![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/9b934ea39d9fec33/3777c56e230982b8original.jpg)
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан. Үүний дараа Монголбанкны ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, томилох тухай асуудал байсан. Харин МАН-ын гишүүд “Ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой асуудлаас өөр асуудал оруулж ирсэн. МАН-ын бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэхгүй байна” гэж санал өгөхөөс татгалзаж байсан ч чуулганы хуралдаан үргэлжилсэн. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг ажлаас нь чөлөөлж, Н.Золжаргалыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилох саналыг гишүүд дэмжин, баталсан. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Валютын зохицуулалтын тухай хууль зайлшгүй шаардлагатай байгаа. Ойрын хугацаанд өргөн барихаар төлөвлөж байна. Валюттай холбоотой үйл ажиллагааны ханш хуульчлагдсан байх нь зүйтэй. Алтны гэнэтийн ашгийн 68 хувийг татвар тогтоохоос өмнө Монголбанкинд тушаах хэмжээ их байсан. Хууль хэрэгжих явцад алт тушаах нь огцом буурсан. Харин татварыг болиулснаас хойш нэмэгдээд байгаа. Цаашдаа алтны олборлолтыг алт худалдан авах үйл ажиллагаагаар дэмжиж, гааль цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах тал дээр анхаарч ажиллах болно. Төв банкны тухай хуульд хэдэн удаа өөчрлөлт хийсэн. Өөрчлөх шаардлага яваандаа гарахыг үгүйсгэхгүй. Инфляцийг бууруулах ёстой. Инфляци бага дунд орлоготой иргэдэд хүндээр тусч байна. Засгийн газрын зорилтууд хэрэгжин инфляцид нөлөөлж байгаа бүх арга хэмжээг авч чадвал инфляци, зээлийн хүү буурна. Энэ үр дүн ойрын хоёр жилд харагдана гэж тооцож байгаа. Энэ бол зорилт гэхээсээ илүү шаардлага болоод байгаа” гэсэн байр сууриа илэрхийлэв.
Төрийн албаныхны цалин хөлс, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 340 мянган, ирэх аравдугаар сараас эхлэн хүүхэд бүрт олгох 21 мянган төгрөг гэх мэт санхүүгийн зохицуулалтыг хийх 2012 оны Төсвийн тодотголын төслийн дөрөв дэхь хэлэлцүүлгийг хийж, батлав. Шинэ Засгийн газар байгуулагдсантай холбогдуулан сайд нар, яамдын төсөвийг тус тусад нь хэлэлцэн баталсан. Тухайлбал, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 92,8, Хууль зүйн сайд 303,5, Барилга хот байгуулалтын сайд 107,7, Боловсрол, шинжлэх ухааны сайд 231,9, Зам тээврийн сайд 498,3 тэрбум байхаар баталсан. Мөн Уул уурхайн сайдын багц 16,6, Хүн ам, хөгжил нийгмийн хамгааллын сайд 596,4, Хөдөлмөрийн сайд 214,1, Эдийн засгийн хөгжлийн сайд 16,7, Эрчим хүчний сайд 181,1 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөн баталлаа. Шинээр яамд бий болсонтой холбогдуулан төсвийн тодотголыг яаралтай хийх шаардлагатай гэж үзэж байсан. Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш тус яамдын ажилчид цалингаа аваагүй байгаа бөгөөд Сангийн яаманд удаа дараа шаардлага, бичиг хүргүүлсэн гэдгийг Сангийн сайд Ч.Улаан чуулганы хуралдаанаар онцолсон. Монгол Улсын төсөвт 2012 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын дүнг мөн баталсан юм. Мөн Төсвийн тодотголд тусгаснаар “Хүний хөгжил” сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталсан. Харин “Хүний хөгжил” сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонхи дэмжсэнгүй.
Мөн энэ өдрийн хуралдаанаар Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Холбогдох байнгын хорооноос оруулж ирсэн саналуудын талаар санал хурааж, Төрийн байгуулалтын байнгын хороонд хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг МАН-ын гишүүд уриа, лоозонгийн шинжтэй, тодорхой томъёололгүй байна гэх шүүмжлэлийг хэлж байсан ч гишүүдийн олонхиор дэмжин дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Гишүүдийн зарчмын зөрүүтэй саналуудыг холбогдох байнгын хорооны хуралдаанд хэлэлцэхээр болсон юм.
Энэ асуудлаар хуралдсан чуулганы хуралдаан 23.00 цаг хүртэл үргэлжилсэн. Хэлэлцсэн асуудал нь Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл байсан юм. Ардчилсан намын гишүүн Р.Бурмаа нарын гишүүдийн өргөн барьсан Орон нутгийн төлөөллөө сонгох хуулийн төслийг хэлэлцэн, баталсан. Төрийн байгуулалтын байнгын хороо Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулсан.
Уг хуулийн төсөлд аймаг, сум дүүргийн хурлын төлөөлөгчийн тоог хүн амын нягтрал, байршил, засаг, захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тогтоохоор томьёолсон байна. Тухайлбал, сумын хурлын төлөөлөгчдийн тоог:
- Сумын хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15
- Сумын хүн амын тоо нь 2000-5000 хүртэл бол 21
- Сумын хүн амын тоо нь 5000-9000 хүртэл бол 27
- Сумын хүн амын тоо нь 9000 ба түүнээс дээш бол 31 байх, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоог мөн хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан:
- Дүүргийн хүн амын тоо нь 20000 хүртэл бол 17
- Дүүргийн хүн амын тоо нь 20000-80000 хүртэл бол 25
- Дүүргийн хүн амын тоо нь 80000-180000 хүртэл бол 35
- Дүүргийн хүн амын тоо нь 180000 ба түүнээс дээш бол 41 байхаар тогтооно гэсэн нь дэмжигдсэн.
Орон нутгийн сонгуулийг холимог хэлбэрээр буюу хувь тэнцүүлэн нэг буюу олон мандаттай олонхи (мажоритор) хэлбэрээр явуулна гэсэн заалтын тухайд МАН-ын гишүүд эсрэг байр суурьтай байлаа. Тухайлбал, Д.Дэмбэрэл гишүүн орон нутагт холимог системээр сонгууль явуулах нь нутгийн иргэдийг талцуулж, хэт улстөржүүлэх аюултай гэсэн санал хэлж байв.
Үүний дараа чуулганыг хуралдааныг түр завсарлуулж, Төрийн байгуулалтын байнгын хороо Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаан үргэлжилсэн. Орон нутгийн сонгуулийн тухай хуулинд сонгуулийн санал авах өдрийг сонгуулийн жилийн арваннэгдүгээр сарын эхний долоо хоногийн пүрэв гаригт байсныг байнгын хорооны хуралдаанаар арваннэгдүгээр сарын IV долоо хоногийн лхагва гаригт буюу арваннэгдүгээр сарын 21-нд зохион байгуулахаар болжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд саналаа хэлсэн. Санал авах өдрийг арваннэгдүгээр сарын 21-нд зохион байгуулах нь тохиромжгүй бөгөөд ирц бүрдэхгүй байх, дахин санал хурааж магадгүй гэдгийг хэлэх гишүүд байсан. Тухайлбал, Ө.Энхтүвшин “Сонгуулийн санал авах өдрийг арваннэгдүгээр сарын дөрөвдэх долоо хоногийн Лхагва гаригт гэж товлосноор ноцтой хүндрэл гарч мэднэ.
Сонгогчдын саналыг заавал техникээр тоолно гэхгүйгээр сонгуулийг эрт явуулах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Учир нь арваннэгдүгээр сарын сүүлээр орон нутгийн сонгуулийг зохион байгуулснаар олон газарт санал хүчингүй болж мэднэ” гэлээ. Мөн тэрбээр, “Энэ жил цас их орох төлөвтэй байгаа. Тиймээс орон нутгийн иргэд саналаа өгөх гэж 50-60 км газарт явах хүн байхгүй. Түүнээс гадна өвлийн идэш бэлтгэж эхэлдэг цаг. Хэрэв орон нутгийн сонгууль хүчингүй болвол хариуцлагыг олонхи болсон та бүхэн хүлээх ёстой” гэдгийг онцолсон. Харин Р.Гончигдорж гишүүн “Нэг зүйлтэй санал нийлэхгүй байна. УИХ нь хууль тогтоох дээд байгууллага. Үнэхээр МАН болоод бусад улс төрийн хүчин сонгуулийг амжилттай зохион байгуулъя гэж хүсвэл ард түмнээ сонгуульд идэвхитэй оролцуулах ёстой. Орон нутгийн удирдлагаа сонгох энэ ажилд хариуцлагатай хандах учиртай. МАН-ын гишүүд ард түмнээ сонгуульд идэвхигүй хандах сурталчилгаанд битгий уриалаарай” гэлээ.
Гишүүд саналаа хэлсний дараа санал хурааж, 69,8 хувийн саналаар байнгын хорооноос оруулж ирсэн санал, дүгнэлтийг дэмжиж, эцэслэн баталлаа.
![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/5/8ae262b6467dc7a8/34e08d086ec59743original.jpg)