![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2012/9/96718bd1b34f30b4/1aa3b5d6a3d66cf8big.jpg)
ЭХЭМҮТ-ийн Эх барих тасагт Д.Ганцэцэгийн ар гэрийнхэн арваад хүн эмнэлгийн захирал, хяналтын эмчид хандан бичсэн өргөдлөө өгөхөөр хяналтын эмч Б.Батхишигийн өрөөний үүдэнд сууж байсан юм. Ар гэрийнхэн нь ЭХЭМҮТ-ийн захирал С.Хишгээтэй уулзах гэсэн боловч өргөдөл бичиж өг, биечлэн уулзах боломжгүй гэсэн байна.
Ингээд Д.Ганцэцэг бүсгүйн эгч Д.Бямбацогзолоос цөөн асуултад хариулт авлаа.
-Та бүхний үзэж буйгаар энэ явдал юунаас болсон бэ?
-Би бол энэ хэрэгт ЭХЭМҮТ-ийн Зүрх судасны их эмч Б.Батхишигийг л буруутгаж байгаа. Тэрээр сүүлийн үеийн эхогоор миний дүүд үзлэг хийхдээ анзааргагүй, хэнэггүй зангаасаа болж нэг ургийг нь л үзэж, хэмжилт хийсэн байгаа юм. Нөгөөх нь адилхан л байгаа биз гэж бодсон юм шиг байна лээ. Гэтэл дараа нь эход харуулахад нөгөө ураг нь хүйгээ олон ороосон тул амьгүй болсон гэсэн.
-Б.Батхишиг эмч зүрх судасны эмч гэсэн. Яагаад тэр эмчид хяналтад орсон юм бэ? Түүнтэй уулзсан уу?
-Уг нь манай дүү Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг юм. Гэтэл хөдөө орон нутгийн паспорттой гээд ЭХЭМҮТ-д хяналтад ор гэсэн. Энэ эмнэлэгт чинь хөдөө орон нутгийн харяалалтай бүх л эхчүүд амарждаг гэсэн. Тэднээс зүрх судасны ямар нэгэн эмгэгтэй, зүрхний хагалгаанд орж байсан хүмүүс Б.Батхишиг эмчийн хяналтад байдаг юм билээ. Манай дүүгийн зүрх урьд нь өвдөж байсан ч сүүлд огт өвддөггүй байсан. Бид ураг амьгүй болсныг мэдэнгүүт түүнтэй уулзах гэсэн боловч уулзаж чадаагүй. Харин өнөөдөр /өчигдөр/ уулзсан.
-Юу гэж байна вэ?
-Б.Батхишиг эмч хэлэхдээ “Би өдөрт 200 гаруй хүмүүсийг үздэг. Ачаалал үнэхээр ихтэй байдаг. Алийг нь аль гэхэв дээ. Угаасаа жирэмсний найман сар их эмзэг үе байдаг юм” л гэж байна лээ. Миний бодлоор 200 хүн дотор ихэр хүүхэдтэй жирэмсэн хүмүүс тун цөөхөн гэж бодож байна. Үнэхээр тийм эмзэг үе нь байсан бол байнгын эмчийн хяналтад, эмнэлэгт хэвтэхийг зөвлөөгүйг гайхаж байна.
-Дүүгийн тань биеийн байдал ямар байна? Хийсвэр хагалгаа хийсэн үү?
-Төрөх дөхсөн амьгүй урагт хийсвэр хагалгаа хийдэггүй юм билээ. Тиймээс миний дүү хоёр хоног хүчээр өвдүүлэх эм тариа хийлгэж байж өөрөөрөө төрсөн. Ингэж төрөхөд дүүд минь ямар хэцүү байсныг хүмүүсийг ойлгож байгаа гэж бодож байна.
-Жирэмсэн байх үедээ дүү тань ямар ажил хийдэг байсан бэ?
-Миний дүү жирэмсэн болох үедээ нэгэн хувийн компанид нягтлан бодогч хийж байсан. Анхны төрөлт, бас тэгээд ихэр хүүхэд болохоор шууд ажлаасаа чөлөө аван гэртээ байсан юм. Төрөх дөхсөн болохоор нөхөр нь ажлаасаа түр хугацаагаар чөлөө авч эхнэрээ халамжилж байсан. Манай хоёр дүү хүүхдүүддээ их анхаарал тавьж , эмчдээ цаг тухайд нь үзүүлж, бичиж өгсөн витамин, эмийг цаг тухайд нь хэрэглээд үзүүлдэг байсан.
-Одоо дүү тань хаана эмчлүүлж байгаа вэ?
-Төрсний дараах тасагт хэвтэж байгаа. Хөхөнд нь сүү ороод, хажууд нь төрсөн ээжүүд хүүхдээ эрхлүүлээд, хүүхдийн уйлах дууг сонсоод миний дүүгийн сэтгэл санаа их л хүнд байна. Цаашид хэн нэгэн хүнд ийм эрсдэл учруулахгүйн тулд бид эмнэлгийн удирдлага, ЭМЯ гээд хандах ёстой бүх газарт хандана. Б.Батхишиг эмчид заавал хариуцлага тооцуулна гэсэн юм.
ЭХЭМҮТ-ийн Зүрх судасны эмч Б.Батхишигээс хариулт авах гэсэн боловч гар утсаа авсангүй, жижүүр сувилагчаас асуухад амбулаторийн үзлэг хийгээд завгүй байгаа гэлээ. Харин ямар шалтгаанаас үүдэн хоёр ихрийн амь эрсдээд байгааг ЭХЭМҮТ-ийн захирлаас тодруулах гэтэл ЭХЭМҮТ-ийн нөхөн үржихүйн үндэсний төвийн зөвлөх поликлиникийн эрхлэгч Я.Хишигсүрэнгээс мэдээлэл авчих гэсэн юм.
Захирлын зөвлөсөн ёсоор Я.Хишигсүрэнгээс дараах асуултад хариултыг авсан юм.
-Ямар учраас ихэр ураг амьгүй болсон гэж эмнэлгийн зүгээс үзэж байгаа вэ?
-Урьдчилсан байдлаар юунаас болсныг бид хэлж мэдэхгүй байна. Найман сартай, тэгээд ихэр ураг их эмзэг байдаг. Гадны нөлөөлөл байсныг үгүйсгэхгүй. Бид чухам юунаас шалтгаалан ураг эндэснийг тодруулахаар шинжилгээ аваад хийж байна.
-Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?
-Арваад хоногийн дараа гарах байхаа.
-Танайх ямар эхогоор жирэмсэн эхчүүдийг үздэг вэ?
-Манай эмнэлэг сүүлийн үеийн хоёр 3D эхотой, бас 4D хэмжээст эхогоор ургийг үздэг.
-Ихэр ураг амьгүй болсон тохиолдол хир байдаг вэ?
-Ер бол ихэр ураг хэвлийдээ амьгүй болох эрсдэл өндөр байдаг.
Ямартай ч хамгийн сүүлийн үеийн эхогоор харсан мөртлөө нэг ураг нь хүйгээ олон удаа ороосон байсныг анзаараагүй, цаг хэмнэх үүднээс нэг урагт үзлэг хийсэн эсэхийг бид эргэн мэдээлэх болно.
![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2011/5/c50d8db1a1807e26/a2bedde2217782bdoriginal.jpg)