АНУ Элчин сайдын яамны ажилтнуудаа нүүлгэж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

АНУ Элчин сайдын яамны ажилтнуудаа нүүлгэж байна


Тунис, Суданаас элчингийн ажилтнуудыг нүүлгэж, шаардлагатай цөөн тооны хүмүүсийг үлдээх шийдвэрийг АНУ гаргалаа. Германы Дотоод хэргийн яам их зөнч Мохаммедийн тухай киног Берлинд үзүүлэхийг зогсоохоор ажиллаж байна.

Исламын орнуудад барууны дипломат төлөөлөгчийн газруудад халдах давалгааны улмаас АНУ Тунис, Суданаас өөрийн Элчин сайдын яамны бараг бүх ажилтнууд ба тэдний гэр бүлийнхнийг нүүлгэж байна. Дипломат төлөөлөгчдийн газруудын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх тооны хүмүүсийг тэнд үлдээжээ. АНУ-ын Төрийн департамент өөрийн иргэдэд хандан Тунист очихоос сэрэмжлүүлж, Суданы байдал эрсдэлтэйг сануулжээ.

The New York Times сонинд өгүүлснээр, ерөнхийлөгч Барак Обама байдал удалгүй тогтворжино гэж үзэхгүй байгаа аж. Их зөнч Мохаммедын тухай дуулиантай киноноос болсон хүчирхийллийн давалгаа нь дипломатын болон улс төрийн урьдчилан хэлэх аргагүй урт хугацааны үр дагаврыг авчирч магадгүй хэмээн эх сурвалжууд мэдээлсэн байв.

Дипломатуудын аюулгүй байдлыг хангахыг шаардлаа
 

Хартум хотноо лалын хэт даврагчдын довтолгоонд өртөн шатаагдсан Германы Элчин сайдын яамны аюулгүй байдлыг хангахыг Гадаад хэргийн сайд Гидо Вестервелле (Guido Westerwelle) Суданы эрх баригчдаас эрс хатуугаар шаардав. “Цаг алдалгүй тусламж хүсэн уриалж байхад манай Элчин сайдын яамыг зохих хэмжээгээр хамгаалж чадаагүй нь хүлээн авах аргагүй хэрэг гэж бид үзнэ. Манай Элчин сайдын яам ба иргэдийн аюулгүй байдлыг  хангах бүрэн баталгааг бид Суданаас хүлээж байна” хэмээн сайд мэдэгдлээ. Ням гаригт  Хартумд Германы Элчингийн дэргэд дахин нэг эсэргүүцлийн жагсаал болсон байна. Германы цагдаагийн үйлдвэрчний эвлэл (GdP) араб болон африкийн орнуудад элчин сайдын яамдын аюулгүй байдлыг хангах өнөөгийн системийг шүүмжлэв. “Холбооны цагдаагийн албанд өнөөдөр дипломат байгууламжуудыг олон нийтийн эсэргүүцэл ба хүчирхийллийн довтолгооноос хамгаалах боломгүй байна” гэж GdP-ийн тэргүүн  Бернхард Виттхаут (Bernhard Witthaut) хэлжээ. Тэрээр эрсдлийн шинэ судалгааг хийх хэрэгтэйг ГХЯ-нд уриалав.

Дотоод хэргийн яам киног гаргуулахгүй

Германы Дотоод хэргийн сайд Ханс-Петер Фридрих (Hans-Peter Friedrich) мэдэгдэхдээ дуулиан тарьсан киног Берлинд үзүүлэхгүйн тулд шийдвэртэй арга хэмжээ авна гэж мэдэгдэв. Өмнө нь барууны популист Pro Deutschland нам киног нийтэд үзүүлнэ, Германд үзэл бодлоо илэрхийлэх эрх, урлаг чөлөөтэй байх ёстой гэсэн тайлбар хийсэн байлаа. Сайд иймэрхүү өдөөн хатгалгатай хуулийн бүхий л арга хэмжээг ашиглан тэмцэнэ гэв.
     


Талибаны өшөө авалт

Британийн Кэмп-Бастион ба Америкийн Кэмп-Лезернек хоёрыг нэгтгэсэн НАТО-гийн цогцолборт довтолсон америк цэргийн дүрэмт хувцастай 15 лалын дайчид Британийн AV-8B Harrier зургаан сөнөөгч онгоцыг устгасан ба өөр хоёр онгоцыг гэмтээн, шатахуун цэнэглэгч зургаан цогцолборыг жагсаалаас гаргажээ.

Тулалдаанаар  талибын 14 дайчныг устгаж, нэгийг нь шархдуулан олзолжээ. Америкийн тэнгисийн явган цэргийн хоёр албан хаагч алагдаж, найм нь шархадсан байна. Довтолгооныг лалын эсрэг киноны хариу өшөө авалт гэж талибууд мэдээлсэн байна.

Лалын эсрэг киног порно киноны найруулагч зохиожээ

Лалын эсрэг дуулиан тарьсан киноны зохиогч нь эротик киноны найруулагч 65 настай Алан Робертс (жинхэнэ нэр нь Роберт Браунелл) гэдэг хүн гэж Gawker портал өөрийн эх сурвалжаас мэдээлжээ. Өмнө нь киног найруулсан гэж Сэм Бэйсилыг (жинхэнэ нэр нь Накула Бэссли Накула) нэрлэж байсан нь уг киноны продюсер болж таарав.

Робертстой портал холбогдож чадаагүй ч түүний ажил хэргийн түнш нь киног тэр хийсэн гэж хэлсэн байв. Киноны улмаас хүчирхийлэл гарсан учраас тэр утсаа таслан хэнтэй ч холбогдохыг хүсээгүй ажээ. Робертсийн тухай мэдээлэл IMDb сайтад байгаа ба тэрээр дөрвөн кино хийж, гуч орчим киноны зураг авалтад оролцсон байна. Киног түүний дараа дахин зураг авалт хийн өөр жүжигчид тоглуулан дуу оруулж, нэрийг нь өөрчилсөн ажээ. Кино эхний хувилбараар “Цөлийн дайчид” нэртэй байсан гэнэ.

Продюсер Накула Бэссли Накулийн талаар мэдээлэл ихээхэн зөрөлдөөнтэй. Өмнө нь түүнийг христийн копт гэж байв. Тэр ярихдаа коптын христийн нийгэмлэгийг дэмжихээр уг киног хийсэн гэжээ. Мөн тэрээр цагдаад данстай байсан ба залилангийн хэргээр 21 сар хоригдсон байв.

Ш.МЯГМАР


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж