“Бангарра” театр Монголд

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

“Бангарра” театр Монголд

Австралийн уугуул иргэд Аборигенчуудын уламжлал, соёлыг уран бүтээлдээ тусгасан орчин үеийн “Бангарра” бүжгийн театрынхан Монголд есөн хоногийн аялан тоглолт хийх гэнэ. Уран сайхны удирдаач Стевен Пэйжээр удирдуулсан контемпорари бүжгийн театрынхан энэ сарын 22, 23-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрт Монголын үзэгчдэд зориулан “Spirit” тоглолтоо толилуулах аж.
 
Монголын Урлагийн зөвлөлийн 10 жилийн ой, Монгол-Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан тоглолтыг Урлагийн зөвлөл, “Рио Тинто” групп хамтран зохион байгуулах юм байна. 1989 онд байгуулагдсан тус театр жилд 100 гаруй уран бүтээл туурвиж, гадаад, дотоодод айлчлан тоглодог гэнэ. АНУ, Франц, Их Британи, Монако, ХБНГУ, Швейцарь, Канад, Япон, БНСУ, БНХАУ зэрэг оронд аялан тоглосон театрынхан 2000 онд болсон Сиднейн олимпийн нээлтийн ёслолд оролцжээ. “Бангарра” гэдэг нь Австралийн уугуул Вираджуру хүмүүсийн хэлээр “гал олох” гэсэн утгатай үг аж. Театрынхан ийм утгатай үг сонгож авсан нь санамсаргүй зүйл биш бөгөөд галыг дээдлэн шүтдэг ард түмний уламжлал, соёлыг уран бүтээлээрээ илэрхийлэх зорилготой юм байна. Сиднейн модерн театрынхан мөн говийн аймагт зочилж, нутгийн зон олонтой уулзан, тал нутгийн нүүдэлчдийн соёл, зан уламжлалтай танилцахаар төлөвлөж байгаа гэнэ. 23 жилийн түүхтэй тус театрынханы хувьд төв Ази дахь энэ удаагийн аялан тоглолт нь урьд хожид байгаагүй соёлын том арга хэмжээ болох аж. Тус театрынхан бүжиг дэглээч Фрэнсис Рингийн удирдлагаар Австрали даяар 110 тоглолт хийх төлөвлөгөөтэй гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж