![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/9/3839e3a3a77e562a/b6d0e48e3a7f1c00big.jpg)
Өнөөдрийн байдлаар усан хангамжийн асуудал их хурцаар тавигдаж байгаа. Үндсэндээ нүүрсийг угааж баяжуулах үед энэ асуудал бүр ч их гарч ирэх гэнэ. Усан хангамжийн асуудлаа шийдэхэд Тавантолгойн уурхайн ойр орчмоос усны эх үүсвэрээ татах зорилготой ажиллаж байгаа ч ойрын хугацаанд Тавантолгойн орчмын “Балгасын улаан нуур”-аас усан хангамжаа авахгүй бол Тавантолгойн уурхай цаашдаа ажиллана гэдэг худлаа болно” гэж Б.Энэбиш онцлов. УИХ, Байнгын хорооны гишүүдэд хандсан анхааруулга ганц үүгээр зогсоогүй бөгөөд өөрсдийнх нь олж буй орлогыг халамжинд, үрэлгэн байдлаар зарцуулах нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буйг ч мөн сануулсан байна.
Тодруулбал, тус компани нь Хятадын төрийн өмчит Чалко компаниас урьдчилгаа төлбөр болох 250 сая ам.долларыг авч үүнийхээ дөрөвний гурвыг Хүний хөгжлийн санд төвлөрүүлжээ. Мөн 2012 онд 130 тэрбум төгрөг зээлснийхээ 80 тэрбумыг дахиад Хүний хөгжил санд оруулан иргэдэд тарааж. Уг нь урьдчилгаанд авсан төлбөрийг уул уурхайн ашиглалтанд зориулах ёстой байсан ч сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэх гэж зарцуулж байгаад дурамжхан байгаагаа илэрхийлэв. Энэ талаар Б.Энэбиш “УИХ, Засгийн газрын зүгээс биднээс асуулгүйгээр шийдвэр гаргадаг. Тэгээд гаргасан шийдвэрээ биелүүлж, мөнгө олж өг дарамталдаг. Энэ байдал нь манай компанийн санхүүд ихээхэн бэрхшээлийг учруулж байна” гэж шууд тодорхойлов. Мөн үеэр яригдсан өөр нэг мэдээлэл нь "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцааг гурван хөрөнгийн бирж дээр үнэт цаас гаргахаар ажиллаж буй бөгөөд 2012 оны нэгдүгээр сарын нэгнээс энэ ажил түр хугацаанд зогссон тухай байлаа. 2013 оны хавар хүртэл ийн харзнах шийдвэр гаргахад дэлхийн эдийн засгийн нөхцөл голлох нөлөөг үзүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засаг тогтворгүй байгаа бөгөөд нүүрсний үнэ буурч байгаа тул IPO гаргахыг хойшлуулахаас аргагүйд хүрч. Экспортод гаргах бүтээгдэхүүн нь ийнхүү үнээ алдаж буй тул МАК, Саусгобисэндс зэрэг компаниуд ч нүүрснийхээ экспортыг түр зогсоогоод байгаа. Харин Тавантолгой нь байнгын худалдан авалтын гэрээтэй тул нүүрсээ олборлосоор байгаа юм.
Тус компанийг бэрхшээлээс гаргах боломжийг энэ үеэр мөн танилцуулсан ба тэр нь Баруун Цанхийн ордыг өгөөжтэйгээр ашиглах орчныг бүрдүүлэх тухай байв. Энэ талаар Б.Энэбиш “Тавантолгойн коксжих нүүрсийн орд нь дэлхийд томоохонд тооцогддог уурхай. Олборлолтын ажиллагаа эхний шатандаа явж байна. Таван Толгойн давуу тал нь маш сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэйгөөс гадна эдийн засгийн эх үүсвэр нь хажууханд нь байна. Харин сул тал нь Тавантолгойг түшиглэсэн дэд бүтэц хөгжөөгүй учраас дэд бүтцийг яаралтай хөгжүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь зүүн цанхийн дөнгөж урд хэсэгт нь үйл ажиллагаа явуулж байна. Хэрвээ цаг алдалгүй Баруун цанхийг ашиглаж уурхайгаа нээж хөрс хуулалт хийх юм бол 2013 он гэхэд анхныхаа нүүрсийг гаргаж авах бүрэн боломжтой. Баруун цанхийг ашиглах юм бол 20 сая тонн нүүрс олборлох болно” гэв.
Ийн мэдээллэсний дараа байнгын хороодын гишүүд зарим асуудлыг тодруулж байсан ба тус компанийн өр төлбөр, Чалкотой урт хугацааны гэрээ хийх шаардлага, УИХ, Засгийн газрын зүгээс яг ямар байдлаар дарамталсан тухай, хэрэв төрөөс буруу зүйл шаардаад байсан бол яагаад өнөөдрийг хүртэл тайлбар, эсэргүүцэл гаргахгүй явсан тухай асууж байв. Тус компани нь Чалкотой 6.5 жилийн гэрээ хийсэн бөгөөд Хүний хөгжил санд мөнгө төвлөрүүлэх шахалтыг Засгийн газраас компанийн удирдлагад үзүүлжээ. Тухайн үед олж хийх ёстой байсан мөнгийг нь гаргаад өгчих чадамжтай гадаадын компани байхгүй байсан бөгөөд хятадын төрийн өмчийн оролцоотой Чалко л гаргаж өгөх боломжтой болж таарч. Ингээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь гурван хувийн хүүтэйгээр урьдчилгаа төлбөр гаргуулан, тэр мөнгө нь иргэдэд Хүний хөгжлийн дэвтрээр нь хувиарлагдан алга болсон аж.
Ийнхүү гишүүдийн зүгээс урьдчилгаа төлбөрийг хүүтэй зээл байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж харин “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн удирдлага нь улс төрийн амлалтаа хэрэгжүүлэх гэж шахалт үзүүлж буйг шүүмжилсээр байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн юм.
![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/5/8ae262b6467dc7a8/34e08d086ec59743original.jpg)