Уг арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Д.Бат-эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Я.Чойжамц, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүний ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Афганистан улс дахь АНУ-ын тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх тус цэргийн багийг Зэвсэгт хүчний 25 анги, байгууллагын 130 гаруй алба хаагчид бүрдүүлж байгаагийн 50 орчим хувь нь өмнө нь энхийг дэмжих болон бусад олон улсын хүмүүнлэгийн ажиллагаануудад үүрэг гүйцэтгэсэн туршлагатай цэргийн алба хаагчид байна. Түүнчлэн ажиллагааны өмнөх сургалтын үеэрээ Монгол Улсын төдийгүй бүс нутгийн орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж байгаа “KHAAN QUEST” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд тус цэргийн багийн бие бүрэлдэхүүн бүрэн хамрагдан оролцсон нь бэлтгэл сургуулилтыг цагийн байдалд ойртуулсан нөхцөлд чанартай хийх үндсэн нөхцөл болж чадсан юм. Афганистан улсад үүрэг гүйцэтгэх Афганистан дахь “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Цэргийн хамгаалалтын ротын VII ээлжийн цэргийн багийн захирагчаар дэд хурандаа Т.Буянбат үүрэг гүйцэтгэх юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээр 10 жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 3 тивийн 13 оронд 6150 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд яг одоо дэлхийн халуун цэг болох Афганистан, Судан, Өмнөд Судан, улсуудад 1300 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэн Даян дэлхийн энх тайван аюулгүй байдлын төлөөх танграгтаа үнэнчээр нэр төртэй биелүүлж байна.