-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг УИХ өнгөрөгч баасан гаригт баталсан. Хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласны хувьд та шинэ хуульд орсон гол гол өөрчлөлтүүдийн талаар танилцуулахгүй юу?
-УИХ-ын чуулган, байнгын хороодоор удаан хугацаанд хэлэлцсэний дүнд өнгөрсөн долоо хоногт энэ хуулийг баталлаа. Энэ хууль өмнөх сонгуулийн хуулиас нэлээд олон давуу талтай. Өмнөх Орон нутгийн сонгуулийн хуулинд сонгогчдын саналыг гараар тоолохоор хуульчилсан байсан бол энэ удаагийн хуульд санал хураалтыг автомат системээр явуулж, саналын дүнг машинаар тоолохоор хуульчилсан. Өнгөрөгч зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн санал хураалтыг автомат системээр явуулсан нь дэвшилттэй байсан учраас бид энэ удаагийн санал хураалтыг мөн автоматаар явуулах нь зарчмын хувьд шинэчлэл болсон.
Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд хариуцлагын тогтолцоо өндөр байсан. Сонгуулийн хуулийн заалтыг зөрчвөл эрүүгийн хариуцлага тооцох зэрэг хариуцлага өндөр. Энэ тогтолцоог мөн Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн заалтад оруулж өгсөн. Мөн УИХ-ын сонгуультай адил холимог системээр явахаар болсон. Тухайн аймаг, сумын дөрвөн жилд хөгжүүлэхээр ажиллахаар тогтоосон. Өөрөөр хэлбэл сонгуульд оролцох нам бүр хөтөлбөр дэвшүлж байгаа. Тухайн хөтөлбөрийг нь нэгдсэн зохион байгуулалтад орж байж л хэрэгжүүлнэ. УИХ-ын сонгууль дээр шууд тойргоос сонгогддог гишүүд нь тусдаа, намын жагсаалтаар нэр дэвшигчид нь тусдаа гэх зэрэгцээ жагсаалт гаргаж байсан бол бидний энэ хуулиар аль аль нь хольсон нэгдмэл жагсаалт гарч байгаа. Тухайн тойрогт зургаа нь тойргоос, гурав нь намын жагсаалтаар гэж бодоход аль алиныг нь нэгдсэн жагсаалтад оруулах юм. Тойргоор нэр дэвшигчдийн нэрийн ард тойрогт нэр дэвшиж байгааг бичнэ. Ингээд сонгуулийн дүнгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигчид нь тойргоор сонгогдоод, жагсаалтад үлдсэнээс нь хамгийн өндөр санал авсан нь сонгогдох юм.
-МАН-ын зүгээс холимог системээр явуулах нь боломжгүй гэж шүүмжлээд байсан ч холимог системээр явах нь зүйтэй гэж олонхи гишүүд дэмжсэн байна?
-Энэ жилийн сонгууль холимог системээр явахаар болж байна. УИХ-ын ч, орон нутгийн сонгууль ч мөн ижил системээр явахаар болж байна. Хууль санаачлагчдын төлөвлөсөн зарим заалтуудад өөрчлөлт орсон. Тухайлбал, сонгуулийн хороог намын төлөөллөөр оролцуулах нь зүйтэй гэсэн санал төсөлд оруулсан байсан ч хэлэлцүүлгийн явцад төрийн албан хаагч сонгуулийн ажилд оролцох нь зүйтэй гэсэн байр суурин дээр тогтож, баталсан. УИХ-ын сонгуулийн ажлыг төрийн албан хаагчид зохион байгуулсан. Хэрэв ямар нэг асуудал гарвал хариуцлага хүлээх заалттай байсан. Тиймээс үүнийг хэвээр нь авч үлдээе гэж шийдсэн.
-Цаг хугацааны хувьд арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт байснаа мөн сарын 21-нд гэхээр ирц хүрэхгүй байх нэг шалтгаан болно гэх шүүмжлэл сөрөг намын зүгээс гараад байгаа?
-Хуулийн төслийн анхны хувилбарт арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт гэж байсан. Байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэж цаг хугацааг нь арваннэгдүгээр сарын 21-н болгосон. Энэ удаа иргэд ухаалаг буюу цахим үнэмлэхээр санал хураана. Улсын бүртгэлийн газраас цахим үнэмлэх хэвлэх, тараах, эргэж нягтлах хугацаа, үүний дараа саналын хуудас хэвлэх, нэр дэвшигчдийг тодруулах зэргийг харгалзан цаг хугацааг нь хойшлуулсан. Өвлийн эхний улиралтай давхцаж байгаа учраас хүндрэлтэй талууд гарч магадгүй. Гэхдээ энэ үед хөдөө орон нутгийн иргэд өвлийн бэлтгэлээ хангасан, өвөлжөөндөө буусан байх учраас гайгүй байх гэж бодож байна. Гэхдээ цаг агаар хүндрэхгүй бол шүү дээ. Бид уг нь аравдугаар сарын сүүлчээр санал хураалтыг зохион байгуулах боломжтой гэж байсан. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад намууд зарчмын зөрүүтэй саналууд олон гарч ирсэн. Хуулийн төслийг батлах цаг хугацаа хойшилсноос ч шалтгаалсан.
-Автомат системээр тоолохоос болж цаг хугацаа хойшилсон гэж СЕХ мэдэгдсэн?
-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл батлагдсанаас хойш Сонгуулийн ерөнхий хороо бэлтгэл ажилдаа орж байна. Нийтдээ 40 гаруй үйл ажиллагааг хуваарийн дагуу зохион байгуулна. Санал тоолох машинд тухайн тойрогт нэр дэвшигч тодорсноос хойш саналын хуудас хэвлэх ажиллагаа эхэлнэ. Үүнд нэг сараас 45 хоногийн хугацаа шаардаж байгаа юм. Саналын хуудас хэвлэх хугацаа нөлөөлж байгаа ч зөвхөн үүнээс болж цаг хугацааг хойшлуулсан гэж ойлгож болохгүй. УИХ-аар энэ хуулийг хэлэлцэх явцдаа цаг хугацаа алдсан зүйл байгаа.
-Орон нутгийн сонгууль ирц хүрэхгүй байх тохиолдол сүүлийн жилүүдэд ажиглагдаж байгаа. Оюутнууд санал өгөх иргэдийн багагүй хувийг эзэлдэг. Орон нутгийн харьяалалтай оюутнууд саналаа хаана өгөх вэ?
-Хуулийн төсөлд шилжилт хөдөлгөөнийг сонгууль болохоос 90 хоногт зогсооно гэсэн байсан. Хэлэлцүүлгийн шатанд 60 хоног буюу хоёр сар болгосон. Арванэгдүгээр сарын сүүлч гэхээр оюутнууд нэгдүгээр улирлын хичээл дундаа орсон харьяалал, хаяг нь тодорхой болсон байна. Тиймээс оюутнууд өөрийн оршин сугаа газраа санал өгөх боломжтой гэсэн үг. Мөн бид орон нутгийн сонгууль санал хүрэхгүй байх эрсдлийг тооцож үзсэн. Тийм тохиолдолд заавал автомат системээр тоолох биш гараар тоолохыг нь тусгаж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, дахин санал хураалтыг автомат тооллогоор явуулах юм бол хөрөнгө мөнгө, цаг хугацааны хувьд бэрхшээлтэй учраас гараар тоолохоор хуулинд тусгаж өгсөн.
-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөлд сонгууль өгөх нь иргэний үүрэг гэж заасан байсан. Энэ заалт хэвээрээ юу?
-Сонгогч эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ биелүүлэх хэрэгтэй гэдэг үүднээс энэ заалтыг оруулж өгсөн. Ямар ч хуулийн этгээд эрх, үүрэг гэдэг зүйлийн нэгдэлтэй байдаг. Гэтэл зөвхөн эрхээ эдэлчихээд үүргээ биелүүлэхгүй бол ямар ч асуудал зүй зохисоороо хэрэгжихгүй. Эрх үүргийн нэгдэл байж аливаа хууль хэрэгжих үндэстэй болно гэж үзсэн юм. Гэвч хэлэлцүүлгийн шатанд энэ заалт байхгүй болсон. Иргэн хүний сонгогдох, сонгох эрхийг зөрчиж байна гэсэн шүүмжлэлийг дагуулж байсан. Үүрэгжүүлсэн нь сонгогчдын санал өгч байгааг бус оролцоог нэмэгдүүлэх хөшүүрэг болох талаасаа энэ заалтыг оруулсан байсан ч улстөржүүлэн олон янзаар тайлбарлаж байснаас энэ санал унасан.
-СЕХ-оос Орон нутгийн сонгуулийг явуулахад 9,2 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцсон. Хөрөнгө мөнгөний хувьд хэр хэмжээний зардал гаргахаар тооцоолсон бэ?
-Орон нутгийн хурлын сонгуулийн хуулийн дагуу сонгууль зохион байгуулах хөрөнгийг хоёр эх үүсвэрээс буюу улсын төсөв, орон нутгийн төсвөөс гаргана. Улсын төсвөөс гаргахыг нь СЕХ-ны шугамаар зарцуулна. Үлдсэнийг нь орон нутгийн төсвөөс гаргаж, орон нутагт нь зарцуулна. Мөн бусад зардлыг тухайн төрийн байгууллагаас гаргахаар болсон. Тухайлбал, цагдаагийн байгууллагын ажилчдын төсвийг харьяа яамаар дамжуулан гаргахаар болж тогтсон. Ер нь бол сонгуулийн холбогдолтой зардлыг намраас хойш судалж, хөрөнгө мөнгөний хэмжээг нягталж, шалгасан. Тэр хүрээнд 9,2 тэрбум төгрөг нь боломжийн тоо гэж үзсэн.
-Сонгуулийн хуулийг иргэдэд таниулах ажлыг хэзээнээс хийх вэ?
-Энэ долоо хоногт багтаж Сонгуулийн ерөнхий хорооноос сонгууль зохион байгуулахтай холбоотой нарийн төлөвлөгөөг гаргаж, байнгын хороонд танилцуулах шаардлага бий болж байна. Сонгууль батлагдсан өдрөөс хойш гэж тооцвол хуулийг таниулах хугацааны хувьд бага байна. Сонгогч санал өгөх нь өөрт нь нээлттэй байгаа ч хуулийг таних, төрийн эрхийг өөрийнхөө эрх бүхий байгууллагаар дамжуулж, иргэдэд ойлгуулж байж ирц сайжруулах нь чухал. Үүн дээр холбогдох байнгын хороо, СЕХ болон бусад байгууллагуудтай хамтран ажиллана.
-Нэр дэвшигчид хэзээ тодрох вэ?
-Нэр дэшигчид сонгууль эхлэхээс 45-аас доошгүй хоногийн хугацаанд тодорсон байх ёстой. Сонгуулийн сурталчилгаа нь 15 хоног байна. Гэхдээ нэр дэвшигчид тодорсны дараа саналын хуудас хэвлэхэд сар гаруйн хугацаа шаардлагатай байгаа учраас цаг хугацааны хувьд зөрүүтэй зүйл гарч байгаа. Харин энэ хооронд сурталчилгаа хийхгүй байж байгаад, санал авах өдрөөс хоёр долоо хоногийн хугацаанд сурталчилгааг явуулахаар болж байна.
-Нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчвөл ямар хариуцлага хүлээх вэ?
-Хуулийн төсөлд сурталчилгааг батлагдсан өдрөөс эхлэн мөрдөгдөнө гэж заасан. Сурталчилгаа хийх болоогүй байхад сурталчилгааг ил, далд хэлбэрээр явуулбал хуулийн хариуцлага хүлээнэ. УИХ-ын сонгуулийн хуулийн хариуцлагын зарчимтай ижил буюу хариуцлага нь өндөр байхаар тусгасан.
-МАН-ын зүгээс Орон нутгийн сонгуулийн хуулийг батлахдаа хууль зөрчиж баталсан учраас Үндсэн хуулийн Цэцэд хандана гэсэн мэдээлэл өгсөн?
-Хууль санаачлагчдын хувьд Үндсэн хууль зөрчсөн асуудал байхгүй гэж бодож байна. МАН-ын зүгээс хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол хуулийн дагуу Үндсэн хуулийн Цэцэд хандах эрх нь нээлттэй. Үндсэн хуулийн Цэцэд хандсан үед нь ямар асуудлаар хандсан байна гэдгээр нь тухайн үед нь тайлбар өгнө.
-УИХ-ын сонгуулиар хоёр тойрогт дахин санал хураалт явуулахаар болсон. Дахин санал хураалтыг орон нутгийн сонгуультай нэг өдөр явуулах уу?
-Төрийн байгуулалтын байнгын хорооноос ямар нэг үүрэг чиглэл өгөх боломжгүй. Дахин санал хураах товыг тухайн тойргийн хороо шийдвэр гаргаж СЕХ-нд танилцуулах ёстой. УИХ-ын гишүүний хувьд хэлэхэд, дахин саналт хураалт явуулахад хөрөнгө мөнгө, ирцийн байдлыг хараад үзвэл хамтад нь явуулах боломжтой юм гэж харж байгаа.
-Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан. Энэ жагсаалтад МАН-ын гишүүд бүлэггүй ч гэсэн өргөн барьсан санал нь хуульд тусгагдсан биз дээ?
-УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой төслийн жагсаалтыг батлахдаа холбогдох байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн, тодорхой зарчим баримталж ажилласан. Хуулийн дагуу өргөн мэдүүлээгүй ч гэсэн өргөн баригдаж, явах ёстой хуулийн төслийг хуулийн дагуу жагсаалтад оруулсан. Мөн өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд өргөн мэдүүлээд, анхны хэлэлцүүлэг хийсэн төслүүдээс байнгын хороодын саналаар жагсаалтад оруулсан. Тиймээс намуудын өргөн барьсан хуулиуд багтсан гэж ойлгож болно.
-УИХ-ын гишүүн Цолмон, С.Дэмбэрэл нарын гишүүд УИХ-ын дэгийн тухай хуулийн “бүлэг байгуулах хүсэлтээ 24 цагийн дотор мэдэгдэнэ” гэсэн заалтад өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Энэ төсөл намрын чуулганаар хэлэлцэгдэх үү?
-Намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтад орсон байгаа.
-УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах, завсарлага авах хугацаа хязгаарласан хуулийн төслийг ээлжит бус чуулганаар батлах уу, энэ төсөл ямар шатандаа явж байна вэ?
-Энэ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хийсэн. Одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үлдсэн. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх боломжтой, бэлэн болсон учраас батлагдах байх гэж бодож байна.