Төрийн агентлаг уу, хувийн компани уу?

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Төрийн агентлаг уу, хувийн компани уу?

Иргэддээ үйлчилдэг тунгалаг төрийг цогцлоох болно гэдгээ Н.Алтанхуяг  Ерөнхий сайдаар томилогдохдоо чуулганы танхимд мэдэгдсэн билээ. Хүнд суртал, авлига хээл хахуульд идэгдэж, албан тушаалаа ашиглаж хөлжсөн, хөрөнгөжсөн  хүмүүст дээрх мэдэгдэл хүндээр туссан байх. Харин энгийн иргэд энэхүү мэдэгдлийг алга ташин хүлээн авсан нь төрийн байгууллагад амь бөхтэй оршдог танил тал ар өврийн хаалга, авлига, хээл хахууль, дарамт шахалт, дарангуйлал байхгүй болоосой гэж хүссэнийх биз.

Ялангуяа нэг намын нөхдүүдийн аав ээж, хамаатан садан, найз нөхдөөр дүүрсэн нийслэлийн харьяа агентлагуудын газарт шинэчлэлт хийгдэхгүйгээр иргэдэд үйлчилдэг тунгалаг төр байгуулагдталаа л удах байлгүй. Хэрэвзээ хувийн компани байсан бол хэнийгээ авч ажлуулах, хэрхэн дампуурах эсэх нь “босс”-ын эрх мэдэл, дур зоргын хэрэг. Харин ч хувийн компаниуд төрийн агентлаг газруудаас хамаагүй өөр, мэргэшсэн, чадварлаг баг бүрдүүлэхэд нэлээд анхаардаг болчихсон шүү дээ.

Гэтэл төрийн албыг хувийн өмч мэт ойлгосон нөхдүүд  нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэнгээс авахуулаад олон байна. Хариуцлага алдсан гээд албан тушаалыг нь хурааж авах гэхээр тамга тэмдгээ аваад зугтдаг нь тэдний гэм биш зан болж.

Эрүүл мэндийн газрын дарга С.Туул идэж уухдаа гарамгүй нөхөр байна. Нийслэл хотын нэг сая таван зуун мянган хүн амын эрүүл мэнд  хэн нэг албан тушаалтны мөнгө олох хэрэгсэл, дураараа дургих талбар болсон талаарх шүүмжлэл сүүлийн үед сонин хэвлэлээр цацагдах болсон. Тухайлбал 2010 онд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга С.Туул хоёр тэрбум 600 сая, 2011 онд нэг тэрбум  467 сая төгрөгийн зөрчил гаргасан нь санхүүгийн шалгалтаар тогтоогдсон гэж байгаа юм. Харамсалтай нь хариуцлага алдсан энэ нөхөртэй хариуцлага ярьсан хүн өнөөг хүртэл алга. УИХ-ын сонгуулийн үеэр хотын дарга Г.Мөнхбаярт хандив өгөх нэрээр эмнэлгүүдээс мөнгө татсан гэх яриа ч гарч байна. Үүнийг шалгаад үзэхэд гэмгүй л байх.

Тэгвэл нийслэлийн Аялал жуучлалын газар гэж М.Энхболдын хувийн компани шиг нэг байгууллага байна. М.Энхболдыг хотын даргаар ажиллаж байх үед нь туслахаар нь ажилладаг байсан Ш.Сүхбаатар энэ байгууллагыг толгойлдог. М.Энхболдын, Т,Бадамжунайн, Ц.Болдсайханы гэх хүмүүсээр дүүрсэн уг газрыг бараг л цус ойртсон газар гэж хүмүүс ярилцдаг нь оргүй ч зүйл биш байх. Төсвийн мөнгөөр цалинждаг тус газар нийслэлийн аялал жуучлалыг хөгжүүлэхэд ямар үүрэгтэй нь ойлгомжгүй хэвээр олон жил болсон. Адаглаад л Буянт-Ухаад хөл тавьж байгаа гадны жуулчдад зориулсан гарын авлага бараг л алга. Яг үнэндээ манай Улаанбаатар гадаадын жуулчдын нүдийг хужирлах юм Гандантэгчилэн хийдээс өөр байна уу. Гандантэгчилэн хийд нь ганц том бурханаа л өмнөө барьдаг байх л даа. Урт цагааны гудамжинд майхан бариад худалдаа хийдэг нөхдүүдэд зөвшөөрөл олгодгийг нь эс тооцвол хотын аялал жуучлалыг хөгжүүлэхэд тус газар чухамхүү ямар үр бүтээлтэй, үр дүнтэй ажилласныг нь шалгах нь зөв байх. Аялал жуучлалын чиглэлээр “а”- үгүй хэрнээ ах дүүгийнхээ татаасаар ажилд орчихсон нөхдүүдэд ч арга хэмжээ авахгүйгээр  шинэчлэлийг мөрөөдсөн иргэдийн хүсэл талаар өнгөрөх байлгүй.

Цаашлаад Нийслэлийн байгаль хамгаалах газрын дарга Ю.Дэлгэрмаатай холбоотой гомдол, шүүмжлэлийг ч байгаль хамгаалагчид нь ярьдаг. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэгчээр нөхрийнхөө дүү, найзыгаа гээд эрх мэдлээ урвуулан ашиглаж хамаатан садангаа дур мэдэн ажилд аваагүй бол иймэрхүү шүүмжлэл гарахгүй байсан биз. Бас байгаль хамгаалах газарт сав л хийвэл байгаль хамгаалагчдаа барьж аваад зоддог нэг нөхөр ажилладаг, түүнд арга хэмжээ ч авдаггүй гэсэн гомдлыг ажилчдынх нь зүгээс гаргадаг л юм байна лээ. Нийслэлийн байгаль хамгаалах газар нь нийслэлийн ногоон бүсийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл Туул гол бохирдож, нийслэлийн ногоон бүс өдрөөс өдөрт хумигдаж, хэн дуртай нь, мөнгөтэй нь зуслангийн байшин барьж байгаа нь тус газар ажлаа хэр сайн хийж байгаагийн нэг илрэл. Төрийн албыг өөрийнхөө хувийн компани шиг ойлгодог, түүндээ эрдэж бардсан ийм нөхдүүдээс болж ажлаа шударгаар хийж яваа өөр нэгний нэр хүнд унасаар байгааг ч юу гэхэв. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг дээ.

Нийслэлийн нийтийн тээврийн газар гэж томоос том эрх үүрэгтэй нэг байгууллага байх. Гэсэн хэдий ч нийтийн тээврийн үйлчилгээ сайжраагүй, микро автобусныхан гэж зоргоороо аашилсан нөхдүүд өнөөдрийг хүртэл дураараа загнасан хэвээр л байна. Арга ч үгүй байх л даа, автобусны шугамыг хүртэл тус газарт ажилладаг эрх мэдэлтэй нөхдүүд өөрийн болгоод өмчилчихсөн болохоор орой үдэш болонгуут үнийг нэмдэг, өсгөдөг тэдэнтэйгээ хариуцлага тооцож чаддаггүй биз. Энэ мэтээр  ялзарсан нийслэлийн харьяа агентлагуудын дарга цэрэг гэлтгүй бүгдээс нь ур чадварын шалгалт авч ажилдаа хайнга хандсан, эрх мэдлээ ашигласан, дураараа авирласан явдлыг таслан зогсоох нь шинэ мэрийн үүрэг болов уу. Нийслэлчүүдэд амьсгалах цэвэр агаараас гадна ажил амьдралд нь чөдөр болдоггүй цэвэр тунгалаг төр хамгийн их хэрэгтэй байна.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж