Номын өдрөөр хэлье, номоо хамгаалаач

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

Номын өдрөөр хэлье, номоо хамгаалаач

Энэ үгийг “Монгол номын өв соёл” семинараас гарж явсан ахмад настан хэлж байв. Нээрээ бид чинь номоо хамгаалдаг, арчилдаг бил үү?

“Монголчууд номыг дээдэлдэг ард түмэн. Судар номыг баринтагладаг манайх шиг орон байхгүй. Хамгийн үнэтэй торгоор ном агуулах савыг үйлддэг. Номын өдрийг улс орон даяар зарлаж байгаад баяртай байна. Гэхдээ залуучуудад эртний номыг тайлбарлан таниулж, судалгааг нь эрчимжүүлбэл энэ баярын үнэ цэнэ нь илүү гарч ирэх болов уу” гэж доктор, профессор С.Халтар ярьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг “Номын баярын өдөр” болгож тэмдэглэж байхаар болсон билээ. Гэхдээ эрдэмтэн, мэргэжилтнүүд анхаарч, засч, залруулах олон зүйл байгааг нуусангүй. Өнгөрөгч баасан гаригт болсон “Монгол номын өв соёл” эрдэм, шинжилгээний бага хурлын үеэр зөвхөн монгол номын соёлын талаар бус, тулгамдаж буй асуудлаараа асуудал дэвшүүлсэн нь энэ.

Гурван сая номыг хаана хэрхэн хадгалах вэ?

1921 онд “Судар бичгийн хүрээлэн” нэртэйгээр байгуулагдсан Улсын төв номын санд одоогоор гурван сая гаруй ном, судар, тогтмол хэвлэл хадгалагдаж байна. Улсын төв номын сангийн байрыг 1951 онд барьсан бөгөөд тэр үед дөнгөж нэг сая хүрэхгүй шахам номтой байсан бол өдгөө аль хэдийнэ гурван саяыг давжээ. Байр талбайны хүрэлцээнээс шалтгаалан ховор, үнэтэй номыг нэг өрөөг хоёр хувааж, судруудыг дээр, дээрээс нь давхарлан өрөн тавьсан байдаг аж. “Анх байгуулагдаж байхдаа 2000 хүрэхгүй шахам номтой байсан манай номын сангийн хөмрөг жилээс жилд нэмэгдэж байгаа. Гэхдээ байр, талбайны хүрэлцээ муу. Тиймээс дэлхийн стандартын дагуу хадгалах ямар ч боломж байдаггүй. Үүнд төр засгаас анхаарч шаардлагатай арга хэмжээг авна гэж итгэж явна” гэж Улсын төв номын сангийн ерөнхий захирал Х.Чилаажав ярив.

Нийтдээ зургаан фонд, долоон уншлагын танхимаас бүрддэг тус номын сангийн барилгын ашиглалт муудаж байгааг мэргэжлийн байгууллагынхан дүгнэсэн байдаг. Хосгүй үнэт ном улсын төв номын санд 10 ширхэг байдгийн нэг болох үйсэн дээрх бичгийг ХБНГУ-д сэргээн засаад 20 жилийн дараа эх орондоо ирж байгааг ч хэлж байлаа. “Монголд хуучирсан номыг сэргээх технологи сайн нэвтрээгүй байгаатай холбогдуулан одоогоос 20 жилийн өмнө ХБНГУ руу сэргээхээр явуулсан. Энэ жил ирж байна даа” гэж Х.Чилаажав ярив. Дэлхийн бусад улсуудын номын сангийн дагуу номнуудыг тоон хэлбэрт шилжүүлэх ажлыг хийж эхлүүлж байгаа аж. 1990 оноос хойш монголд хэвлэгдэж байгаа тогтмол сонин, хэвлэлийн дийлэнхийг нь тоон хэлбэрт шилжүүлсэн байгаа аж. Харин ирэх жилээс төвд номын тасгийн судар, номнуудыг тоон хэлбэрт шилжүүлэх ажил эхлүүлж байгаа юм.

