Москвагийн “Саятнуудын марш”: Либералууд, зүүнтнүүд хөл нийлүүлэн алхана
Москва хотноо “Саятнуудын марш-3” эсэргүүцлийн жагсаал боллоо. Цуглааны индрээс анх удаагаа нийгэм эдийн засгийн тодорхой шаардлага сонсогдов. Идэвхтнүүд сөрөг хүчний баруун ба зүүн жигүүр өөрсдийн төлөвлөгөөг зохицуулж чадсанаа хэлжээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблей 2007 онд есдүгээр сарын 15-ний өдрийг Олон улсын ардчиллын өдөр болгон зарлаж байхдаа үүнээс таван жилийн дараа олон мянган хүмүүс Москвагийн гудамжинд гаран эрх чөлөөг шаардана гэж төсөөлөөгүй биз. Зуун мянгаад хүн Москвагийн гудамж, Сахаровын өргөн чөлөөгөөр цуглан жагсав. Сөрөг хүчнийхэн энэ тоог хэлсэн бол цагдаагийн газраас “14 мянган хүн жагссан” гэж мэдээлэв. Хууль хяналтынхан жагсагчдын тоог дарж хэлдэгт хүмүүс дасчээ. Оросын нийслэлд гурав дахь удаагаа болж байгаа “Саятнуудын марш” жагсаалын гол үр дүн нь сөрөг хүчний баруун ба зүүн жигүүрийн хамтарсан тогтоол болов. Улс төрөөс гадна тэнд анх удаагаа нийгэм, эдийн засгийн шаардлага тавилаа. Дараагийн удаа сөрөг хүчин Москвад аравдугаар сарын 20-нд цугларахаар болжээ.
Сөрөг хүчний идэхтнүүдийн гол онгодыг оруулсан хүн нь өмнөх жагсаалуудын адил Оросын ерөнхийлөгч Владимир Путин болсон гэдэгт эргэлзэх зүйлгүй. Түүний үйлдэл, хөдөлгөөан эсвэл болгоомжгүй хэлсэн үг нь жагсагчдын барих хуудас бүрт буудаг уламжлалтай болоод байна. Есдүгээр сарын15-ны цуглаан дээр Оросын ерөнхийлөгч Владивостокын АРЕС-ийн саммитад очих замдаа түүний хошуучилсан “тогорууны цувааны” сэдэв голчлон олзлогджээ. ”Кремльд тоншуул байснаас, тэнгэрт нисэх тогоруу байсан нь дээр” гэсэн уриа цуглаан дээр хамгийн зөөлөн нь болов. Цугларсан олны ихээхэн хүлээж байсан блогчин Алексей Навальныйн үгэнд тогорууны сэдвийг бас хөнджээ. “Хулгайлагдсан тэрбумуудаас бидний анхаарлыг сарниулахын тулд Путин тогоруу болон хувцаслаж байна” гэж тэр өөрийн дуртай сэдвээ ярив.
Сөрөг хүчнийхний анхаарлыг татсан бас нэг үйл явдал нь өнгөрсөн баасан гаригт Төрийн думаас хөөгдсөн депутат Геннадий Гудковын хэрэг боллоо. Тэр цуглааны гол баатраар тодров. Цугларсан олон түүнийг хөөрөн хүлээн авч үг хэлсэн бүр нь дэмжлэг авч байлаа. Мөн олон хүн парламент өөрийн чадвараа алдсан гээд дахин сонгууль явуулахын чухлыг хэлж байв.
Тэнд хэлэгдсэн үгэнд шударга бусаар хоёр жилийн ял авсан Pussy Riot хамтлагийн дуучин бүсгүйчүүдийг ч багтаалаа. Тэднийг дэмжсэн олон зурагт хуудсууд энд тэндгүй харагдаж байв. Мөн тавдугаар сарын цуглаанаар үймээн дэгдээсэн гэх хэрэгт буруутгагдаад хоригдож буй хүмүүсийг бас дэмжсэн багагүй уриа, уриалга сонсогдож байлаа.
Цуглаанаас гаргасан тогтоолын тал хувь нь нийгэм, эдийн засгийн шаардлага байв. Эхний баримтыг индэрээс Борис Немцов уншаад, тунхагт анх удаагаа зүүнтнүүд болон либералуудын шаардлага нийлснийг тэмдэглэв. Хөтөлбөрийн улс төрийн хэсэгт улс төрийн хоригдлуудыг нэн даруй суллах, Төрийн дум болон ерөнхийлөгчийн сонгуулийг дахин ил тодоор шударга явуулахад чиглэгдсэн улс төрийн шинэчлэлийг шаарджээ. Нийгэм, эдийн засгийн хэсэгт нь орон сууц, нийтийн аж ахуйн үнэ тарифийг олон нийтийн шалгалтаар үндэслэлийг нь гаргах хүртэл барьж байх, боловсрол, эрүүл мэндийн болон тэтгэврийн системийн уналтыг зогсоох, хэлмэгдүүлэх аппарат ба албан тушаалтнуудын тоог цөөлөх замаар гаргасан хэмнэлтийг дээрх салбаруудад зарцуулах, ажил хаях эрхийг сэргээх, бие даасан үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаатай болох зэрэг шаардлагууд орсон байна. Тогтоолын заалт бүрийг цугларсан олон дэмжсэн ба харин ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах тал дээр хүмүүс шүгэлджээ. Цугларсан олны дотор хайхрамжгүй, сонирхолгүй хүмүүс нэг их байсангүй, тэр нь ирээдүйн бидний амжилт гэж сөрөг хүчнийхэн ярьж байна.
Алексей Навальный хэлснээр, эрх чөлөөний төлөөх тэмцэлд хүн бүрийн “хувийн уур хилэн” хэрэгтэй аж. Цуглаан бүрийг өөрийн гэр бүлийн төлөө хийж буй ердийн ажил шигээ хүлээн авч оролцож байхыг тэр уриалжээ. Улс орон эрх баригчид, жагсаал цуглаан хийгчид мөн “попкорн нөөцөлж аваад болж буй хэрэг явдлыг ажиглан чимээгүй суудаг олонх” гэсэн гурван хүчин байна гэж зохиолч Дмитрий Быков хэлээд чимээгүй олонхид хандан байр сууриа тодорхойлохыг уриалжээ.
Цуглааны зөвшөөрөл 22 цаг хүртэл байсан ч цагийн дараа хүмүүс метроны зүг цуварч эхэлсэн байна. Удальцов хэсэг хүмүүсийн хамт 22 цаг хүргээд дараа нь “Зүүний фронтын” лидер саатуулагдсан байв. Цагдаа түүнийг зөвшөөрөлгүй жагсаал хийх гэсэн хэмээн буруутгажээ. Мөн энэ өдөр Санкт-Петербургт иймэрхүү эсэргүүцлийн жагсаал болсон байна.