-аар хүчин чадлыг нь нэмэгдүүлчихлээ. “Энержи ресурс” Ухаа худагт 18 МВт -ын станц ашиглалтад оруулж байна. Эрчим хүчний бусад эх үүсвэрүүдийг хүчтэй хайж эхэллээ. Ньюком компани л гэхэд Төв аймгийн нутагт 50 МВт -ын Салхин цахилгаан станц барьж 2013 онд ашиглалтад оруулахаар шамдаж байна. Ньюком компани нь ТЭЦ-V-ыг барих тендерт гадны хүчирхэг компаниудтайгаа хамт шалгараад байгаа сайхан мэдээ байна. Ер нь эрчим хүч дулааны асуудалдаа санаа зовсон, сэтгэл өвдсөн бүх хүн, байгууллагууд энэ зүгт анхаарлаа хандуулж байх шиг байна. Шинэ Засгийн газар, бүр их санаа тавьж Эрчим хүчний яамыг бие даалган байгуулж байгаа нь үүний тод жишээ юм болов уу.

Бас нэг баримт авъя. Монголчуудын нэг онцлог нь эцэс төгсгөлгүй “үлгэр” ярьдаг. ТЭЦ-V-ыг барих явдал тулгамдсан асуудал болоод байна гэж 2004 оноос хойш арваад жил ярьсан хэрнээ одоо суурийг нь ч тавиагүй байна. Эрчим хүчний асуудал өнөөдөр хоолой дээр хутга тавьчихаад байхад 2020, 2021 оны үлгэрийг л урсгаж суугаа. 2021 он гэхэд ТЭЦ-V бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлчихсэн, Таван толгойн станц ашиглалтад орчихсон, зүүн бүсэд 200 МВт -ын хүчин чадал нэмэгдчихсэн, бид эрчим хүчээ экспортлож байх юм гэнэ. Одоогоос арван жилийн дараа ийм байж болох юм аа, үгүйсгэхгүй. Харин одоо яах юм бэ?!

Намайг цахилгаан дулаан гээд яриад эхлэхээр та нар гайхаж, зарим мэддэг нэг нь “солиорч” гэж байгаа байх. Одоогоос арван хэдэн жилийн өмнө Эрчим хүчний зохицуулах газрыг анх байгуулж, дарга буюу ерөнхий зохицуулагчаар нь Р.Ганжуурыг томилж байсныг санаж байгаа байх. Р.Ганжуур бол эрчим хүчний талаар гадаадад өндөр мэргэжил эзэмшиж ТЭЦ-III-ын жирийн ажилчнаас эрчим хүчний салбарын бүх дамжлагад ажиллаж бэлтгэгдсэн туршлагатай хүн л дээ. Ганжуур дарга  зохицуулах газрынхаа дэргэд  “Ил тод” байх зорилгоор арван хэдэн хүний бүрэлдэхүүнтэй Зөвлөх зөвлөл байгуулсан юм. Энд бүх ТЭЦ, шугам сүлжээний газрын дарга нараас гадна хэрэглэгчдийн төлөөлөгч гурван хүн оруулсан. Нэг том үйлдвэрийн дарга, Цахилгаан тээвэр компанийн захирал, намайг иргэдийн төлөөлөгч гэж оруулж билээ. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, арга хэмжээ авах, үнэ тарифийн өсөлт бууралт, бүх асуудалд Зөвлөх зөвлөлөө хуралдуулж үгийг нь сонсдог, бас гаргах шийдвэрээ зарим талаар тусгадаг ардчиллын чухал хэлбэр юм даа. Энд арван хэдэн жил “хэрэлдэх”-дээ цахилгаан дулааны талаар ухаантнуудын үг чихэнд наалдаж бас энэ салбарын талаар санал хэлэх, бичих эрхтэй болсон гэж бодож явдаг юм. Тэгээд одоо юу хийх вэ гэдэг дээр хэдэн санал хэлмээр байна. Юуны өмнө ТЭЦ-V-ыгаа яаравчлая. Арваад жил ярилаа. Хоёр гурван ч тендер зарлалаа. Хамгийн сүүлчийн тендерт шалгарсан багийг би онож дээ гэж бодож байгаа. Засгийн газар, хөрөнгө оруулагчдын хооронд 5-6 гэрээ байгуулж үзэглэдэг гэх. Түүнийг яаравчилж, шангаа татаж эхэлмээр байна. “Бухын доодох харж үнэг турж үхнэ” гэгчээр 2020 оны бүрэн хүч чадлаас нь наана 450 МВт -ын хүчин чадалтай нэгдүгээр ээлжийг нь яаравчлахгүй бол, хот харанхуй болохыг байг гэх газаргүй.

Өнөөгийн эрчим хүчний салбарт ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн 70 гаруй хувь нь хуучирч ашиглалтын шаардлагыг бүрэн хангахгүйгээс гадна засварын зардлыг өсгөж, салбарын тогтвортой, найдвартай, аюулгүй ажиллагааг алдагдуулан эдийн засгийн чадавхийг бууруулж байна. Иймээс хөрөнгө хүч хайрлалгүйгээр тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн солих ажлыг үе шаттайгаар хиймээр байна. Сэргээгдэх эрчим хүч ялангуяа нар, салхины эрчим хүчээ ашиглах, өнөөдөр санаачлага гаргаж байгаа аж ахуйн нэгж, компаниудаа бүх талаар нь дэмжье гэсэн бодолтой байна.

Өвөл хаалга тогшиж байна. Өнөө өвөл монголд дөч тавин хэм хүрч хүйтэрнэ.

Дэлхий царцаж ч магадгүй гэсэн  дам яриа чих дэлсэх боллоо. Саяхан эрчим хүчний лухгарууд цуглаад сайд дарга нарынхаа өмнө өчиг өгч байна. Арваадхан хоногийн нүүрсний нөөцтэй “өвөлд бэлэн” гээд л ханхалзацгааж байна.Станцууд бараг бүгдээрээ нүүрсний уурхайнуудад өртэй бололтой юм. Нүүрс татдаг төмөр зам маань юу болж байгаа юм?!

Оросууд хэрэгцээ багатайхан баахан вагон шахчихсан. Эвдэрсэн зогссон гэсэн сурагтай байна. Юу л болдог бол?!

-Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг найдваржуулах, кабель шугамуудыг шинэчлэх, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн дэд бүтцийг байгуулах үүднээс 100 кв-ын хоёр дахь тойрог шугам, дэд станцууд түгээх сүлжээ барих ажлыг хойшлуулж болмооргүй санагдлаа.

Эрхэм дээдэс минь, нийслэл хотын цахилгаан дулаан хангамжийн жинхэнэ нүүр царай ийм байхад дээр дооргүй “диваажингийн амьдрал” яриад сууж болмооргүй байна. Тожоо жолоочийн нэг үг бий дээ. “Алтайн нуруу дүнхийж цайгаад ирэхийн үед, ахын чинь хэлсэн үг орой руу чинь орноо” гэж?!

МУСГЗ, сэтгүүлч
 Галсангийн Жамъян

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж