Мэдээж цацрагт идэвхт бодисыг эрүүл мэндийн салбарт ашигладаг гэдгийг хүмүүс мэдэх байх л даа. Дэлхийн сая, сая хүн цацрагт идэвхт бодисын ид шидээр өвчин зовлонгоосоо салж байна. Тэгвэл хөдөө аж ахуйн салбарт хөрсийг шинжлэх, архелогийн олдворуудын насыг тогтоох, бүр малын үүлдэр угсааг сайжруулахад цөмийн технологийг ашигладаг юм байна лээ. Өнөөдөр л монголчууд цөмийн технологи гэхээр л нуруугаа авхуулсан морь шиг болчихоод байгаа болохоос үнэндээ аль социализмын үед цөмийн технологийн хүчээр хонь, ямаа, үхрийн үүлдрийг сайжруулах, тэгснээр ноос, ноолуур, мах сүүний гарц нэмэгдүүлэх эрдэм шинжилгээний ажил хийгдэж байсан гэвэл итгэх болов уу, өнөөгийн хэт “ногоон үзэлтнүүд”.
Оройн нар жаргахаас амжиж очсон сэтгүүлчдэд тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд шинэ сортын хүнсний ногооныхоо хүлэмжтэй танилцуулсан. Өөрөөр хэлбэл, шинээр гаргаж авч байгаа мутациа сэтгүүлчдэд танилцуулж, зарим нь үйлдвэрлэлд ашиглаад эхэлчихсэн юм байна лээ. Тариаланчид тус хүрээлэнгийн бүтээсэн шинэ төрлийн үрийг ургац тариалахдаа ашигладаг болсон гэхээр айгаад байгаа цацраг идэвхт бодисын хүчээр шинээр мэндэлсэн үр тариа, хүнсний ногоог бид хүнсэндээ ч хэрэглэдэг юм байна шүү дээ.
Яагаад хөдөө аж ахуйд цацрагт идэвхт бодисыг ашигладаг юм бол, худлаа даа гэж хэлэх хүн ч байгаа байх. Хүнсний бүтээгдэхүүнийг ионжуулсан цацрагаар шархад нян устаж хадгалах хугацаа уртасдаг гэнэ. Учрыг сайн ойлгож мэдэхгүй байж, хүнсний бүтээгдэхүүн тэгвэл хортой байх нь гээд зөрүүдлээд унав аа. Аливаа юм сайн муу талтай. Хэтэрхий их доз нь ихдэхээр чихэр, жимс ч хортой болж хувирдагийг бид сайн мэдэх хойно доо. Цацраг идэвхт бодис яг л үүнтэй адил.
Цөмийн технологи хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүнд тусгай тэмдэглэгээ заавал тавьдаг аж. Яг үнэндээ бол Монголд импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүн бүгд л муудахгүй байлгахын тулд цацрагт идэвхт бодисоор шарсан бүтээгдэхүүнүүд бололтой юм байна лээ. Ийм хоол хүнс иддэг мөртлөө цацрагт идэвхт бодисноос айгаад байх шалтгаан нь юу юм бол.
Цөмийн технологийг мөн хортон шавьж устгах, хөрсний үржил шим дээшлүүлэх, үржүүлгийн генетикийг мутацлах аргаар сайжруулдаг байна. Монгол орны хувьд цөмийн технолгийг малын генетик, үржлийг сайжруулах, бордоо хийх зэрэгт өргөн ашиглаж буй аж. Жишээлбэл, бэлчээр, тариалангийн газрыг сайжруулах зорилгоор “Цези-137”, “Берилли-7” изотоп ашигладаг. Ингэснээр хөрсний элэгдлийг тогтоож, ургамлын гарц сайжруулах судалгаа хийж, зургаан төрлийн бактерийн бордоо үйлдвэрлэж байна. Өнөөдөр Дарханы Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн жилд 10-15 тонн бактерийн бордоо үйлдвэрлэдэг. Уг бордоог Сэлэнгэ, Төв, Булган, Хэнтий зэрэг аймгийн тариаланчид хэрэглэж байгаа юм. Нийтдээ жилд 10 га талбайд уг бордоог хэрэглэдэг ажээ. Мал аж ахуйн салбарт мах, сүүний гарц нэмэгдүүлэхэд цөмийн технологи гол үүрэг гүйцэтгэдэг. Одоогоор дөрвөн төрлийн дарш бэлтгэж мал бордож буй. Мөн Мал эмнэлгийн хүрээлэн ОУАЭА-тай хамтарч шүлхий, бруцеллёз, ям, сүрьеэ өвчний тархалтын судалгаа хийж, эм бэлдмэлийн туршилтын үйлдвэр байгуулжээ. Ингээд хоёр жилийн өмнө 230 мянган тун вакцин үйлдвэрлэж, зүүн аймгуудын мал сүрэгт хэрэглэсэн аж. Тэгэхээр бидний айгаад, хараагаад, үзэн ядаад байгаа цацрагт идэвхт бодисын ид шидийг амьтан, ургамалд ч ашиглаж байна. Хэрээ хар ч гэлээ байгальд хэрэгтэй шувуу гэдэг шүү дээ.