Орон нутгийн сонгуулийг холимог системээр явуулна

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуулийг холимог системээр явуулна

Өнгөрөгч долоо хоногт болж өнгөрсөн улс төрийн гол үйл явдал гэвэл Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг УИХ-аар эцэслэн баталсан явдал байлаа. Ингэснээр ирэх арваннэгдүгээр сард болох аймаг, сум, дүүргийн Иргэдийн хурлыг сонгох сонгуулийг зургадугаар сард болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн нэгэн адил холимог системээр явуулж, цахим үнэмлэхээр санал өгсөн сонгогчдын саналыг автомат машинаар тоолох болж байгаа юм. Одоогоор иргэний цахим үнэмлэхийн хэвлэлтийн ажил 76 хувьтай яваа бөгөөд хоёр сарын дараа болох сонгуулийн өмнө иргэн бүр цахим үнэмлэхтэй болно гэсэн мэдээллийг холбогдох байгууллагууд нь өгч байгаа.

Орон нутгийн сонгуулийг, тэр дундаа сумын Иргэдийн хурлыг сонгуулийн холимог системээр явуулж, улс төрийн намд санал өгүүлэх нь нь орон нутгийн иргэдийг хэт их улс төржүүлж, талцуулж байна. Тиймээс орон нутгийн сонгуулийг улс төрийн намын жагсаалтаар биш, зөвхөн нэр дэвшигчдээр санал өгүүлдэг байя гэсэн саналыг УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон МАН-ын гишүүдээс гаргаад байсан ч тэр нь хуулийн батлагдсан төсөлд багтсангүй. Анх оруулж ирсэн төслөөр буюу УИХ, нийслэлийн сонгуулийн адил холимог системээр буюу нэр дэвшигчдийн 1/3 нь намын жагсаалтаар, 2/3 нь тойрогт нэр дэвшиж өрсөлдөхөөр болжээ. Харин УИХ дахь МАН-ын гишүүдээс ажлын хэсэг гарган боловсруулсан “Бүх шатны сонгуулийн тойргийн хороодыг зөвхөн төрийн албан хаагчдаар бүрдүүлэх” санал дэмжигдэж, хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан байна. Өмнө нь үйлчилж байсан хуулиар тойргийн хороодод улс төрийн намууд төлөөллөө оруулдаг байсан билээ. Мөн сонгуульд оролцоогүй иргэдэд хариуцлага тооцох тухай хуулийн төсөлд тусгагдсан санал ч хуулийн төслөөс хасагджээ. УИХ-ын ээлжит бус чуулган эхэлснээс хойш анх удаа МАН-ын гишүүд санал хураалтад оролцсоноор энэ ээлжит бус чуулган чуулган анх удаагаа ийм өндөр ирцтэй /55 гишүүн оролцсон/ хуралдав.

Пүрэв гаригийн нэгдсэн чуулганд УИХ-ын дарга Монголбанкны ерөнхийлөгчийн томилгооны асуудлыг оруулж ирсэний дараа “Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй асуудал оруулж ирлээ” хэмээн чуулганы нэгдсэн хуралдааныг ирцгүй үлдээгээд гарсан МАН-ын гишүүд баасан гаригт төсвийн тодотгол, Орон нутгийн сонгуулийн тухай хууль болон Монголбанкны ерөнхийлөгчийн томилгоон дээр ч мөн саналаа өгөв. Нэгдүгээрт, төсөв хэлэлцэж байхад чуулган таслах нь өрөөлд гэхээсээ илүү өөрт нь л хортой. Хоёрдугаарт, Монголбанкны ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгчихөөд байхад нь УИХ дараагийнх нь хүний томилгоог хэлэлцэхгүй буюу эсвэл хэлэлцэхэд нь хэн нэг нь саад учруулбал өөрөө хууль зөрчсөн хэрэг болно. Харин гуравдугаарт албан ёсоор байгуулагдаагүй байгаа МАН-ын бүлгийн гишүүд Орон нутгийн сонгуулийн тухай хууль дээр ажлын хэсэг байгуулж хуульд саналаа тусгахын тулд зарим зүйл дээр буулт хийж, тохиролцоонд хүрсэн бололтой.

Одоо харин тус намынхны хувьд эсэргүүцэн байгаа нэг зүйл нь УИХ-ын дэгийн хуульд оруулах өөрчлөлт буюу хугацаагүй завсарлагыг хугацаатай болгож журамлах асуудал. Эрх баригч нам, сөрөг хоёр үүн дээр санал зөрөлдөөнтэй хэвээр байна. МАН-ын бүлэг “Манай намд бүлэг байгуулж өгсөний дараа Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулна” гэж байгаа бол Ардчилсан намын зүгээс “Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсаны дараа бүлэг байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ” гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ аль ч тохиолдолд бүлэг байгуулах асуудал ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэхгүй, намрын чуулган эхэлсний дараа хэлэлцэнэ гэсэн тайлбарыг УИХ-ын дарга хийж байгаа.

Хугацаагүй завсарлагыг хугацаатай болгохыг эсэргүүцэж байгаа бас нэг хэсэг бол УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” бүлэг. Өнгөрсөн бямба гаригт Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэгдэх янзтай байсан дэд сайд нарын томилгоо хойшилсон шалтгааныг тус эвсэлтэй холбон тайлбарлаж байна. Эх сурвалжийн хэлснээр тус эвсэл Дэгийн тухай хуульд оруулах өөрчлөлт оруулахгүй гэснээс болж дэд сайд нарын томилгоо хийгдэхгүй, бас нэг төрлийн “бойкот” зарлаад байгаа гэнэ. Одоогийн байгаа хуулиар УИХ дахь нам, эвслийн бүлэг аливаа нэг асуудлаар завсарлага авах эрх нь нээлттэй ч завсарлага авч болох хугацааг хуулинд заагаагүйгээс тухайн асуудал нэгэн чуулган, эсвэл нэг их хурлын бүрэн эрхийн хугацаанд ч үргэлжилж болохоор байгаа. Өмнөх парламентын үед УИХ-д суудалтай хоёр том нам энэ асуудлыг цэгцлэхээр завсарлагааны хугацааг долоо хоногоос хэтрүүлэхгүй байх хуулийн төсөл боловсруулан хэлэлцүүлэгт оруулсан боловч тухайн үед тулгамдсан асуудал болоод байсан УИХ-ын сонгуулийн тухай хуулиас болж хойш тавигдсан билээ. 

Энэ мэтээр хугацаагүй завсарлагыг хугацаатай болгож журамлах асуудал УИХ дээр түгжээнд ороод байхтай давхцан хугацаагүй завсарлагын ид шидийг НИТХ-ын гишүүд үзүүлэв. Өнгөрөгч пүрэв гаригт хуралдсан НИТХ-ын ээлжит хурлаар нийслэлийн газар олголт, хот төлөвлөлттэй холбоотой зарим асуудлыг хэлэлцэж, Иргэдийн хурлын тогтоол гаргах ёстой байв. Өөрөөр хэлбэл, түүний өмнөх долоо хоногт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн гаргасан “зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын ажлыг зогсоох” тухай захирамжийг хэрэгжүүлэхэд уг тогтоол чиглэгдэх ёстой байлаа. Гэвч НИТХ-д суудалтай МАН-ын бүлэг “Хотын дарга мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлж, төсвөө батлуулсангүй” гэдгээр шалтаглан ээлжит хуралдаанаас 14 хоногийн завсарлага авсан байна. Ингээд үлдсэн 14 хоногт нь Нийслэлийн ИТХ хийх ажилгүй сул зогсчихлоо.

Олонхи нь МАН-ын бүлгийн гишүүдийн энэ үйлдлийг “Хотын газар, барилгын зөвшөөрөл, хяналт, стандарттай холбоотой авлигын хэргүүд нь илрэхээс айсандаа авч буй хориг арга хэмжээ” гэж харж байгаа. Энэ нь ч үнэний хувьтай. Зөвшөөрөл, хяналтгүйгээр баригдаж байгаа энэ олон барилга, газрын наймааны асуудал ил гарвал өнгөрсөн 22 жил нийслэлд эрх барьж байсан МАН-ын албан тушаалтнууд хуулийн гадуур өнгөрөх эрх байхгүй. Харин нөгөө талаас хууль тогтоох байгууллага дээр яригдаж байгаа завсарлагыг хугацаатай болгож журамлах асуудал яалт ч үгүй шийдэх ёстой асуудал. Хэрэв тэгэхгүй бол хуулийн дагуу завсарлага авсан нэрээр аль нэг нам, хэсэг бүлгийн эрх ашгийг тулгах замаар парламентын /НИТХ ч ялгаагүй/ хэвийн үйл ажиллагаа алдагдаж, төрийн үйл ажиллагаа тасралтгүй байх зарчим алдагдаж болохыг амьдрал дээр бодитоор нь харууллаа. Сайн талаас нь харвал.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж