Хичээлийн хөтөлбөрт шинэчлэл хийе

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Хичээлийн хөтөлбөрт шинэчлэл хийе

Логарифм,
язгуур, химийн идэвхийн эгнээ, интеграл, элементар геометр гээд ерөнхий
боловсролын сургуульд заалгаж байсан олон хичээлийн сэдвүүдийг мартжээ.
Мартана гэдэг нь ашиглагдахгүй, хэрэглэх шаардлага гараагүйтэй
холбоотой.

Гэвч эргээд бодоход ийн амьдралд маань огт хэрэг
болохгүй зүйлийн төлөө сурагч бидний багагүй цаг хугацааг зарцуулж байж.
Мэдээж энэ мэт сэдвүүд математик, хими геометрийн багш, судлаачдын
мэргэжлийнх нь суурь болсныг үгүйсгэж болохгүй. Гэвч энэ мэт хичээлийг
заалгаж байсан хүүхдүүдийн бараг 99 хувь нь судлаач, математикийн багш
болоогүй нь тодорхой. Өөрөөр хэлбэл ганцхан хувьд ногдох суралцагчийн
төлөө 99 хувийнх нь цагаас хумсалсан гэсэн үг. Эсвэл эдгээр хичээлийн
цагийг багасгачихвал багш нь хийх ажилгүй болчих гээд байдаг ч байж
мэдэх.

Урд нь суулгачих ганц ч компьютер байхгүй атлаа хөдөө
орон нутгийн хүүхдүүдэд “Мэдээлэл зүй” гэж хичээл ордог нь бас л нэг
төрлийн “цагийн хулгай”. Өнөө сурагчид нь юу хийгээд байгаагаа ойлгохгүй
баахан алгоритм бичихээс өөр зүйл хийхгүй. Захын хорооллын сургуулиудад
ч компьютер гэгч “нүдний гэм”. Уг нь арван жилийн дотор ямар ч хэлийг
төгс эзэмшүүлэх боломж бий. Гэвч бага ангид Орос хэл, дунд ангид Англи
хэл, ахлах ангид нь ахиад өөр нэг хэл гээд л хоёр гурван туулай хөөлгөж,
дүрмээр залхаасаар эцэст нь англи үгийг дагаж уншихаас цаашгүй
төгсөгчид гаргана.

Гэвч хэрэглэгдэхгүй хичээлийг багасгаад
гарсан орон зайд нь гэр бүлийн тухай, сэтгэл судлалын, нийгэмд хэрхэн
амьдрах арга ухаан, уламжлалт өв соёл, оюуны чадварын сургалт, хүн
чанарын тухай гээд нөхөөд оруулчих үгүйлэгдээд буй хөтөлбөрүүд
хангалттай байна. Заах зүйл нь цаг үрсэн байдгийн адил шалгах арга нь ч
мөн л үр дүнгүй. Ойлгосныг нь биш цээжилснийг нь шалгаж үнэлдэг
тогтолцооноос боловсролын шинэчлэл хийсэн улсууд татгалзсаар удаж байхад
монголд цэцэрлэг бага ангийн шалгалтаас эхлээд хуульч, төрийн
албаныханы шалгалт нь хүртэл хоосон цээжилснийг илүүд үздэг. Ядаж арван
хоёр жил суралцахад нь жолооч болгоод төгсгөчих бүрэн боломж бий. Гэвч
ийм зүйлийг ганц хоёр хувийн сургуулиас өөр хийчих зориг даан ч алга.
Хэрэггүй хичээлээс гадна, хэрэгтэйг нь хэрэггүй болгочих багш нар ч бий
гэдгийг бодохоос ч халширмаар.

Өнөө л хуучин арга барил, онол
дээр суурилсан тогтоц, практик хийлгэчих боломжгүй байдал. Ерөнхий
боловсролын энэ ужиг их сургуульд ч мөн бий. Хагалгааны эмч мэргэжилтэй
найз маань долоон жил суралцах хугацаандаа туршилтын хулгана дээр
ажиллах биш номон дээр бичигдсэнийг уншиж байж л төгссөн гэсэн. Мэдээж
түүнд ажил дээр гараад бодит хүн дээр турших боломжууд олдоно л доо.
Гэвч үнэндээ энэ бол эмгэнэл.

Б.МАНД


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж