Монголд газрын тосны хайгуул эрхэлдэг “Петро Матад” компани гүйцэтгэх захирлаараа Жорж Воткинсийг томилжээ. Харин тус компанийн өмнөх захирал Ж.Оюунгэрэл дэд захирал болж байгаа боловч удирдах зөвлөлийн гишүүн хэвээр үлдэх гэнэ. Уул уурхайн салбарт туршлагатай гэгдэж буй Жорж Воткинс “Петро Матад” компанид өнгөрсөн гуравдугаар сараас хойш ажиллаж байгаа юм байна. Жорж Воткинс нь Их Британийн “ConocoPhillips” компанид 29 жил ажилласан гэнэ. Тус компанийн гүйцэтгэх захирал асан Ж.Оюунгэрэл “Жорж Воткинс энэ оны эхээр удирдах зөвлөлд томилогдон ажилласан цагаас хойш компанид үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан” хэмээн ярьсан байна.
“Петро Матад”-ын шинэ гүйцэтгэх захирал Ж.Воткинсын хэлснээр тус компани газрын тосны хайгуул шинжилгээ явуулах хамгийн тохиромжтой байрлалтай гэнэ. Өнгөрсөн сарын эхээр тус компани XX талбай дахь хайгуулын хугацааг дахин таван жилээр сунгасан юм.
Тус компани “Давсан толгой” төсөл эхлүүлсэн хайгуулын XX талбайн хайгуулын үр дүн гарна гэдэгт итгэж байгаа юм. Ирэх таван жилд тус компани хайгуулын ажилд 47 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна.
Н.ЭНХ