![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/2/6ca8e9b4c1b271a0/36587fa6cb794b84big.jpeg)
Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Монгол Улсын Их хурал, Засгийн газраас өнгөрсөн жилүүдэд хэд, хэдэн чухал шийдвэр гаргасны дотор Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмших болсон явдал билээ. Мөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг нэрлэсэн үнээр нь арилжаалах шийдвэр ч багтсан юм. Гэхдээ дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгаа нь байдлыг амаргүй болгожээ. Тэр дундаа Тавантолгойн ордод төрийн мэдлийн “Эрдэнэс тавантолгой” компаниас гадна орон нутгийн өмчит Тавантолгой компани, “Энержи ресурс” зэрэг хэд, хэдэн компани олборлолт явуулдаг. Тэр бүгдийн олборлосон нүүрс зөвхөн урд хөрш рүү экспортлогддог. Бие биенээсээ өрсөж нүүрсээ борлуулахын тулд үнээ буулгадаг гээд яривал бас л баялгаа үнэгүйдүүлэх нэг шалтгаан эндээс үүдэлтэй аж. Өөрөөр хэлбэл, энэхүү нүүрс нь Монголын баялаг учраас нэг цонхоор ижил үнээр гаргаж байж гэмээнэ гадаадынханд идүүлэхгүй байх бололцоо бүрдэнэ.
Харин “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Б.Энэбишийн хэлснээр нүүрсний үнийн асуудал мөнхийн сэдэв байх болно, бараг шийдвэрлэгдэх бололцоогүй зүйл гэлээ. Гэхдээ “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьд нүүрсний нийлүүлэлт талд санаа зовох зүйл бага. Учир нь Хятадын төрийн өмчит Чайлько компанид нүүрсээ борлуулдаг нь олон улсын төвшинд нэлээд итгэл хүлээлгэж байгаа аж. Одоогийн байдлаар “Эрдэнэс тавантолгой” компани нэг тонн нүүрсээ Чайлькод 66 ам.доллараар тооцон борлуулдаг. Энэ бол хилийн наана буюу Ганц модон дээр барьж буй үнэ. Оны эхэнд нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар тооцон нийлүүлдэг байсан. Үнэ унасан нь дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасантай холбоотой. Тэгвэл “Энержи ресурс” компани нь Ухаа худгаас боловсруулсан нэг тонн угаасан нүүрсээ одоо 87 ам.доллараар борлуулдаг бол бусад аж ахуйн нэгжүүдийн нүүрс 50 ам.доллар луу унажээ. Товчхондоо бол дэлхийн эдийн засаг хямарч байгаа хүнд нөхцөлд “Эрдэнэс тавантолгой” компанийн түүхий нүүрс хаа очиж гайгүй үнээр борлогдож буй нь энэ гэнэ.
Ямар ч байсан “Эрдэнэс тавантолгой” компани нь Чалькод нэг сая тонн нүүрсийг нийлүүлнэ, ингэхдээ гэрээнд зааснаар нэг тонныг нь 70 ам.доллараар тооцно гэжээ.
Харин эл үнийг хэдий болтол мөрдөх талаар УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ түүнээс тодруулав. Ингэхдээ удаан хугацаагаар энэ үнийг барих нь Монгол Улсад ашиггүй, тэр дундаа Чалькогийн хувьцааны үнэ өсөхөд гол нөлөө үзүүлэх болж тухай ч хөндсөн. Үүнд Б.Энэбиш дарга “”Эрдэнэс тавантолгой” компанийн хувьд Чалькотой 6.5 жилийн хугацаатай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Одоо бол Тавантолгойн ордны хамгийн эхний давхарга буюу дөрөвдүгээр давхраас хуулсан нүүрсийг нийлүүлдэг учраас үнэ нь харьцангуй доогуур. Нийт 1.5 сая орчим нүүрсийг нийлүүлсний дараа буюу 2013 оны хавраас нүүрсний үнийг дахин шинэчлэн тогтооно гэсэн хариулт өглөө.
Тавантолгойн ордтой холбоотойгоор хөндөгдсөн хоёр дахь асуудал нь “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг хэрхэн үнэтэй болгох тухайд байв. Дэд бүтэц тавигдсан цагт нүүрсний үнэ өсөх бололцоотой. Гэвч энэ асуудал төдий л амжилтгүй байгаа, дээр нь гадаад зах зээлд тус компанийн хувьцааг арилжаална хэмээн сүр дуулиан болсон ч одоо хэр нь нааштайгаар шийдвэрлэгдээгүй. Дээр нь “Энержи ресурс” компани Хонконгт хувьцаагаа арилжаалж болоод байхад Монголын төр яагаад ийм чадамжгүй байна вэ. Тавантолгойд дэд бүтэц шаардлагатай байгаа бол “Энержи ресурс”-ийн бий болгосон дэд бүтцийг яагаад ашиглаж болохгүй байна вэ гэдэг асуудал ч хөндөгдсөн. Ер нь цаашид төмөр зам, цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгаа юм биш үү гэдэг санааг ч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан онцоллоо.
Үүнд Б.Энэбиш дарга “Энержи ресурс” компанийн хувьд хоёр жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлсэн, дээр нь хувийн компани учраас бусдаас хамаарал багатай тул хурдтай ажиллаж чаддаг. “Эрдэнэс тавантолгой” компанид загвар болж байгаа, ялангуяа алдаа нь юу байв, оноо нь юу байв гэдгийг үнэлж цэгнэн цааш явахад маш их сургамж болдог. Нөхцөл байдлаа авч үзэхээр “Эрдэнэс тавантолгой” компани нь төмөр зам, авто зам зэрэг төслүүд дээр хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай. Тэр дундаа Тавантолгой ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дэд бүтэц дээр төртэй хамтран ажиллах зайлшгүй шаардлага бий гэлээ.
Мөн энэ үеэр гишүүд Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийх болсон шалтгаан нь “Эрдэнэс тавантолгой” компани нь Хүний хөгжлийн санд 937 тэрбум төгрөгийг төвлөрүүлж чадаагүйгээс үүдэлтэй тул шалтгаан нөхцлийг тайлбарлаж өгөхийг хүссэн юм. Харин Б.Энэбиш дарга Төсвийг ярилцах үед УИХ ч, Засгийн газар ч компанитай тодорхой ярилцдаггүй, пад гээд л шууд ийм хэмжээний мөнгө төвлөрүүлэх ёстой гээд тулгачихдаг. Санаа оноогоо хэлээд ч үг авдаггүй, гэхдээ 2012 оны төсөвт шууд утгаараа “Эрдэнэс тавантолгой” компани Хүний хөгжлийн санд 937 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тусгаагүй, Төрийн өмчийн хороо төвлөрүүлнэ гэж орсон байх ёстой. Манай компанийн хувьд хэр чадлаараа зүтгэснээр 80 тэрбум төгрөгийг энэ хавар төвлөрүүлсэн. Гол нь Баруун цанхийн хэлэлцээр амжилттай болбол урьдчилаад 1 тэрбум ам.долларыг олох боломжтой гэдэг гаргалгаанаас дээрх мөнгөн дүн тавигдсан байх талтай гэлээ. Ийнхүү төрийн мэдлийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компанитай холбоотой асуудлаар гишүүд мэдээлэл сонссоноор тус байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.