Өдөрлөгийн үеэр албан байгууллагын нэгдсэн жагсаал, АХА тэмцээн, урлагийн тоглолтууд болж сурагчдын дунд явуулсан эссэ бичлэгийн уралдааны дүнг гаргалаа. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх “Архигүй Монгол” сүлжээний соён гэгээрүүлэх хэлтсийн лектор А.Батсайхан иргэдэд Архины хор нөнөөлийн тухай сэдвээр лекц уншлаа.
Эссэ бичлэгийн уралдаанд Сайнцагаан сумын сургуулиудаас шалгарсан Т.Номин, Монгол хатан, Мядагмаа нар эхний байранд орж зохион байгуулагч байгууллагын шагнал хүртэв. АХА тэмцээнд Эрдэнэдалай сумын Цагдаагийн тасгийн дарга Т.Роозон тэргүүлсэн юм. Албан газрын албан хаагчдын сүрт жагсаал Мандалговь хотын төв гудамжаар явж “Архигүй ирээдүйн төлөө хамтдаа” гэсэн уриа цуурайтуулж байлаа. Жагсаалыг хувцасны жигдрэлт, уриа лоозонгийн агуулга, ур чадвар, хамт олны хамралтыг харгалзан оноогоор байр эзлүүлэхэд Нэгдсэн эмнэлэг, Цэргийн анги, Эрүүл мэндийн газар, “Говийн ирээдүй” цогцолбор сургууль шалгарч шагнагдлаа. “Архигүй ирээдүйн төлөө” уриан дор идэвхитэй ажиллаж байгаа Эрдэнэдалай сумыг 10А клуб, Дэлгэрхангай сумын “Дэвшил” клуб, Өлзийт сумын Төмөртогтох даргатай Эрэгтэйчүүдийн холбоо зохион байгуулагчдын шагнал хүртсэн юм.
Энэ үеэр Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань хэлсэн үгэндээ:
-Манай аймаг амтат сайхан айраг, ингэний хоормогоороо улсад брэнд болсон аймаг. Тийм болохоор 2011 оны эхээр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тус аймагт ажиллах үеэр архигүй аймаг болох, төрийн байгууллагаас хийх аливаа хүлээн авалт, ёслолыг архигүй хийх амлалт авсан. Ингээд албан ёсны хүлээн авалтад урин цагт айргаа, хүйтэн сэрүүн улиралд ингэний хоормогоо архины оронд хэрэглэдэг боллоо. Түүнээ хэрэгжүүлэх явцад архи худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй өдрийн тоог нэмэгдүүлж Эрдэнэдалай, Өлзийт, Дэлгэрхангай, Баянжаргалан зэрэг олон аймагт “Архигүй ирээдүйн төлөө” клуб, хамтлаг байгуулагдаад үр бүтээлтэй ажиллаж хамрагдагсад эгнээгээ тэлсээр байна. Энэ эхлэлийг улам дэлгэрүүлнэ. Дундговьчууд архи уухаа больж айргаа тааваараа уухыг иргэддээ уриалж байна гэлээ.
Энэхүү өдөрлөгт МҮОН-ийн радиогийн дэд захирал Б.Баярсайхан, МСС-ийн эрүүл мэндийн төслийн албаны дарга Цэцгээ нар оролцов.