МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг сонгох тухай асуудлыг хэлэлцэн, долоон гишүүнийг шинээр томиллоо. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам УИХ-ын гишүүдийн 93.3, Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоо 98.3-ийн санал тус бүр авч Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдлоо.

Харин Засгийн газраас санал болгосны дагуу “Ирээдүйгээ аврах” хөдөлгөөний тэргүүн А.Арман гишүүдийн 93.5 хувийн саналаар, Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат 90 хувийн санал авч дээрх албанд томилогдлоо. 

УИХ-аас санал болгосны дагуу Д.Гоошоохүү гишүүдийн 83.6 хувиар, С.Мягмар 96.6 хувь, Л.Пүрэвдорж 93.3 -ын саналыг тус бүр авч Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдлоо.

Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нийт найман хүнийг зургаан жилийн хугацаатай томилох байсан ч Монгол, Германы Гүүр төрийн бус байгууллагын ерөнхийлөгч Ц.Батмөнх гишүүдийн 47.5 хувийн санал авснаар дэмжлэг хүлээж чадалгүй уналаа. Тиймээс түүний оронд УИХ-аас дахин өөр хүнийг санал болгох ёстой болж байна.

УИХ-ын чуулганаар эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийн өмнө гишүүд Олон нийтийн телевиз нь олон нийтийн эрх ашгийг хамгаалсан нийтлэл нэвтрүүлгийг цацах эрх үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг ширүүхэн өрнүүллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл улстөрийн намуудад шилжлээ. Шинээр томилогдох Үндэсний зөвлөлийн гишүүд дунд Д.Сосорбарам, Б.Цэнддоо нар шиг нүдээ олсон олон нийтийн эрх ашгийг хангаж ажиллаж чадах хүн байгаа ч тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг олон нийтийг төлөөлөх нь байтугай олон нийтийн дунд өөрийгөө зөв авч явдаггүй хүмүүс ч байна. Тэр дундаа авлигалын зөрчилтэй хүмүүс байна. Засгийн газрын гишүүд ээ. Олон нийтийг төлөөлнө гэдэг Засгийн газрын төлөөлөл биш шүү. Тиймээс Засгийн газар санал болгосон хүмүүсээ анхаарах ёстой хэмээж” байлаа. Түүнчлэн Үндэсний Олон нийтийн радио телевиз нь 200-300 хүнтэй атлаа 20-30 хүнтэй телевизээс долоон дор нийтлэл нэвтрүүлэг цацдаг. Төсвөөс жил тутамд тэрбум тэрбумаар нь татаас авдаг хэрнээ олон нийтийн эрх ашгийг хамгаалж чаддаггүй, дарга нар дуудах тоолонд очиж эрх ашгийг нь хамгаалдаг. Тийм учраас Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдээр томилогдох хүмүүс нь энэ чиглэлд реформ хийх шаардлагатай. Олон нийтийн эрх хаана зөрчигдөж байна, тэдний эрхийг хангахын төлөө ажиллах ёстой гэж санууллаа.

Мөн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн нь аль нэг улстөрийн хүчнийг дагаж далдагнасан байдлаар ажиллахгүй байх ёстой. Шударга ёсыг хангаж ажиллах нь чухал. Аль нэг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүний захиалгаар ажиллах нь нийгэмд шударга ёсыг тогтооход нийцэхгүй байгаа  шүү” хэмээлээ.

Харин УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Төрийн алба улстөржиж болохгүй, бас захиалгат сэтгүүл зүйд ноёлуулж болохгүй. Аль болох олон нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах ёстой. Тэр тусмаа татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулж байгаа телевиз хэрхэн ажиллах вэ гэдэг талаар бодлого боловсруулах ёстой. Цаашдаа шинжлэх ухааны нэвтрүүлгийг сайжруулахад анхаарах, хоёрдугаарт иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлага байна” гэж захисан юм. Одоо чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаад байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 14.30 цагт хуралдана. Түүний дараа эргэж чуулганы нэгдсэн хуралдаан зарлагдана, хаалтаа хийх юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж