Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нийгмийн эмзэг бүлгийн хүн амд тохирсон халамжийн үйлчилгээг өргөтгөх, чанаржуулах зорилтын хүрээнд эмзэг бүлгийн 50 өрхийг орон гэртэй болгожээ. Сумдын ЗДТГ, багуудаар дамжуулан гэр нэн тэргүүнд хэрэгтэй байгаа 50 өрхийн судалгааг гаргуулсан байна. Уг судалгааны дагуу Дархан сумаас 40 өрх, Шарын гол сумаас 5 өрх, Хонгор сумаас 3 өрх, Орхон сумаас 2 өрхийг сонгожээ. Сонгогдсон өрхүүд өчигдөр гэрээ хүлээн авчээ. Гэр гардуулах ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Гүнчин, Засаг даргын орлогч Д.Батсүх, Дархан сумын Засаг Дарга Ч.Цэндсүрэн болон Дархан , Орхон, Шарын гол сумдын багийн засаг дарга нар оролцжээ. Энэ арга хэмжээ бол аймаг орон нутгийн төр захиргааны байгуулагаас айл өрх, иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэж, тэдний амьдралын чанарт ахиц гаргахаар зорьсон бүтээлч ажлын биелэлт юм гэдгийг гэр гардуулах ажиллагааны нээлтийн үеэр тус аймгийн засаг дарга онцолжээ.
Э.САР