Н.Энхбаярын биеийн байдал хэвийн байна

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын биеийн байдал хэвийн байна

Албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр Нэгдсэн II эмнэлэгт эмчлүүлж байна. Түүнийг Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийн дагуу өнгөрсөн наймдугаар сарын 2-нд “Ганц худаг” буюу Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлсэн бөгөөд хоригдох хугацаандаа цагдан хорих төвийн эмнэлэгт эмчлүүлж байгаад ар гэрийнхэн нь хүсэлт гаргаснаар өнгөрөгч наймдугаар сарын 20-нд II эмнэлэгт шилжин эмчлүүлэх болсон билээ.

Түүнийг хоёрдугаар эмнэлэгт шилжсэний дараа ар гэрийнхэн болон намынх нь гишүүдийн зүгээс “Н.Энхбаяр даргын биеийн байдал муу байна, гадаадад явж оношлуулах шаардлагатай. Эмчлүүлэх явцад нь санаатайгаар хортой тариа хийсэн байж болзошгүй” хэмээн дуулиан дэгдээж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмч нарын ажлын хэсэг гарч шалгахад хүрсэн билээ. Ажлын хэсгийн дүгнэлт өнгөрсөн долоо хоногт гарсан бөгөөд Н.Энхбаярыг үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзсэн юм. Гэхдээ энэ нь хуулийн байгууллага шийдвэрээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй гэдгийг эх сурвалж хэлж байна. Нэг үгээр хэлбэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал Н.Энхбаяр ялаа эдэлсээр байх аж. Тиймээс бид түүний биеийн байдал ямар байгаа талаар тодруулахаар II эмнэлгээр орлоо.

Түүний өрөөний үүдэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хоёр ажилтан ээлжээр манаж байна. Харин ЦЕГ-ын хоёр ажилтан эмнэлгийн үүдэнд харгалзаж байгаа гэнэ. Албаны эх сурвалжаас тодруулахад, “Н.Энхбаярын биеийн байдал хэвийн байгаа. Онош нь тодорхойгүй өвчин туссан, гадаад явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн мэдээлэл ор үндэслэлгүй зүйл. Н.Энхбаярыг эмчлэгч эмч н.Тунгалаг тэтгэвэрт гарсан. Түүнийг одоо н.Долгормаа эмч эмчилж байгаа. Түүний хувийн эмч, сувилагч нь 24 цагаар харж байгаа. Ар гэрийнхэнийг нь байнга уулзуулдаг” гэв. ШШГЕГ-ын ажилтан ч мөн адил “Манайхаас зөвшөөрөл авсан хүмүүсийг Н.Энхбаяртай хориглохгүй уулзуулж байгаа” гэсэн тайлбар өглөө.

ЖИЧ: Анхан шатны шүүхээс Н.Энхбаярыг дараах хэрэгт буруутай хэмээн үзсэн байгаа. Тодруулбал,

  • УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байхдаа 119.534 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг 2000 оны зургадугаар сарын 16-нд албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа завшин Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг урвуулан ашиглаж, тухай нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч даргаар ажиллаж байсан Н.Болормаа, нийслэлийн Өмчийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлыг хувьчлан авч Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан,
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга Т.Билэгт, иргэн До.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонины байрыг өөрийн дүү Н.Энхтуяагийн “Медиа Холдинг” ХХК, До.Чулуунбаатар нарын нэрээр худалдан авч улмаар өөрийн үүсгэсэн байгуулсан компанид охин компани болгон завшиж, нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт”  үйлдвэрийн захирал Х.Наранхүү /УИХ-ын гишүүн асан/, худалдааны асуудал хариуцсан орлогч захирал н.Ганбат, “Хэнлон” компаны захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөгийг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан.

Шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 19.19.2,  35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 150.150.3 дахь хэсэгт зааснаар 25 сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, дөрвөн жилийн хорих ялаар, мөн хуулийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хассан юм. Мөн яллагдагч Н.Энхбаяраас 54 сая 343 мянган төгрөгийг гаргуулан Гандантэгчиглэн хийдэд, Ж.Мягмаржаргал нараас тус бүр 982 сая 577 мянган төгрөгийг гаргуулан Эрдэнэт үйлдвэрт олгох, Н.Энхбаярын эзэмшлийн Хаан банкин дахь 89 мянга 359 ам. долларыг, 11-р хорооллын 100 тоот орон сууцны өөрт ногдох хэсгийг нь тус тус гаргуулан хохирол барагдуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн.  Эрүүгийн хуулийн 49. 49.1 дэх хэсгийг  журамлан “ТВ9” телевизийн хууль бусаар олсон эд эд хөрөнгийг  хурааж улсын орлого болгох шийдвэрийг гаргасан юм. Тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргаад байгаа. Түүний гомдлыг энэ сарын сүүлээр хэлэлцэх ёстой.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж