Чөлөөт бөхийн эрчүүд ээ, одоо хамтдаа өндий

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн эрчүүд ээ, одоо хамтдаа өндий

Олимпийн дараа хэсэг амсхийсэн тамирчид бэлтгэл сургуулилтдаа оржээ. Эргээд бодоход, маш их хүлээлттэйгээр, ер нь л урьд өмнөх олимпиудаас өөр сэтгэлзүйгээр монголчууд Лондонгийн олимпийг үзжээ. Тамирчин бүрээс амжилт хүсдэг болж. Тийм ч болоод тэдэнд маш их “агсам тавилаа”. Гэлээ гэхдээ анх удаа олимпийн наадмаас  таван медаль хүртсэн энэ амжилтыг голох шалтгаан бидэнд байхгүй ээ. 

Сүүлийн хоёр ч олимпод Германы нэрийн өмнөөс буудаж байгаа Д.Мөнхбаяр гавьяат эхний 30 сумандаа тэргүүлж явсан ч хурдан буудлагын үеэр буу нь гацаж, олимпийн алт авч, тэр байтугай олимпийн рекорд эвдэж болох байсан маш том боломжоо алдлаа. Энэ ялагдлын дараа тэр ээжтэйгээ хамт Лондонд очсон охиноо тэврээд асгартал уйлсныг нь сонсоод хамгийн их харамсал төрж байлаа. Д.Мөнхбаяр гавьяат бол олимпийн зангараг, дэлхийн тамирчны цараагаа хамгийн олон жил хадгалж яваа Монгол хүн.

“Цахилж явдаг Цагаанбаатар маань энэ өдрүүдэд цурхирч байна. Дэлхийн жүдогийн ертөнцийг нэр сүр, ааг омог, амжилт бахдалаараа чичрүүлж ирсэн түүнийг ганцхан секундын гишгэдэл дээр хальтран унахад хачирхалтай нь эх орон нэгтнүүд нь хамгийн эхэлж нүүр буруулав. Яасан ч хямдхан сэтгэл, ямар ч хэврэг итгэл юм” гэж сэтгүүлч Б.Ганчимэгийн бичсэнтэй би хувьдаа санал нийлнэ. Хүмүүсийн өөрт нь хаягласан хатуу үгс дундаас Цагаанаа авахыгаа авч, гээхийгээ гээх биз ээ.

Н.Түвшинбаяр аваргын амжилт бол ярих юм байхгүй. “Нэг хэсэг тэнгэрт гарсан. Аавдаа загнуулаад бууж ирсэн” гэж олны хүндлэл дэвэргээн дунд нисч, шуугиж явснаа үнэнээр нь уудлан гаргасан аваргаар бахархаж байна. Үг хэл, зан төлөвөөрөө тэр одоо  аварга шиг аварга болжээ. Адаглаад л олимпийн хоёр дахь медалиа “Хөлөө бэртээчихээд хүнд нөхцөлд медаль авлаа. Аз таарсан, надад” гэж ярих нь өөрийнх нь хийсэн даруу бөгөөд хачиргүй дүгнэлт байв. Монголчууд даруу занг илүү хайрладаг.


 
Боскын У.Мөнх-Эрдэнэ маань спортод үнэнч, тууштай, зүтгэлтэй явсныхаа үр дүнг энэ олимпиор харлаа. Хэзээд даруу байж ирсэн, хэзээ ч шантарч байгаагүй түүнд Монголын ард түмэн ч ямар их хайртайгаа харуулж чадсан гэж бодож байна. Энэ хүн тэр хайрыг мэдэрч, нуруун дахь ачаагаа нимгэлэх цаг болсон. Олон жилийн хөлс, хүчээ олимпийн медальд л хүргэж амжаагүй харамсалтай ялагдлууд манай олон шилдэг тамирчдыг дайрсан. Халиуны Болдбаатар, Хишигбатын Эрдэнэт-Од, Оюунбилэгийн Пүрэвбаатар,  Доржготовын Цэрэнханд, Дамдинсүрэнгийн Нямхүү нарын ясны хэдэн тамирчдаа олимпийн медалиас атгаад алдсанд нь одоо ч харамсал тайлагддаггүй юм. Түүн шиг харамсалтай зүйл болох вий гэсэн бодол олон хүнд төрсөн байх аа. У.Мөнх-Эрдэнийн медаль тийм их хүлээлттэй байснаараа ҮНЭ ЦЭНЭ-тэй. 30 нас гэдэг олимпод өрсөлдөх сүүлийн боломжуудын нэг.

Н.Төгсцогтын характер. Олимпийн өдрүүдээс авч үлдээд хадгалчихмаар зураглал энэ залуугийнх байлаа. Хорьхон насандаа олимп, дэлхийн хос медальтан болсон Н.Төгсцогтын ХАРАКТЕР-аар бардамнаж байна. Лондонгийн олимпийн хамгийн хатуу, хамгийн бахархам мөчүүд түүнийх байв. Түүний ялалтууд, түүний спортын характер, хэлэх гэсэн бүхэн нь үнэн бөгөөд хайрламаар “ДҮР” байж чадлаа. Зүгээр л энгийнээр хэлэхэд Монгол хүн олимпийн мөнгөн медалийг “голж”, нулимс унагаасан нь энэ хүүгээс гарсан ХҮЧ, бидний хувьд бол жинхэнэ бахархал юм шиг санагдав.

Хүн бүхний хэлээд байгаа спортын сэтгэлзүй гэдэг зүйлийг Н.Төгсцогтын тулаан бүрээс, түүний бодлоос уншиж болохоор. Ялагдал бүрийн ард шалтгаан байдаг ч шалтгаан нь тод ялагдлыг бүгд хүлээн зөвшөөрдөг. Н.Төгсцогт маш дайчин, өөртөө итгэлтэй зантай. Гэхдээ тэрийгээ олны өмнө ил гаргадаггүй. Амьдрал дээр тэр илүү зөөлөн харагддаг ч эвдрээгүй инээмсэглэлийнх нь цаана “Хүүхдүүдэд гараад бокс заагаад өгнө өө” гэсэн гайхалтай бодол тэсэрч явдаг. Энэ л спортоос олж авах ёстой дүр юм.

Монголын спортын түүхэнд хамгийн залуу олимпийн медальтан Лондонгийн олимпиос тодорсон нь Н.Төгсцогт. Тэр 20 нас 50 хоногтойдоо олимпийн наадмаас мөнгөн медаль хүртжээ. “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд эх орноо төлөөлсөн Н.Төгсцогт аваргын төлөөх тоглолтод Кубын тамирчин Робейси Рамирез Карразанад 14-17 (5-6; 4-4; 5-7) харьцаагаар ялагдал хүлээсэн ч түүний медалийг спортын сэтгүүлчид “Цагаан алтан медаль” хэмээн хайрлан бичсэн байсан. Энэ нь ялагдлыг өмгөөлсөндөө бус ялагдалтайгаа эвлэрч чадахгүй байсан өөртөө итгэх итгэлийг нь үнэлсэн хэрэг биз ээ.

“Сэтгэгдлээ хуваалцаач” гэсэн сэтгүүлчдийн асуултад Н.Төгсцогт “Санасандаа хүртэл тоглоогүй юм чинь би юу ярихав дээ…” хэмээн эрс шулуун хариулсан байна лээ. Энэ ч бас жинхэнэ тулаанчийн л үг байх.

Чөлөөт бөхийн чөлөөний амралт. Үнэхээр дуугүй өнгөрч боломгүй ялагдал чөлөөтийнхнийх байлаа. Хатуухан хэлэхэд, тэд Лондонгийн олимпод бүтэн багаараа өвдөг шороодов. Гавьяат тамирчин С.Батцэцэгийн Лондонгоос авчирсан хүрэл медаль байгаа ч эмэгтэйчүүдийнхээ ийм амжилтаар энэ спорт сүүлийн үед юм л бол нүүр тахалж байна.

Тэд цагтаа Монголын спортын хаан нь байлаа. Жишээлбэл, анхны олимпийн медальтан чөлөөтийнх /Ч.Дамдиншарав/, олимпиос авчирсан хамгийн олон медаль тэднийх /9/, дэлхийн аваргаар овоглодог медалийн дийлэнх нь /40/ мөн чөлөөт бөхийнхний мэдэлд байдаг. Ийм бат бэх суурьтай спортын эрчүүд гэтэл сүүлийн долоон олимпиос хоосон иржээ. Эмэгтэй чөлөөт бөхөөр сүүлийн дэлхийн аваргуудад, энэ удаагийн Лондонгийн олимпиос медаль хүртсэнд мэдээж халуун баяр хүргэх ёстой. Гэхдээ чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл эрчүүдээ бодвол одоо л хүрээгээ тэлж яваа, залуу спорт. 2004 оноос энэ төрлийг олимпод багтааж эхэлсэн. Тийм болохоор эрчүүдийн үүрэх ёстой ачааг тэдний тэгнэсэнтэй дүйцүүлж боломгүй юм. Чөлөөт бөхийн эрчүүд одоо хамтдаа өндийх хэрэгтэй.

Хоёр мянган он гарснаас хойш О.Пүрэвбаатар /2001, 2002/, Б.Наранбаатар /2005, 2007/ гэсэн хоёр тамирчин л эрчүүдээ төлөөлж дэлхийн аваргаас медаль хүртэн, бусад олон тэмцээнд ч чөлөөтийнхний нүүрийг тахалжээ. Түүний хажуугаарх том амжилтууд дандаа бүсгүй хүнээр овоглож байна. Дэлхийн аваргаас Ц.Энхжаргал /2005 он-хүрэл/, Д.Нармандах /2007 он-хүрэл/, О.Насанбурмаа /2008, 2011-хүрэл/, О.Насанбурмаа /2009-мөнгө/, Б.Одончимэг /2009-хүрэл/, С.Батцэцэг /2010-алт/, Д.Отгонцэцэг /2011-мөнгө/, Б.Оюунсүрэн /2011-мөнгө/ нар медаль хүртсэн гэх мэтээр.

Чөлөөт бөхөө үнэндээ бол өмөрмөөр санагддаг. Гэхдээ өнөөдөр энэ спортын толгой нь сул, тогоо нь дэндүү их хагарсан байна. Монголын спортод дасгалжуулалтын цоо шинэ үе, арга барил үгүйлэгдэж байгаагийн нэг жишээ энэ багаас харагддаг. Чөлөөт бөхийн холбоонд сайн дасгалжуулагч бий. Сайн тамирчид ч байгаа. Гэхдээ дасгалжуулагчдын хэсэг нь өөр өөрсдийн эрх ашгийн төлөө, заримдаа ч бүр дэвжээнийхээ нэрийг тод чанга хэлүүлэхийн төлөө ажиллаж байна. Маш олон сайн дасгалжуулагч нэг, хоёр хүүхэд тэвэрч зогсоод, “Миний шавь л медаль авна" гэсэн хувийн бодлоо нэгдүгээрт тавьдаг болсон. Хатуухандаа бол саяын олимпийн өмнөх эрхийн тэмцээнүүдэд ингэж маргалдсаар байгаад хөнгөн жинд найдвар болсон тамирчдаа цагийг нь олж, хүнийг нь таньж явуулж чадаагүй. Тэрнээс болоод эрх авах боломжтой жинд эрхээ авч дийлээгүй.

Олимпод өрсөлдөж байгаа улс орнууд өнөөдөр дан ганц спортын дүрмээр бус шинжлэх ухаан, техник, тэсрэлт, сэтгэлгээний хөгжлөөрөө уралдаж байна. Тамирчид түүнийх нь нэрийн хуудас болж харагдах нь орчин үеийн олимпийн ялгарал. Монголд ч тэр, дэлхийд ч тэр спортын хөгжлийг улсын бодлогоос гадна спорт холбоодын менежментээр удирдан чиглүүлж байгаа. Холбоод анхнаасаа буруу, дотроо хагаралтай, олон салаа үзүүртэй ажиллаж эхэлбэл Асашёорюү аварга шиг арвын арван хүн сэтгэл, мөнгө хоёроор мянга тордоод нэмэр байхгүй ээ. Өнөөдөр чөлөөт бөхөд зориулагдаж байгаа олон хүний хөлс, хүч маш хайран урсаж байна. Чөлөөт бөх тэгж л харагдаад байдаг. Хэтэрхий их хэл ам, явган хэрүүл, үл эвлэрэл тэдэнд байна. Холбоо нь алсын бодлогогүй байна.

Тийм учраас л Монголчуудын хайртай чөлөөт бөхийн амжилт буурсаар байгаагийн хариуцлагыг хатуу нэхэх нь ЛОНДОН-гийн олимпиос үлдсэн том даалгаврын нэг болж байна. Энэ спортыг нэг бол авар, нэг бол орхи гэдгийг олон тэмцээн, олимпийн наадмууд дараалан санууллаа.  Хамаатах улсууд нь болгооно биз ээ.

Б.БАДАМГАРАВ

“Үндэстний тойм” сэтгүүл. №36 /2012.09.03/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж