Зарим агентлагийн орон тооны хязгаарыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

Зарим агентлагийн орон тооны хязгаарыг баталлаа

Засгийн газар долоо хоног бүрийн бямба гаригт хуралддаг уламжлалтай. Энэ удаагийн хуралдаанар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн, баталсан байна.

Ойрын хоёр жилд Хөгжлийн банкны таван тэрбум хүртэлх ам.долларын үнэт цаас гаргах талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжиж олсон орлогыг нийгмийн халамжид зарцуулахгүй, төсвийн алдагдлыг нөхөхгүй, харин эдийн засгаа эрчимжүүлэх, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжихэд зориулах аж Тухайлбал, төмөр замын сүлжээ, авто зам, эрчим хүч, Тавантолгойн уурхай, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Үүнээс гадна үнэт цаас гаргаснаар банкны зээлийн хүүгийн хэмжээг бууруулж, инфляцийг багасган, гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хамааралтай санхүүгийн өнөөгийн тогтолцоог эрс өөрчлөх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Мөн энэ өдөр төрийн өмчит үйлдвэрийн газруудыг байгуулахаар болсон байна. Тухайлбал,  “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв”, “Хөдөлмөрийн судалгааны институт” төрийн өмчит үйлдвэрийн газрыг Хөдөлмөрийн яамны дэргэд байгуулахаар болсон. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж, Хөдөлмөрийн яам шинээр байгуулагдсантай холбогдуулан аймаг, нийслэлийн дүүрэгт Хөдөлмөрийн хэлтэс байгуулан ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлахдаа зарим агентлагийн тоог багасгахаар болсон. Үүнтэй холбогдуулан  Нийгмийн даатгалын ерөнхий газрын орон тооны хязгаарыг 85, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрыг 41, Хүүхдийн төлөө үндэсний газрын орон тоог 43 байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтлоо. Мөн аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийг Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хүүхдийн төлөө хэлтсийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс гэж өөрчлөхөөр шийдвэрлэлээ. Харин Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Халамжийн үйлчилгээний газрыг Нийгмийн халамж, үйлчилгээний газар, Хүүхдийн төлөө газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар гэж өөрчиллөө. Газар, хэлтсүүдийг зохион байгуулалт, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна.      
   
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцсан байна. Засгийн газрын хуралдаанаар шалгалтын дүнтэй танилцаад 300 ортой төрөх эмнэлэг, 60 ортой Геронтологийн төв, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын ажлыг гэрээнд заасан хугацаанд багтаан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран дуусгахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд даалгалаа.

Мөн “Нийслэл өргөө”, “Пума констракшн” компанийн барьж байгаа төрөх эмнэлгийн барилгын цутгамал төмөр бетон бүтээцийн бетоны зуурмагаас сорьц, дээж аваагүй, бетоны бат бэх байдлыг мэргэжлийн итгэмжлэгдсэн лаборатороор шинжлүүлээгүй зэрэг дутагдал илэрчээ. Геронтологийн төв болон Хавдар судлалын үндэсний төвийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Арвис интернейшнл”, “Суурь” компанийн барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулаагүй байна. Дээрх гурван барилгын ажлын явц дунджаар 51 хувьтай байгаа хэрнээ 74 хувийн гүйцэтгэлийн мөнгийг бүрэн авсан тухай Ажлын хэсэг танилцууллаа. Мөн дээрх барилга, байгууламжуудын дулаан, цахилгааны шугам сүлжээний асуудлыг ойрын хугацаанд судлан шийдвэрлэхийг сайд Н.Удвал, М.Сономпил болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт даалгасан байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж