Спортын ордныг хувьчлахгүй

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Спортын ордныг хувьчлахгүй

Спортын ордныг дуудлагаар худалдах захирамжийг Засгийн газраар шийдүүлэхээр хөдөлж эхлээд байсан Ерөнхий сайд энэ асуудлыг түр хойш тавихаар болжээ.

Спортынхон тэр аяараа гайхаж цочирдон хүлээж авсан захирамжтайгаа холбоотойгоор, өөрөөр хэлбэл Спортын ордныг хувьчлах нь зөв үү, буруу юу гэдэг асуудлаар Ерөнхий сайд өчигдөр спортын эрдэмтэн, судлаач, тамирчдын төлөөлөлтэй ярилцаж, санал солилцсон байна.

“Спортын ордныг дуудлага худалдаанд оруулах Засгийн газрын шийдвэр гараагүй, судалгаа хийж байгаа. Дуудлага худалдаагаар зарсан нөхцөлд худалдаагаар орж ирсэн хөрөнгийг Спортын шинэ ордон барих хүртлэх хугацаанд тамирчдын бэлтгэлд зарцуулах, мөн шинэ барилгад одоо байгаа талбайн хэмжээний зай талбай гаргана гэсэн нөхцөл тавих учиртай гэдгийг төлөвлөсөн. Ийм төлөвлөгөөтэйгээр судалж байна. Тиймээс та бүхэнтэй уулзаж санал бодлыг чинь сонсох гэсэн юм гэж Засгийн газрын тэргүүн тэмдэглээд Шинэчлэлийн Засгийн газар аливаа шийдвэрийг гаргахдаа холбогдох бүхий л хүмүүстэй ярилцана, дангаараа, нууцлагдмал байдлаар шийдвэр гаргахгүй” гэсэн тайлбарыг Ерөнхий сайд өгчээ.

Харин спортынхон бодит байдлыг буюу Спортын төв ордны барилгыг шинэчилж, сэргээш болохоос биш худалдаж, хувьчилж болохгүйг Ерөнхий сайдад “зөвлөсөн” байна. 

“Спортын төв ордон бол хотын төвд байрлах дасгал сургуулилалтын ганц байгууламж. Буянт-Ухаад баригдсан 5000 хүний суудалтай ордон бол зөвхөн уралдаан тэмцээн зохион байгуулах зориулалттай, тамирчдын бэлтгэл сургуулилалт хийх заал, танхим байхгүй. Олимпод бэлтгэх тамирчид жилд 1500 цагийн бэлтгэл хийх учиртай байдаг. Тамирчдын бэлтгэл тасарна” гэдгийг спортынхон онцлоод, Засгийн газраас саяхан шийдвэр нь гарсан Спортын бэлтгэлийн төвийг байгуулагдтал энэ асуудлыг хойшлуулахыг хүссэн тухай албан мэдээлэл байна. Ингээд эцэстээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг Спортын төв ордны асуудлыг хэсэг хугацаанд хэвээр үлдээхээр болж, спортынхон ордноо эхний удаа авч үлдэж чаджээ.

1958 онд ашиглалтад орсон Спортын төв ордны барилгыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтаар цаашид энэ чигээр нь ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт хоёр ч удаа гарсан байдаг аж. Спортын ордныг нурааж, газар дээр нь дахин шинэ ордон сүндэрлүүлж болох ч хотын төвд байгаа спортын зүрх болсон ганц ордноо хувьчлуулахгүйн төлөө спортынхон нэгдэж байна.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж