Таван тэрбум ам.доллар талаар урсчихгүй л байгаасай

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Таван тэрбум ам.доллар талаар урсчихгүй л байгаасай

Монгол Улсын хөгжлийг түргэвчлэхэд гол үүрэг гүйцэтгэх үүрэгтэйгээр байгуулагдсан Хөгжлийн банк үүдээ нээсэн цагаасаа багагүй шүүмжлэлд өртөөд байгаа. Яг ямархуу үйл ажиллагаа явуулж байгаа нь нууцлагдмал. Тус банкыг хөлд оруулах үүрэг хүлээсэн Өмнөд Солонгосын баг юу хийж байгаа нь тодорхойгүй ч гэлээ дахиад таван тэрбум хүртлэх ам.долларын үнэт цаас гаргах эрхийг Засгийн газар Хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэж, үүнийгээ УИХ-аар батлуулахаар боллоо. Хөрөнгийн зах зээлээс босгосон дээрх хөрөнгөөр харин эдийн засгаа эрчимжүүлэх, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжихэд зориулах гэнэ. Тухайлбал төмөр замын сүлжээ, авто зам, эрчим хүч, Тавантолгойн уурхай, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжилтийг эхлүүлэх юм байна. Үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжиж олсон орлогыг нийгмийн халамжид зарцуулахгүй, төсвийн алдагдлыг нөхөхгүй байхаар тогтжээ.

Өмнөх Засгийн газар Хөгжлийн банкинд олон улсын хөрөнгийн зах зээлээс 600 сая ам.долларын хөрөнгө босгох эрх олгохдоо мөн л ийн амалж байсан билээ. Харамсалтай нь С.Батболдын Засгийн газрын үед Хөгжлийн банкны хөрөнгийн зах зээлээс босгосон мөнгө авто замын засвар, шинэчлэлд багахан хэсэг нь зарцуулагдсанаас биш төлөвлөж байсан томоохон төсөл хөтөлбөрүүдэд сохор зоос ч гаргаагүй юм. Харин ч өнгөрсөн сонгуулийн үеэр эрх баригчид хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд амалсан нэг сая төгрөгөө бэлнээр олгохын тулд 600 сая ам.доллараас зээл авахаар шахаж, үүнийг нь эсэргүүцсэн тус банкны ТУЗ-ын дарга Б.Батжаргал өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдаж байлаа.

 Хөгжлийн банк авто замын нийт 30 төслийг санхүүжүүлсэн бөгөөд 13 нь хөдөө орон нутагт, 17 нь Улаанбаатар хотынх аж. Улаанбаатар хотод өрнөж буй авто замын ажил гэхэд л 7,1 тэрбум төгрөг зарцуулсан бол иргэдэд олгох зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн эх үүсвэрт зориулан тус банкнаас Төрийн банкинд энэ ондоо 50 тэрбум төгрөгийг үе шаттайгаар олгохоор болсоноо эхний ээлжинд 20 тэрбумаар санхүүжүүлээд байгаа юм байна. Тэрчлэн  жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 50 тэрбумыг олгосон талаараа тус банкны вэб сайтад мэдээлжээ.  Анх өнгөрсөн хавар 600 сая ам.долларын таван жилийн хугацаатай бондыг жилийн 5.75 хувийн хүүтэйгээр олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын ING, Deutsche Bank, HSBC банкуудтай хамтран арилжаалсан цагаас хойш тус банк өдөрт 98 мянган ам.долларын хүү төлөх болсон.

Монголбанкид  хөрөнгөө байршуулж, өдөрт 98 мянган ам.доллар, сардаа хоёр сая 940 мянган ам.долларын хүүг төлөх болсон тус банк иймэрхүү хариуцлагагүйхэн ажиллавал дээрх таван тэрбум ам.долларын үнэт цаас гаргах хэрэг ч байхгүй болно. Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд төмөр зам барих ажлыг болон Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барихад л дээрх хөрөнгийг зарцуулна хэмээн тухайн үед эдийн засгийн үр өгөөжтэй, эргэлтэд оруулах салбарыг дэмжсэнгүй гэсэн шүүмжлэлийг няцааж байсан ч үнэндээ өнөөдрийг хүртэл төмөр замаа ч тавьсан юмгүй, аж үйлдвэрийнхээ цогцолборыг ч барьсан юмгүй л байгаа.

Таван тэрбум ам.долларын үнэт цаас гаргаснаар банкны зээлийн хүүгийн хэмжээг бууруулж, инфляцийг багасган, гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хамааралтай санхүүгийн өнөөгийн тогтолцоог эрс өөрчлөх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна. Үнэхээр л шахаж шаардаад, санасандаа хүртэл ажиллах юм бол нэг хэрэг. Түүнээс өмнөх шигээ багагүй хүүтэй зээл тавьчихаад түүнийгээ сонгуулийн амлалт аар шаархан авто замын шинэчлэл энэ тэрд зарцуулах юм бол үүн шиг хэрэггүй эд байхгүй.

Өдөр болгон 98 мянган ам.долларын хүүг сул төлж байхаар төмөр замаа тавихад зарцуулсан бол стратегийн ордууд болон боловсруулах үйлдвэрийн ачаа тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангаж ашигт малтмалыг эрэлт ихтэй зах зээлд хүргэх, нэг зах зээлээс хамааралгүй байх нөхцөл бүрдэх эхлэл аль хэдийн тавигдах ёстой байсан билээ.

Харин ойрын хугацаанд гаргахаар төлөвлөөнд байгаа үнэт цаасныхаа арилжаанаас олсон ашгаа хий дэмий үрэлгүйгээр Сайншандынхаа аж үйлдвэрийн цогцолборыг барихад зарцуулах аваас цогцолборыг ашиглалтад оруулсанаар манай улсын эдийн засгийн бодит өсөлт огцом нэмэгдэж аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 57 хувьд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 14 хувьд болно гэсэн тооцоо бий. Ингэснээр эдийн засгийн бодит өсөлт суурь хувилбараас 4.3 нэгжээр нэмэгдэх боломжтой гэнэ. Дээрх цогцолборын хүрээнд “Коксын үйлдвэр”, “Хар төмөрлөгийн үйлдвэр”, “Нүүрс хийжүүлэх үйлдвэр, “Зэс хайлуулах үйлдвэр”, “Барилгын материалын үйлдвэр”, “Газрын тос боловсруулах үйлдвэр”-үүд баригдах бөгөөд энэхүү томоохон үйлдвэрүүдийг дагаад жижиг дунд үйлдвэр бий болох гэсэн судалгаа ч байгаа юм.

Тиймээс хөгжлийг хөшүүрэгдэх Хөгжлийн банкны ажлыг хөшүүрэгдэхгүйгээр хичнээн их хэмжээний хөрөнгө босголоо ч өнөөдрийнх шиг үлгэн салган ажиллах юм бол ямар ч хэрэггүй биз. Таван тэрбум ам.долларыг талаар цацахгүйн тулд хөрөнгийн зах зээлээс босгосон хөрөнгөө нийгмийн халамжид зарцуулахгүй, төсвийн алдагдлыг нөхөхгүй гэсэн амлалтдаа л үнэнч байх хэрэгтэй. Өмнөх Засгийн газар шиг хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөх юм бол энэ хөрөнгө Монгол Улсад хөгжил авчрах биш өр л үлдээх болно.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж