МАН Үндсэн хуулийн цэцэд хандана

Хуучирсан мэдээ: 2012.09.18-нд нийтлэгдсэн

МАН Үндсэн хуулийн цэцэд хандана

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл, 2012 оны Төсвийн тодотголын төслүүдийг баталсан. Энэ хуулийн төслийг баталсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж МАН-ын гишүүд Үндсэн хуулийн Цэцэд хандахаар болсноо мэдэгдлээ.

УИХ-ын МАН-ын гишүүд өчигдөр хуралдаж, ээлжит бус чуулган хаах гэж байгаатай холбогдуулан батлагдсан хуулийн талаар ярилцаж, цаашид хэрхэн ажиллах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Эхнийх нь өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан Орон нутгийн сонгуулийн тухай хуультай холбогджээ. УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хэлснээр уг хуулийг батлахад чуулганы нэгдсэн хуралдаанд 20 хүрэхгүй шахам гишүүн байсан. УИХ-ын дэгийн тухай хуульд, хууль хэлэлцэн батлахад гишүүдийн ирцийг бүрдүүлсэн байх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаанаас эхлээд Ардчилсан намын гишүүд хоёроос доошгүй кноп дарж эл хуулийг баталсан. Өөрөөр хэлбэл, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн ирц хуульд заасан хэмжээнд хүрээгүй байхад шөнө дөлөөр хуралдаж хүчээр дарангуйлан маш чухал хуулийг баталсан тул Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргах ёстой гэж үзжээ. Мөн хуульд орон нутгийн сонгуулийг ирэх арваннэгдүгээр сарын 21-нд зохион байгуулахаар болсон нь сонгогчдын ирц хуульд заасан хэмжээнд хүрэхгүй байх сөрөг үр дагавар руу дагуулна гэлээ.

 Хэдийгээр Орон нутгийн сонгуулийн тухай хуульд энэ мэт сөрөг үр дагавар дагуулах заалтууд бий ч МАН-ын гишүүд өнгөрсөн хугацаанд дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор олонхийн бүлэгтэй зөвшилцсөний эцэст сонгууль өгөөгүй бол төрийн албанд томилохыг нь хориглох гэсэн хатуу заалтыг цуцлуулсан, сонгуулийн тойргийн хороодыг улс төрийн намуудын төлөөллөөр бүрдүүлэхээр заасныг төрийн албан хаагчид болгож өөрчилсөн зэрэг нааштай зүйлүүд бий гэлээ. УИХ-ын гишүүн Су.Батболд энэ талаар “Орон нутгийн сонгуулийг хэлэлцэх үед манай намаас нэр бүхий гишүүд орж ажилласан. Сонгуулийн хуулийг батлахад улс төрийн намуудын саналын үндсэн дээр батлах ёстой байсан. Ажлын хэсэг дээр бид өөрсдийн санал хүсэлтийг илэрхийлж байсан ч өнгөрсөн баасан гаригт  ирцгүйгээр баталсан. Орон нутгийн сонгуулийг нэг намын эрх ашгийн төлөө явуулах ийм алхам байсан гэж үзэж байна. Тиймээс бид Үндсэн хуулийн Цэцэд хандахаар болж байна” гэсэн юм. Мөн автомат тооллоготой холбоотойгоор давуу болон дутагдалтай талыг судалж үзсэн. Иргэд саналаа өгөхдөө итгэл, үнэмшилтэй байх ёстой. Гэтэл сонгуулийн санал авах автомат машинууд баталгаатай бус байгаа. Энэ мэт санал зөрүүтэй асуудал олон байсан учраас ирцгүйгээр энэ хуулийг баталсан гэх байр суурийг илэрхийлсэн.

МАН-ын гишүүн Н.Энхболд “Цаг хугацааны хувьд ч гэсэн хойшлуулж байгаагийн цаана маш том хардах сэдэв байна гэж үзэж байна. Хууль зөрчиж батлагдсаныг нь баримтжуулан Цэцэд хандахаар болсон” гэлээ. Мөн тус намын гишүүд ээлжит бус чуулган хаагдахаас өмнө УИХ дахь МАН-ын бүлгийг Үндсэн хуульд заасны дагуу албажуулаач ээ гэдэг хүсэлтээ 25 гишүүний гарын үсэгтэйгээр өчигдөр УИХ-ын даргад хүргүүлж буй аж. УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 19-нд өндөрлөх ёстой, Гэхдээ УИХ-ын даргын хувьд ээлжит бус чуулганы хугацааг сунгах боломжтой. Эл эрх хүрээндээ МАН-ын бүлгийг албан ёсны болгох хүсэлтийг ийнхүү МАН-ын гишүүд тавьж буй юм байна. МАН-ын гишүүд Засгийн газарт санал хүргүүлжээ. Энэ нь төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлж байгаа явдлыг эсэргүүцсэн юм байна. Тухайлбал, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч гэсэн нэрийн дор төрийн нарийн бичгийн дарга нарыг томилсон зэрэг нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа гэж үзжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж