Телевизийн том ах эгч нар энэ талаар мэддэг бол ахин дахин хүүхэд айлгаад байхгүй л байх. Урлаг хийгээд технологи өндөр түвшинд хүрсэн өнөө цагт эв, хавгүй гараар зурсан зураг үзүүлээд үлгэр ярьдаг өөр телевиз энэ дэлхийд байхгүй. Харин манайд бий. МҮОНТ гэдэг нэртэй. Насаараа тэнд ажилласан хүмүүс урлаг ойлгохгүй маанаг гээд ам руу алгадаж мэдэх л юм. Гэхдээ хүүхэлдэйн киног “3d” буюу гурван хэмжээстээр хийдэг болчихсон өнөө цагийн хүүхдүүд зургийг нь илүүд үзэх үү. Бодоод үзээрэй. Гэтэл бас нэг айхтар судалгааг Олон нийтийн мэдээлэл судалгааны төв хийсэн байна. Түүгээр бол Монгол Улс нийт 2 437 560 телевиз үзэгчтэй аж. Тэдний 1 сая 265 мянга 93 үзэгч нь МҮОНТ-ийг үздэг гэсэн дүн гаргажээ.
Үзэгчид МҮОНТ-ийг 97 минут, бусад телевизийг 110 минут, гадаадын телевизийг 26 минут үздэг ба өдөрт дунджаар дөрвөн цаг орчим хугацааг телевиз үзэхэд зарцуулдаг байна. Түүнчлэн “Цагийн хүрд” хөтөлбөр, Уран сайхны кино, “1 сая 1 минут”, “Неу hey” гэсэн дөрвөн нэвтрүүлгийг бүх бүлгийн үзэгчид үздэг гэсэн дүн гарчээ. Өөрөөр хэлбэл хамгийн олон үзэгчидтэй гэсэн үг. “Цагийн хүрд”-ийн албан, дандаа л эрх баригчдад зусардсан аястай мэдээллийг тийм олон хүн үзэх дуртай эсэхийг мэдэхгүй юм. Кино үзэх гэсэн хүн олон нийтийн телевиз дээр сувгаа тааруулна гэж хувьдаа бодохгүй байна. Тааруулдаг байх даа, хуучны кино үзэх гэсэн хүмүүс.
Харин “Hey hey” нэвтрүүлгийг бол үздэг байх аа. Бусдаасаа айрай л өөр өнгө аястай, зугаацуулан, цэнгүүлэх үүргээ гүйцэтгэсэн шиг санагддаг. Өсвөр насныхан, залуус, өвөө, эмээ нар ч харж байгаа харагддаг. Үүгээр энэ телевизээс үзэх юм хязгаарлагдана. Шинэ нэвтрүүлэг гэхээр оросууд баруунаас хулгайлсныг нь манайх дахин хулгайлаад, улам дордуулж үзэгчдэд хүргэнэ. Түүнийгээ шинийг санаачилчихлаа гээд хэсэгтээ нүднэ. Радио ч ялгаагүй. Хорь, гучин жилийн өмнө ямар байсан, яг тэр хэвээрээ. Ер нь л хамгийн хоцрогдсон газар болох нь. Яах вэ, “Алтан фонд”-ны нэвтрүүлгүүдтэй бол ярихгүй. Угаас үзэгчдэд хүрчихсэн түүх. Тэгээд ч өнгөрснийг өнөөдөр хэлэлцэх нь угаасаа утгагүй. Өнөөдрийн үзэгчдэд дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхах шинэ мэдээлэл, шинэлэг бүтээл хэрэгтэй. Өөр юу ч биш.
Өнөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс хамгийн нүсэр бүтэцтэй хэрнээ… Нэг л дулимаг. Жинхэнэ уран бүтээлчид гэхээсээ илүүтэй ах, дүү, садан төрлөө ажилд авсаар байгаад цус ойртчихсон. Залуу уран бүтээлчид энэ айлын гишүүн болж, хамаатнуудтай хамтран ажиллана гэдэг хэцүү. Тиймээс ч ажилладаггүй.
Нэгэнт садангуудаас уран бүтээлийнх нь баг бүрдэж байгаа нөхцөлд тэнд уран бүтээлийн чанар, шинэ санаа, шинэлэг мэдрэмж яриад хэрэггүй. Ганц нэг чадвартай, чансаатай уран бүтээлчид бий. Гэхдээ дээрээс томилсон дарга, уран бүтээлч гэхээсээ улс төржсөн дарга нь өөрийнх нь хүнийг мууллаа гээд хэзээ ч халчихаж магадгүй гэсэн айдастай хүмүүс өдөр хоногийг өөртөө амраар аргацаасан нь дээр. Энэ шалтгаанаар эцэстээ тэвчихээ байгаад олонхи нь орхиод одсон.
Улстөрчдийн бус иргэдийн халааснаас энэ байгууллагыг санхүүжилдэг ч үзүүлдэг нэвтрүүлгүүд нь харин эсрэгээрээ. Эрх нь зөрчигдсөн иргэн хэвлэлийн бага хурал хийлээ гэхэд ирнэ гэвэл гонж. Гэтэл үзэгчдэд тэр л хэрэгтэй байгаа. Ямар нэгэн цензургүй үнэн мэдээллийг л авах сонирхолтой нь ойлгомжтой. Адаглаад энэ телевизээр иргэд бус эрх баригчид, тэдний асуудал байнга гарахыг нь яана. Иргэдийг бол боловсролгүй, соёлгүйгээр дуудсан өнгө аястай нэвтрүүлэг гарна. Яг л өнгөрсөн зууны үзэл суртал шиг.
Үнэндээ эрх баригчдын гар хөлүүдээс энэ байгууллагын Үндэсний зөвлөл бүрддэг ч хийсэн нэвтрүүлэг, хэлсэн үг болгоныг нь цагдаад байдаг эсэхийг мэдэхгүй юм. Ямартай ч иргэдийн халуун амьдрал, эрх мэдэлтнүүдийн зохисгүй авирыг талаар халуун цэгээс нь бэлтгэсэн нэвтрүүлэг хийж байхыг нь олж харсангүй. Харин төрийн түшмэдүүд унтах завгүй, олны төлөө хөдөлмөрлөж, овоож, оцойтол ажиллаж байгаа тухай олонтаа үзэж суулаа, олон нийтийн телевизээр.
Тэгвэл МҮОНРТ-ийн ээлжит удирддлага буюу Үндэсний зөвлөлийг сонгох тухай энэ өдрүүдэд ярьж байна. Монголын үндэсний телевизийн захирлаар Ц.Даваабаярыг сонгожээ. “ETV” хэмээх хувийн телевизийн эзэн яахаараа ашиг сонирхлын зөрчилтэй байж энэ суудалд залагдсаныг эрхэм эрх баригчид л хэлэх байх даа. Харин үндэсний радиогийн захирлаар Л.Цэрэн-Очирыг томилсон. Тэрээр "Ил товчоо", "Ардчилал" зэрэг сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан бөгөөд өдгөө "Өнөөдрийн тойм" сонины ерөнхий эрхлэгчийн албыг хашиж байгаа. Телевизийн салбарт ажиллаж байсан туршлагагүй ч сэтгүүл зүйд бол хэн хүнээс дутахааргүй нэгэн.
PS: Монгол телевизийн шинээр томилогдсон захирлыг баримтаа нягтлаагүйгээс Ц.Даваадорж хэмээн ташаарсандаа уншигчдаас хүлцэл өчиж байна.