Төлөвлөгөөний дагуу энэ саналыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар авч хэлэлцсэн ба хожим түүнийг батлахаар болжээ. Одооноос эхлэн сэргээгдэх эрчим хүч тэргүүлэх үүрэгтэй болж байна. Фүкүшимагийн осол гарахаас өмнө Япон цахилгааныхаа хэрэглээний 30 хувийг АЦС-аас авдаг байсан бөгөөд түүнийг 50 хувьд хүргэхээр төлөвлөсөн байлаа. Гэвч 2011 оны гуравдугаар сарын 11-ний атомын сүйрэл япончуудын цөмийн эрчим хүчинд хандах хандлагыг эрс өөрчлөв. Одоо тэдний ихэнх нь АЦС-аас татгалзахыг дэмжиж байна. Шинэ төлөвлөгөөний дагуу 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүч Японы хэрэглээний 30 хувийг хангасан байх юм.
Цөмийн эрчим хүчнээс Японоос өмнө Герман, Итали ба Швейцари татгалзсан байлаа. Герман сүүлчийн цөмийн тогоог 2022 онд сүлжээнээс таслах юм хэмээн AFP агентлаг сануулж байна.
Японы шийдвэрээс Орос л хожих байх. Японы эрчим хүчний шинэ бодлогод байгалийн хий чухал болж байна. Нэг үгээр Японд АЦС-уудыг хааж байгаа нь Алс Дорнодыг ээлж дараалалтайгаар эзэмших хэрэгт нь Оросыг түлхэж магадгүй. Одоо ихээр яригдах болсон Алс Дорнодын дэд бүтцийн хөгжлийг эрчимтэй болгох бололтой. Үүний зэрэгцээ шийдвэр гарсан өдөр Оросын атомын аж үйлдвэрт “хар өдөр” болсон гэж болно. Японы үлгэр бусдад халдвартай болох нь дамжиггүй. Одоо дэлхийн ардчилсан орнуудад шинэ АЦС барих асуудал улам бүр ээдрээтэй болж байна. Харин дарангуйлагч дэглэмтэй Иран мэтийн орнуудад АЦС улам бүр идэвхтэйгээр баригдах болно. Гэхдээ тэр нь өөр сэдэв билээ.