Үндэсний зөвлөлд Д.Сосорбарамыг нэр дэвшүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

Үндэсний зөвлөлд Д.Сосорбарамыг нэр дэвшүүлжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Хурлаас тодорхой шийдвэр гараагүй тул албан ёсоор мэдээлэл хийсэнгүй. Гэхдээ эх сурвалжаас авсан мэдээллээр бол Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд нийт 15 гишүүн байдгаас наймынх нь зургаан жилийн хугацаа дуусгавар болжээ. Тиймээс тус зөвлөлийн гишүүдийг шинээр томилох шаардлага үүссэн, энэ дагуу Ерөнхийлөгчөөс хоёр, УИХ-аас дөрөв, Засгийн газраас хоёр хүнийг тус бүр нэр дэвшүүлэх болж байгаа аж. Ямар ч байсан Ерөнхийлөгчөөс Төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарам, Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоо нарыг тус бүр дээрх Үндэсний зөвлөлд нэрийг нь дэвшүүлсэн бол Засгийн газраас А.Арман, А.Мөнхбат нарыг дэвшүүлсэн тухай онцоллоо. Харин УИХ-ын зүгээс санал болгох гишүүдийн нэрийг нэлээд шигших шаардлагатай болж буй аж. Учир нь барагцаагаар 30 шахам хүн Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн юм байна. Гэхдээ Ардчилсан намын бүлгийн энэ удаагийн хуралдаанаас зургаан хүнийг шигшиж үлдсэн гэнэ. Тиймээс эдгээр хүмүүсээ дахин шигшинэ.

Мөн энэхүү асуудал дээр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг саналаа нэгтгэх ёстой, улмаар Ардчилсан намын бүлэгтэй санал солилцоно, үүний дараа найман хүнийг аль аль чиглэлд санал болгон ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгох вэ гэдгээ эцэслэх юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж