Орон нутгийн сонгуулийн хуулийг хууль зөрчин баталсан гэв

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуулийн хуулийг хууль зөрчин баталсан гэв

УИХ дахь МАН-ын гишүүд өнөөдөр хуралдаж, гурван ч асуудлыг хэлэлцсэн байна. Эхнийх нь өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан Орон нутгийн сонгуулийн тухай хуультай холбогджээ. УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хэлснээр уг хуулийг батлахад чуулганы нэгдсэн хуралдаанд 20 хүрэхгүй шахам гишүүн байсан. УИХ-ын дэгийн тухай хуульд, хууль хэлэлцэн батлахад гишүүдийн ирцийг бүрдүүлсэн байх ёстой, дээр нь УИХ-ын гишүүн өөрийнхөө кнопыг дарах ёстой. Гэтэл УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаанаас эхлээд Ардчилсан намын гишүүд хоёроос доошгүй кноп дарж эл хуулийг баталсан. Өөрөөр хэлбэл, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн ирц хуульд заасан хэмжээнд хүрээгүй байхад шөнө дөлөөр хуралдаж хүчээр дарангуйллаар маш чухал хуулийг баталсан тул Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах ёстой гэж үзжээ. Мөн хуульд орон нутгийн сонгуулийг ирэх арваннэгдүгээр сарын 21-нд зохион байгуулахаар болсон нь сонгогчдын ирц хуульд заасан хэмжээнд хүрэхгүй байх сөрөг үр дагавар руу дагуулна гэжээ.  Хэдийгээр Орон нутгийн сонгуулийн тухай хуульд энэ мэт сөрөг үр дагавар дагуулах заалтууд бий ч МАН-ын гишүүд өнгөрсөн хугацаанд дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор олонхийн бүлэгтэй зөвшилцсөний эцэст сонгууль өгөөгүй бол төрийн албанд томилохыг нь хориглох гэсэн хатуу заалтыг цуцлуулсан, сонгуулийн үйл ажиллагааг намууд зохион байгуулахаар заасныг төрийн байгууллага зохион байгуулна гэж өөрчилсөн зэрэг нааштай зүйлүүд бийг ч мөн тэмдэглэлээ.

Хоёр дахь асуудал нь ээлжит бус чуулган хаагдах гэж байна, түүнээс урьтаж УИХ дахь МАН-ын бүлгийг Үндсэн хуульд заасны дагуу албажуулаач ээ гэдэг хүсэлтээ 25 гишүүний гарын үсэгтэйгээр өнөөдөр УИХ-ын даргад хүргүүлж буй аж. УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 19-нд өндөрлөх ёстой, гэхдээ УИХ-ын даргын хувьд ээлжит бус чуулганы хугацааг сунгах боломжтой. Эл эрх хүрээндээ МАН-ын бүлгийг албан ёсны болгох хүсэлтийг ийнхүү МАН-ын гишүүд тавьж буй юм байна.
Гурав дахь нь Засгийн газарт санал хүргүүлжээ. Энэ нь төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлж байгаа явдлыг эсэргүүцсэн юм байна. Тухайлбал, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч гэсэн нэрийн дор төрийн нарийн бичгийн дарга нарыг томилсон зэрэг нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа гэж үзжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж