Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн 20 жилийн хугацаанд үе үеийн МАН дарга нар эрх барьж ирсэн. Өнгөрсөн хугацаанд Чингэлтэй дүүргийн газрыг хууль бусаар олгосон, иргэдийн эрх ашгийг хохироосон, ая тухтай амьдрах орчныг алдагдуулсан өнөөгийн бөглөрөл түгжрэлд гол хувь нэмрээ оруулсан бүлэг фракцийн нөхдүүд удирдаж ирснээс биш дүүргийн Засаг даргаар ажилласан шиг ажиллах удирдлага байсангүй. Сая тус дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг тэргүүтэй төлөөлөгчид хуралдаж дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг үүрэгт ажлаа хийж чадаагүй гэх үндэслэлээр огцруулсан. Ингэхдээ огцруулсан бичгийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэлгүй хав дарж байж яаран дахин хуралдаж шинэ Засаг даргаар Т.Аюурсайхан гэгчийг дэвшүүлсэн нь албан тушаалын төлөөх амиа тавихаас буцахгүйг харуулсан. Шинэ, хуучин Засаг дарга хоёулаа МАН-ын гишүүд. Хуучныгаа халаагүй байж хууль журмыг зөрчин байж шинийг тавьж дур зоргоороо авирласан нь МАН-ын бүлэглэлүүдийн хоорондох өрсөлдөөн орон нутгийн сонгуулийн өмнө хурцдаж эхэлсний шинж байв. Д.Ганболд бол хотын хуучин дарга Г.Мөнхбаярын хүн гэгддэг. Тэрбээр хотод цөөнгүй жил ажилласан. Тодруулбал, Нийслэлд Төрийн сангийн даргаар 10 жил ажиллаж байгаад өнгөрсөн 2008 оноос хойш дүүргийн Засаг даргаар томилогдсон. Шинэ Засаг даргаар тодронгоо алдсан Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн асан Д.Очирбатын хүн. Д.Очирбатын хүн гэхээсээ илүүтэй дүүргийн ИТХ-ын дарга, МАН-ын гишүүн Ч.Батбилэгийн утсан хүүхэлдэй. Ч.Батбилэг УИХ-ын гишүүн асан Д.Очирбатыг дүүргийн Засаг даргаар ажиллаж байхад дүүргийн газрын албаны даргаар олон жил ажилласан гарынх нь дохио зангаагаар хөдөлдөг хүний нэг бөгөөд эдгээр фракциудын эрхмүүд бүгд газрын асуудлаар хэвлэл мэдээллээр олонд танигдсан хүмүүс. Дүүргийн Засаг даргыг огцруулах, хууль бусаар томилох ажлыг гардан гүйцэтгэж байгаа хүн бол дүүргийн ИТХ-ын дарга Ч.Батбилэг. Орон нутгийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан УИХ-ын сонгуульд бүдэрсэн Д.Очирбатыг Чингэлтэй дүүргийг бужигнуулаад байна гэх хардлага ил цагаандаа гартлаа дуулдах болсон. Ер нь МАН-ын бүлэглэл хоорондын албан тушаалын золиос болж буй 150 мянган хүн амтай Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн хугацаанд иргэдийн эрх ашгийн төлөө ямар ажил хийж ирэв. Эргээд нэг харцгаая. Чингэлтэй дүүрэгт бүтээн байгуулалт нэрийн дор үр ашиггүй хөрөнгө, мөнгө зарсан түүх олон бий. Жишээ нь, Анкарагийн гудамжыг тохижуулахад хоёр сая гаран ам.долларын хөрөнгө оруулсан байдаг аж. Дүүргийн тусгаар тогтнолын талбайг босгоход тэрбум төгрөг, гэрэлт хөшөөнд 800 сая төгрөг, Явуухулангийн цэцэрлэгээс авахуулаад маш олон тэрбум төгрөгийг хотын төвийн тохижилтод зарцуулсан. Гэр хороолол руу чиглэсэн дорвитой ажил хийгдсэнгүйгээр барахгүй олон мянган хүүхэд, багачууд цэцэрлэг, сургуульд явж чадахгүйдээ хүрсэн. Одоогийн байдлаар тус дүүрэгт зарим сургууль гурван ээлжээр хичээллэж, 25 хүүхдийн анги танхимд 45 хүүхдийн багтаамжтайгаар хичээллэж байна. Цэцэрлэгийн насны 10 хүүхэд тутмын дөнгөж дөрөв нь цэцэрлэгт хамрагдахдаа мөн л багтаамж нь нэг дахин хэтэрсэн тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Сургууль, цэцэрлэг барих алга дарам газар Чингэлтэйд олдохгүй гэх хэрнээ зөвшөөрөлгүй барилгуудад алд алдаар нь бэлэглэсэн албан тушаалтнуудад яагаад хариуцлага тооцож болохгүй гэж. Аль нэг намын нэртэй малгай өмссөн эсэхээс илүүтэй төрийн нэрэн дор хууль зөрчиж хувийн эрх ашгийг тэргүүндээ тавьсан дүүргийн хурган дарга нарыг хэдий болтол өөгшүүлэх юм бэ. Олон мянган хүүхдийн ая тухтай орчинд амьдрах, сурч хүмүүжих, иргэдийнхээ аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа хэрнээ дүүргийн албад, хэлтсийн хурган дарга нар тансаг хэрэглээгээ багасгах биш улам бүр нэмжээ. Гадаад томилолтод олон сая төгрөг зарцуулагдахын зэрэгцээ унах унааны мөнгөнд л гэхэд 200-гаад сая төгрөгийг зарсан байх жишээтэй. Мөн хорооны Засаг дарга бүрт “Ipad” бэлэглэж тансаглуулдаг атлаа үүний оронд дүүргийн цэцэрлэг, сургуулийн тоог нэмэгдүүлэхээр ямар ажил хийв. Ажил хийгдэх нь битгий хэл санал, санаачилга гарч байгаа бил үү. Чингэлтэй дүүргээс сонгогдож байсан УИХ-ын гишүүн Д.Очирбат, Д.Зоригт нарын жилдээ тойрогтоо зарцуулах тэрбум тэрбумыг нийлүүлвэл хэдэн ч цэцэрлэг, сургуультай болгочих хэмжээний мөнгө. Дүүргийн Засаг дарга гэдэг бол 150 мянган хүн амын өрхийн тэргүүн гэсэн үг. Түүнээс биш нам доторх бүлэглэл, фракциудын албан тушаалын төлөөх хувийн амбиц, албан тушаалын сэнтий биш. Иргэдийн төлөө гараа ч хөдөлгөдөггүй дарга нараас залхсандаа Нийслэлийн иргэд тэр тусмаа Чингэлтэйн иргэд МАН-д муу дүн тавьсан нь өнгөрсөн сонгуулиар илэрсэн. Одоо орон нутгийн сонгууль сарын дараа болох гэж буйтай холбогдуулан МАН дүүргийн намын даргын болон Засаг даргын суудалд суухаар улайран тэмцэлдэж, хууль зөрчиж шинэ, хуучин Засаг нартай болж хөгөө чирч сууна. Дүүргийн Засаг дарга нарыг алийн болгон сонгуулиас сонгуулийн хооронд хэсэг бүлэг фракцийн томилдог албан тушаалын шат дамжлага болгосоор байх вэ. Чингэлтэйчүүд дүүрэгтээ өөриймсөг сэтгэлээр ажлаа явуулдаг өрхийн тэргүүнтэй байхыг одоо хүсч, хүлээж байна.
Эх сурвалж: “Өдрийн сонин”.