Хөдөлгөөнт нөхцөлд холбооны цогц үйлчилгээг авч болно

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнт нөхцөлд холбооны цогц үйлчилгээг авч болно

Аль ч байршлаас хөдөлгөөнт нөхцөлд мэдээлэл холбооны цогц үйлчилгээг авч болно



Орбитнэт ХХК-ийн Техник, технологи хариуцсан захирал П.Сүхбаатартай тус компаний шинээр нэвтрүүлсэн хөдөлгөөнт сансрын холбооны үйлчилгээний талаар ярилцлаа.


-Юуны өмнө та Орбитнэт компаний талаар товч танилцуулна уу?

-Манай компани нь төрийн байгууллагууд болон уул уурхай, гадаад болон дотоодын банкууд, аялал жуулчлалын компаниудад хиймэл дагуулын Ku зурвасаар өндөр хурдны холбоо, интернет, утсан холбоо, өгөгдөл дамжуулах зэрэг харилцаа холбооны бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйлчилгээгээ хүргэсэн 8 жилийн хугацаанд гадаадын мэргэжилтнүүдтэй байнга хамтран ажиллаж, инженер техникийн ажилтнуудаа мэргэжлийн өндөр түвшинд сургаж чадсан. Өнөөдөр Орбитнэт компани нь салбартаа тэргүүлэгч томоохон компани болтлоо өргөжсөн байна. Үүний нэг илэрхийлэл нь 2012 онд манай инженерүүд монголд анх удаа хөдөлгөөнт сансрын холбооны үйлчилгээг нэвтрүүлсэн явдал юм.

– Шинээр нэвтрүүлээд байгаа хөдөлгөөнт сансрын холбооны үйлчилгээнийхээ талаар та товч танилцуулна уу?

Өргөн уудам газар нутагтай, дэд бүтэц сайн хөгжөөгүй манай орны хувьд хүссэн газраасаа мэдээлэл холбооны үйлчилгээг авах шаардлага тулгардаг. Бизнесийн ашиг орлого мэдээллийн үнэ цэнээр тодорхойлогдох болсон одоо үед байршлаас хамааралгүйгээр өндөр хурдаар мэдээлэл солилцох боломжийг хөдөлгөөнт сансрын холбооны үйлчилгээ олгох юм. Дурын автомашиныг сансрын холбоо болон үүрэн холбооны төхөөрөмжүүдээр тоноглосноор Монгол орны алс хязгаар, харилцаа холбоо хүрээгүй байгаа аль ч байршлаас хөдөлгөөнт нөхцөлд суурин байгаа мэт мэдээлэл холбооны цогц үйлчилгээг авч болно. Манай компани одоогийн байдлаар Ланд Круйзер-80 маркийн автомашиныг сансрын холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр тэргүүлэгч C-Com, iDirect, Telesat, NJR зэрэг компаниудын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглоод байна. Энэхүү автомашинд суурилагдсан бүхий л тоног төхөөрөмжүүдийг мэргэжлийн инженерийн оролцоогүйгээр хэрэглэгч өөрөө бие даан угсарч, хураах боломжтойгоороо давуу талтай. Уг системийг хиймэл дагуулын сүлжээний чиглэлээр 8 жил ажиллаж мэргэшсэн, CCNA, CCNP, iDirect IOM, iDirect QOS, Comtech сертификаттай туршлагатай инженер-техникийн ажилтнууд бүтээсэн учраас ажиллагааны хувьд хамгийн найдвартай байж чадна.

-Хөдөлгөөнт сансрын холбооны тусламжтайгаар ямар төрлийн үйлчилгээнүүдийг авах боломжтой вэ?

– Энэхүү системийг аль ч салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүд харилцаа холбооны хэрэгцээгээ цогц байдлаар шийдэх зорилгоор ашиглаж болно. Жишээлбэл: Геологи, хайгуулын компаниуд энэхүү үйлчилгээг ашигласнаар монгол орны аль ч өнцөг булангаас хөдөлгөөнт байдлаар 4mb хүртэл хурдаар интернэт ашиглах боломжтой. Хэвлэл, мэдээллийн байгууллагуудын хувьд зөөврийн хиймэл дагуулын системд суурилан телевиз болон радиогийн шууд нэвтрүүлэг, тэмдэглэлт ойн ажиллагаа, цагдаагийн шуурхай ажиллагааг шууд дамжуулах боломжтой. Түүнчлэн богино хугацаанд, хялбараар байгууллагын VPN сүлжээг хөдөлгөөнт байдлаар үүсгэснээр бизнесийн байгууллагуудын хувьд чухал хэрэгцээт мэдээ мэдээллийг цаг алдалгүй солилцох, банкны хувьд банкны үйл ажиллагааг нууцлалын өндөр түвшинд, явуулын байдлаар хийх нөхцөлийг бүрдүүлнэ. Өндөр давтамжийн радио холбооны систем 3км-9км зайд ашиглагддаг бол явуулын сансрын интернэт ашигласнаар энэхүү системийг алсын зайнаас бүрэн хянах, удирдах бололцоотой болно. Энэ утгаараа энэхүү систем нь уул уурхайн тэсэлгээ болон цэргийн технологид нэн тохиромжтой. Гар утасны сүлжээ ороогүй алслагдмал сум болон байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газруудад хөдөлгөөнт сансрын холбооны үйлчилгээг ашиглан 20км радиуст, 60 хэрэглэгчийн үүрэн холбооны сүлжээг оруулах боломжтой. Энэ мэтчилэн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн IP технологид суурилсан төрөл бүрийн шийдлүүдийг нийлүүлэх боломжтой.

– Ярилцлага өгсөн танд баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж