АНУ-ын уран бүтээлчдийн хийсэн "Innocence of Muslims" хэмээх киноны 14 минутын трейлер “ Youtube” сайтад тавигдсанаас хойш дэлхий дахины лалын шашинтнуудын уур бухимдлыг төрүүлэн, олон оронд эсэргүүцлийн жагсаал, цуглаан болсон. Гэтэл сүүлийн хэд хоногт энэ байдал улам бүр хурцдан, лалын шашинтан улсууд дахь АНУ-ын Элчин сайдын яамдууд руу эсэргүүцэгчид халдан, АНУ-ын төрийн далбааг шатаах зэргээр дургүйцлээ илэрхийлж, үймээн самуун гаргасаар байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Ливи дэх АНУ-ын Элчин сайдын яаманд халдлага гарч, Элчин сайд Кристопер Стевенс болон албаны зарим хүн амь эрсэдсэн юм. Дээрх нөхцөл байдлаас үүдэн АНУ-аас гадна Канад улс АНУ-ын эсэр эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимтэй явагдаж буй Ойрх Дорнодын орнууд дахь Элчин сайдын яамдуудаа түр хаажээ. Канад улс өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Египет, Судан, Ливи зэрэг улсууд дахь Элчин сайдын яамаа түр хаасан бол өнөөдрөөс дахин нээж, хэвийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. АНУ-ын уран бүтээлчдийн хийсэн "Innocence of Muslims" хэмээх кино нь лалын номлогч Мухаммедийг илт доромжилж, лалын шашинг гутаасан хэмээгдэх болсон бөгөөд уг киноноос үүдээд лалын шашинт ихэнхи оронд үймээн самуун дэгдээд буй юм.
Б.АНХТУЯА