Өнгөрсөн долоо хоногийг бодвол хөрөнгийн зах зээл харьцангуй “даруухан” байна. MSCI Asia Pacific Excluding Japan индекс болон Австралийн S&P/ASX 200 индекс өнгөрсөн долоо хоногоос 0,2 хувиар унаад байна. Мөн иймэрхүү үзүүлэлт Солонгосын хөрөнгийн зах зээлд ч ажиглагдчихсан. Лондонгийн хөрөнгийн биржид металийн үнэ жилийн хамгийн өндөр үнэд хүрсэн гэх шалтгаанаар Австралид хэрэглээний үнийн индекс ойрын жилүүдэд байгаагүйгээр өсчээ. Мөн унци алтны үнэ өссөнөөс болж Энэтхэгийн эдийн засагт томоохон хүндрэлийг учруулж байгаа гэх таагүй мэдээлэл хөвөрсөөр…
Гэхдээ энэ сөрөг мэдээлэл дунд нэгэн сайн мэдээлэл байна. Сүүлийн долоон сарын турш унаад байсан иений ханш буцаад сэргэх магадлал ажиглагдаж эхэлжээ. Долоо хоногийн эхэнд иений доллартай харьцах ханш 0,2 хувиар өссөн нь Японы эдийн засагт гэгээтэй мэдээллийн нэг болоод байна. “Хэлбэлзэл ихтэй байна гэдэг нь тэр хэмжээгээрээ эрсдэл дагуулдаг. Өнгөрсөн жилийг бодвол Азийн хөрөнгийн зах зээл, таваарын өсөлт зэрэг нь эргээд сөрөг байдлыг дагуулж болох талтай” гэж Capital Economics компани өөрийн илтгэлдээ дурьджээ.
Өнгөрсөн жилийнхийг бодвол Хятадын эдийн засаг тогтворгүй байна. 2012 оны хоёрдугаар хагаст Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 7,2 хувиар унасан нь дотооддоо багагүй хүнд байдлыг дагуулаад байна. Мөн аж үйлдвэрийн зарим нэг салбарын барааны эргэлт тодорхой хувиар буурчээ. Хятадын засгийн газраас жил болгон гаргадаг улсын төсөвт нэн даруй татвараа нэмж бүрдүүлэх шаардлагатай 2500 компанийн жагсаалт энэ жил тааруухан дүнтэй гарчээ. Одоогийн байдлаар эдгээр компанийн 46,5 хувь нь л татвараа төлсөн байна. Энэ жилийн тухайд Хятад улс төсвөө нэг триллион юанаар танаж, харин шинэ ажлын байрыг нэмэх ажилд 168 тэрбум юанийг зарцуулсан. Үүний дүнд шинэ компанийн тоо 4000-д хүрсэн билээ.
“Азийн хувьцааны өсөлт бусад орнуудын эдийн засгийн болоод мөнгөний бодлогод сөргөөр нөлөөлж болох талтай. Тиймээс энэ үед таарсан зөв бодлогыг баримтлах хэрэгтэй. Манай улсад ч аль хэдийнэ сөрөг нөлөөгөө үзүүлээд эхэлчихсэн, нуух зүйл байхгүй” гэж өнгөрсөн долоо хоногт хуралдсан Дэлхийн эдийн засгийн форумд тавьсан илтгэлдээ Вен Жибао дурьдсан байна.
Энэ долоо хоногт Хятадын хувьцаанууд бусад улсын хувьцааг бодвол огцом уналтыг зааж эхэллээ. Тухайлбал Shanghai Composite индекс долоо хоног дөнгөж эхлэхтэй зэрэгцэн 1,7 хувиар, CSI 300 индекс 1,4 хувиар унаад байгаа юм. “Хувьцааны огцом хэлбэлзэл эдийн засагт сөргөөр нөлөөлдөг, тиймээс үүнд зохицсон мөнгөний бодлогыг тухайн улсууд хийх ёстой. Ялангуяа Хятад шиг томоохон эдийн засагтай орнууд үүнийг анхааралдаа авах цаг нь болсон. Одоо засгийн газраас бонд гаргах хэрэгтэй” гэж Хятадын Huaxi Securities компанийн эдийн засгийн зөвлөх Мао Шенг ярьсан байна.
Он гарснаас хойш Shanghai Composite индекс 4,6 хувийн уналтыг үзүүлээд байна. Гэсэн хэдий ч Хятадын засгийн газраас зээлийн хүүг бууруулах бодолгүй байгаа нь хямрал дагуулж болохыг анхааруулж байна. Үүнийг зарим нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн дамжуулснаас харвал мөнгөний бодлоготой холбоотой байж болох. Шинхуа агентлагийн мэдээлж байгаагаас харвал Хятад улс одоогоор мөнгөний бодлогоо өөрчлөх талаар ярилцаж байгаа гэх ч, дэлхийн томоохон байгууллагуудын мэдээлж байгаагаар сөрөг үр дүнд тохирсон бодлого боловсруулахаас илүүтэй шинэ удирдагчид анхаарч байгаа нь эдийн засагт сөрөг үр дүн авчирч болохыг нотолж байгаа мэт. “Хямрал гарч болзошгүйг дээр дооргүй ярьж байна. Гэхдээ үүнийг бусад улс орнуудтай зөвшилцвөл илүү үр дүнд хүрч магадгүй юм” гэж Сингапурын үндэсний их сургуулийн профессор, Хятадын бодлогын асуудал хариуцсан мэрэгжилтэн Бо Жие ярив.
Үүний хариултыг олоход тун бэрх. Ямар ч байсан дэлхийн томоохон байгууллагуудын сануулж байгаагаар бүс нутагтаа эдийн засгаараа тэргүүлдэг гүрнүүд зөв бодлого явуулж чадвал Азид хямрал нүүрлэхгүй гэдгийг сануулж байна. “Томоохон гүрнүүд төдийгүй хөгжиж буй орнууд эдийн засгийн ямар бодлого баримтлахыг бодох цаг нь болсон. Ялангуяа эдийн засгийн асар их өсөлттэй байгаа Азийн орнууд үүнийг анхаарах хэрэгтэй” гэж ОУВС-ын тэргүүн Кристин Лагард ярив. Хэдийгээр өнгөрсөн долоо хоногийн огцом өсөлтийг бодвол байдал тогтворжих хандлага ажиглагдаж байгаа ч эдийн засагчдын үзэж байгаагаар ирэх долоо хоногоос дахин өндөрсөх хандлага ажиглагдаж байна.
Монгол Улсын тухайд 17 гаруй хувийн эдийн засгийн өсөлттэй байгаа бөгөөд дэлхийн зах зээлд газрын тос, төмөр, ашигт малтмалын үнэ өсөх тусам эрсдэл дагуулах магадлалтай гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Азийн бусад орнууд аль хэдийнэ төсвөө хумих, төрийн илүү зардлыг танах үйл ажиллагааг эхлүүлсэн, бүр зарим нэг хөрөнгө оруулалтаа ч татаад байгаа юм.
Жич: Монгол Улсын төсөвт 980 тэрбум төгрөгийн цоорхой үүссэн учраас хөрөнгө оруулалтын зардлаас 300 гаруй тэрбумыг танаад байна.