Харин өнгөрсөн долоо хоногт арлыг Япончууд худалдан авсан тухай мэдээ цацагдсан даруйд Хятадууд гудамжинд гарч, эсэргүүцэн жагсчээ. Эсэргүүцлийн хөдөлгөөн Хятадын олон хотод дэгдсэн бөгөөд хүмүүс Японы далбаа, япон автомашинуудыг шатааж, түймэрдсэн аж. Жагсагчдаас болж, Хятад дахь “Канон”-ы үйлдвэр мөн үйл ажиллагаагаа зогсоосон талаар Блумберг өнөөдөр мэдээлсэн юм. Японы үйлдвэрүүд рүү дайрч буй дээрх халдлагууд хөрөнгө оруулагчдыг сандаргаж байгаа аж. Японы Засгийн газар маргаантай гурван жижиг арлыг эзэмшиж байсан бизнесмен Куниоки Курихара гэгчээс худалдан авах гэрээнд саяхан гарын үсэг зурсан аж.
Хямд өртөгтэй үйлдвэрлэлийг бүс нутагтаа давуу тал болгосон Хятадад сүүлийн үед хөдөлмөрийн хөлс улам нэмэгдэж буйг гадаадын хөрөнгө оруулалттай холбон тайлбарладаг. Гэвч Хятад дахь Японы үйлдвэрүүд рүү халдах нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж, эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж шинжээчид бичиж байна. Ази-Номхон далайн тус бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал даамжирч, мөргөлдөөн гарахаас өмнө дипломат аргаар шийдэхийг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панетта хоёр орны эрх баригчдад уриалсан байна. Маргаантай арлын асуудлаас болж хоёр орны харилцаа ээдрээтэй байгаа тул Бээжин дэх Японы Элчин сайдын яамыг өндөржүүлсэн хамгаалалтад авч, зэвсэгтэй 1,000 хамгаалагч харгалзаж байгаа юм байна.