Номыг тоон системд шилжүүлэх шаардлагатай

“Номыг олон жил хадгалахад химийн маш олон төрлийн нэгдэлд орж салхинд гараад уурших тохиолдол их байдаг. Тиймээс үүнийг хамгаалах бодис, түрхлэг зэргийг хэрэглэхээс гадна тоон системд шилжүүлэх машин, тоног төхөөрөмжийг ихээр нэвтрүүлэх нь зүйтэй” гэж академич Т.Галбаатар ярьж байв. Улсын төв номын сан 180 гаруй мянган номыг тоон хэлбэрт шилжүүлээд байгаа бөгөөд дараа жилээс дахин 200 мянган гаруй номыг тоон хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна. Мөн 2005 онд баталсан номыг тоон хэлбэрт шилжүүлэх тогтоолын дагуу соёлын өвийн төвөөс 27 мянга гаруй номыг тоон хэлбэрт шилжүүлжээ. Харин Шинжлэх ухааны академиас 1100 тод үсгийн судар, 1000 монгол бичгийн ном, судрыг тоон хэлбэр рүү шилжүүлэх ажлыг хийсэн аж.

Үндэсний номын санд 2007 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн “Дижитал” төслийн хүрээнд өндөр хүчин чадал бүхий дижитал камер хоёр ширхэг, судар буулгах зориулалт бүхий скайнер, зөөврийн компьюьер хоёр ширхэгийг хуваарилж өгсөн бөгөөд үүгээр номнуудыг тоон хэлбэрт шилжүүлэх ажлыг хийж байна. Монголд тоон хэлбэрт шилжүүлэх Canon EOS digital XTi camera төхөөрөмжийг ихэвчлэн ашигладаг аж. Гэхдээ дэлхийн жишгээс хоцрогдож байгааг мэргэжилтнүүд нь нуусангүй.

Хадан дээрх бичгийг хамгаалдаг уу?

Хамгийн сүүлд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Хүрдэтийн агуйны бичээсийг Хятад ханзаар дарсан тохиолдол гарсан билээ. “Бид эх орондоо, баялагаа авахаар ирлээ” гэх утгатай үгийг ханзаар бичсэн тус хадны бичээсийг одоо болтол сэргээж чадсангүй. Ер нь сэргээгдэх магадлал маш муу байгааг ч мэргэжилтнүүд нь нотолж байгаа. 1722-1820 оны хоорондох гурван үеийн бичээс байсан энэхүү хадыг сэргээх, хамгаалалтдаа авах талаар яригдаж байгаа бөгөөд одоо ч нутгийн захиргаанаас томилогдсон ажилтнууд сахиж байгаа гэх. “Хадны бичээс, чулуун дээрх бичээсүүд бол монголчуудын бичиг соёлын, ном, судрын түүхийн салшгүй нэгэн хэсэг. Хэвлэх техник, цаас бүтээх технологи хөгжөөгүй байсан тэр үед чулуун дээр л бичиж, тэмдэглэх явдал байсан. Харин үүнийг засаг, төрөөс онцгойлон анхаарах хэрэгтэй. Цогтын хадны бичээс, мөн хүннүгийн үеийн хадан дээрх бичгийн дурсгалыг хамгаалахгүй бол эхнээсээ устаж үгүй болж байгааг тухайн нутгийнхан нь хэлж байна” гэж академич Л.Болд ярив.

Хамгийн сүүлд л гэхэд Архангай аймагт байх хадан дээрх 100-250 жилийн настай бичгийг уншигдахгүй болгосон тохиолдол гарчээ.

Номын өдрийг монголчууд өнгөрөгч долоо хоногийн сүүлээр тэмдэглэн өнгөрүүллээ. Гэхдээ хадгалах, хамгаалах, соёлыг түгээх тал дээр учир дутагдалтай байгаа мэргэжилтнүүд хэлж байсныг сануулахад илүүдэхгүй биз.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж