Лалын жагсагчид АНУ-д хийсэн исламын эсрэг киноноос болон Хартум хотод ХБНГУ-ын Элчин сайдын яамыг шатаалаа. Цагдаагийнхан тэдний эсрэг нулимас асгаруулах хий хэрэглэв. Суданы Элчин сайдыг Германы ГХЯ-нд дуудан тайлбар хийхийг шаарджээ.
Суданы нийслэл Хартум хотноо өнгөрсөн баасан гаригт бараг 5000 орчим лалын жагсагчид ХБНГУ, Их Британийн Элчин сайдын яамдыг дайран эзлэхийг оролдов. Reuters мэдээлснээр, жагсагчид Германы Элчин сайдын яамны дэвсгэрт нэвтэрч чадаад Германы далбааг хар тугаар сольж чадсан байна. Дараа нь яамны байрыг шатаажээ. Жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөөн гарган тэдний зүг чулуу нүүлгэсэн байлаа.
ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Гидо Вестервелле (Guido Westerwelle) жагсагчдын дайралтын талаар мэдээлсэн байв. “Хүчирхийлэл гаргаж байгаа жагсагчдын довтолгооны бай нь Хартум дахь Германы Элчин сайдын яам боллоо” гэж тэр мэдэгдэв. Элчин сайдын яамны ажилтнууд аюулгүй газар байгааг тэр хэлжээ. Суданы Элчин сайдыг Германы ГХЯ-нд дуудан өөрийнх нь улс орон нь дипломат төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах ёстой гэдгийг сануулсан байна.
АНУ-ын Судан дахь Элчин сайдын яамыг тэнгисийн явган цэрэг хангана.
Судан дахь АНУ-ын Элчин сайдын яамны аюулгүй байдлыг тэнгисийн явган цэрэг хангана гэж баасан гаригт Цагаан ордны эх сурвалжаас авсан мэдээний дагуу Associated Press дамжуулсан байна.
АНУ-ын Элчин сайдын яам руу хүчээр нэвтрэх гэсэн жагсагчдын эсрэг цагдаагийнхан нь гал нээсний дараа дээрх шийдвэрийг гаргасан ба террористуудаас хамгаалах талаар мэргэжсэн тусгай ангийг Суданд илгээж байна. Өмнө нь тэнгисийн явган цэргийн ангиудыг Элчин сайд Кристофер Стивенс ба америкийн гурван дипломат амиа алдсан Ливи, мөн Innocence of Muslims ("Онгон мусульман") киног эсэргүүцэн Йеменд дэх Америкийн ЭСЯ-нд жагсагчид халдах гэсэн учраас илгэээжээ.
Лалынхнын дургүйцлийн жагсаал есдүгээр сарын 11-нээс эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болсон уламжлалт мөргөлийн дараа эсэргүүцэл улам ихээр нэмэгджээ. Хамгийн олон хүнтэй жагсаал Суданд болж, АНУ, ХБНГУ ба Их Британийн яамдад халдсан юм. Түүнчлэн Тунис, Египетэд бас иймэрхүү жагсаал болов.
Америкийн Элчин сайдын яамдад халдсаны дараа ерөнхийлөгч Барак Обама дипломат газруудын аюулгүй байдлыг хангах системийг эргэн харах талаар үүрэг өгчээ. Төрийн департамент нь олон нийтийн эсэргүүцэлтэй газруудад байдлыг хянах, дипломат албадынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс хүчин чармайлтаа нэгтгэх, зохион байгуулах зорилго бүхий хяналтыг тогтмол хийх ажлын хэсэг байгуулсан байна.
Хамгийн анх Каирт гарсан эсэргүүцлийн ажиллагааны үеэр жагсагчид ба цагдаа нарын мөргөлдөөнөөр 200 орчим хүн шархадсан байна. Хүчирхийллийг гаргасан киног бүтээхэд Вашингтон хамаагүйгээ хэлж, түүний эсрэг хүчирхийлэл үйлдэхийг буруугажээ.
АНУ-д зургийг нь авсан, их зөнч Мохаммедын тухай киног үзүүлснээр эсэргүүцлийн жагсаал улам бүр өргөжиж байна. Өнгөрсөн 13-ны жагсаалын үеэр Каир хотноо 200 гаруй хүн, тэдний тоонд олон цагдаа шархадсан гэж агентлагууд мэдээлж байна. Мөн тэр өдөр Каирт христийн нийгэмлэгийн жагсаал болж, Египетийн коптууд лалынхантайгаа нэгдсэн тухай Ватиканы хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Йемены нийслэл Сана хотноо АНУ-ын Элчин сайдын яамны дэргэд болсон жагсаалын үеэр дөрвөн жагсагч амиа алдаж, 30 гаруй хүн шархаджээ. Йемены ерөнхийлөгч Абд Рабу Мансур Хади жагсагчдын хариуцлагагүй ажиллагааны тухай мэдэгдэн Америкийн удирдлагад болсон хэрэг явдлын талаар харамслаа илэрхийлсэн байв.
Зарим нэг эсэргүүцлийн ажиллагаа Афганистан, Пакистанд болжээ. Хэдэн зуун хүмүүс Тунис, Иранд жагслаа. Мөн Газын зурваст АНУ-ын эсрэг жагсаал болжээ. Жагсаал хийхийг хориглосон Саудын Арабад есдүгээр сарын 14-нд жагсаалд гарах уриалгыг Twitter-ийн сүлжээгээр дамжуулав.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон их зөнчийн тухай дуулиантай киног “дургүй хүрмээр, ичгүүргүй кино” хэмээн зарлав. Тус орны засаг захиргаа “Энэ видео роликтай ямар ч холбоогүй” гэж Клинтон мэдэгдсэн байна.
Үүний хажуугаар уг киноноос болон Египет, Ливи, Йеменд гарсан хүчирхийллийн давалгаатай эвлэрэх аргагүй юм. Өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэхийг Америкийн хууль дүрэмд заасан байгаа учраас Вашингтоны эрх баригчид ийм кино гаргахад саад хийх боломжгүйг Клинтон тэмдэглэв.
Есдүгээр сарын 12-ны шөнө Ливийн Бенгази хотод АНУ-ын консулын газарт халдсан хэрэгт сэжиглэгдсэн хэд хэдэн хүнийг барин саатуулсан тухай Ливийн ерөнхий сайд Мустафа Абу Шагур мэдэгдэв. Тэр хүмүүсийн тоо мөн цаашид хэрхэх талаар тодорхой хариулт өгөхөөс татгалсан байна.
Ливийн эрх баригчид Элчин сайд ба өөр гурван дипломат амиа алдсан энэ хэргийг мөрдөх тусгай комисс байгуулав. Комиссийн төлөөлөгч энэ хэргийг мөрдөн байцаах нь “хүндрэлтэй” гэв. Учир нь жирийн жагсагчдаас гадна тэдний дунд хэт даврагчид байсан гэнэ. АНУ-аас Ливид суугаа элчин сайд Кристофер Стивенс ба өөр гурван дипломат энэ сарын 11-ний өдөр Бенгази хотноо орон нутгийн исламист хэт даврагчид консулын газар довтлох үеэр алагджээ. Амь үрэгдэгсэд өдөөн хатгасан кинонд огт хамаагүй хүмүүс юм.
Кристофер Стивенс, консулын газрын хамгаалалтын албаны тэнгисийн явган цэргийн хоёр ажилтан ба өөр нэг дипломат тэднийг юуны учраас хөнөөж буйг ойлгож амжилгүй үрэгдсэн байх. Үзэн ядалтыг гаргасан тэр кино өргөн прокатаар гараагүй, түүнийг бүтээгчид ба жүжигчдийг хэн ч танихгүй. Киног нэг удаа л Калифорнийн бараг үзэгчгүй танхимд үзүүлсэн ба үзэгчид гэхээр хэдхэн хүн нь бараг эхний минутаас нь түүнийг хаяад гарсан байв.
Их зөнчийн өөр амьдралыг харуулсан гэх тэр кино нь онцын шаардлагагүй бол үзээд байх биш, хамгийн чанар муутай киноны нэг аж. “Гутлын тосоор” нүүрээ будсан жүжигчид нь хорлонтой, тэнэг арабуудыг хөдөөгийн тракторчин сайн дурын жүжигчин Ромеогийн дүрийг бүтээн соёлын ордонд жүжиглэж буй мэтээр харуулах гэсэн гэнэ. Зохиол, чимэглэл, найрууллага нь бас л тэр төвшнийх аж. Ер нь бол израиль гаралтай гэх Өмнөд Калифорнийн тэр бүтээлч киног хийхээр таван сая доллар цуглуулсан гэж өрөө хэлж байгаа. Гэхдээ Сэм Бэйсилд (Sam Bacile) өөрийн бүтээл нь таалагдалгүй яахав. Тэрээр “исламын шашин болон тэдний зөнчдийг илчлэн харуулж чадлаа” гэж бахдалтай мэдэгдэж байгаа. Харин ч уран бүтээлчийн замбраагүй, ёс суртахуунгүйг энэ кино нь бүрэн илчилсэн биз. Гэсэн ч дэлхий даяар бас нэг хүнд тэр кино таалагдсан байв. Тэр нь эртнээс исламтай “нэгийг үзэж, нэхий дээлээ тайлалцаж байгаа” хэт радикал хар лам Терри Жонс. Ламтан Коран судар шатаагаад бас л үймээн гаргаж байлаа.
Энд нэг онцлогийг хэлэх нь зүй. Ердийн хүмүүст бол ламтан эртнээс аюултай өдөөгч гэдгээ танилцуулж чадсан. Харин түүний талд хэт радикал загалмайтнууд дээр нь террор хийх шалтаг хайсан хэт даврагч лалынхан байна. Энэ хоёр бүлгийнхэн харилцан үзэн ядалтыг хайж, бие биенгүйгээр оршихгүй нь мэдээж.
Христийн ламтны сэтгэлийг эзэмдсэн уг киног жихадистууд “маш баяртайгаар” хүлээн авсан гэж болох юм. “Онгон мусульман” киног хамгийн түрүүнд араб хэл дээр хөрвүүлсэн нь бас нэгийг өгүүлнэ. Үзэн ядалтыг шашин нэгтнүүддээ гаргахад орчуулагч нар нь хатуу, бохир хараал хайх ч хэрэг гараагүй. Сэм Бэйсилийн кино нь өөрөө тийм хэл яриатайгаас үзэн ялалт гаргахаар араб орчуулагч хичээх хэрэг ч гарсангүй. Өмнөх шог зураг, коран судар шатаасан зэрэг хэргээс харахад үйл явдлын дундаж явцыг тайлбарлахад амархан. Киног бүтээгчдийг шашны дайсан гээд л нэг жижигхэн исмам тэднийг цаазлах хэрэгтэй гээд болоо. Дараа нь өшөө авагчид өөрсдөө гараад ирнэ. Элчин сайдын яамдыг галдаж байгаа нь энэ юм.
Гэхдээ чанартай шатаалт хийхийн тулд уурласан олон түмнийг чиглүүлэх нь чухал болно. Кино л үүнд яг таарч байгаа юм. Энэ киног таван минут харахад л калян татаад сууж байсан боловсрол мэдлэггүй араб эр шууд л араа шүдээ тачигнуулсан Аллахын дайчин болон хувирна. Киног фэрси, пушту, урду хэлээр хөрвүүлэхэд Афганистан ба Пакистаныг тэр чигээр нь шахуу босгоно биз. Тэндхийн соёл боловсрол зэргийн төвшнийг аваад үзвэл олон хүн доромжлогсод болох нь дамжаагүй.
Их зөнчийг дахиад доромжиллоо гэсэн мэдээгээр Каирт бөөн хүмүүс цугларан Элчин яамыг дайрахаар хөдөлсөн юм. Орон нутгийн христийн коптууд киног бүтээлцсэн гэх яриа тэднийг улам хөөргөсөн байлаа. Хаанаас хэн тэр яриаг гаргасан нь бас тодорхойгүй. Энэ киноны хэсэг гурван сар сүлжээнд байгаад зөвхөн есдүгээр сарын 11-ний террорын ойгоор орчуулагдан дуулиан гаргаж байгаа нь бас сонирхолтой. Каирт Элчин яам цайз шиг байранд байгаа нь жагсагчдад Америкийн тугийг буулгаад шатаан оронд нь “Аль-Каидагийн” хар тугийг өлгөснөөр дууссан бол Ливид “ниргэлт амжилттай” болжээ.
Нэгдүгээрт, хэт “эрх чөлөөний” нөхцөлд тэнд хүн өөрийн үзэл санааг Калашниковын автомат эсвэл пуужин харвагчаар тулган дуулгавартай болгож байна. Ливичүүд өөрсдөө ийм маягаар бие биенээ сонсох болсноос тэнд үй түмэн бүлэглэл тэмцэлдэж буй. Америкчууд харин Каддафигаас нь салгаж өгсөний талархал хүлээн суугаа гэхээр. Бенгазийн консулын газар хамгаалалт гээд байхаар хүчгүй байсан.
Хоёрдугаарт, Бенгази нь сүүлийн үед эдийн засгийн багагүй амжилтай байгаа ч төвийн болон баруун Ливигээс хэт хоцрогдсон нь америкчуудын үхлийг авчирсан гэхээр. Богиноор хэлбэл жихадистууд Бенгазид муугүй оршиж буй. Ийм нөхцөлд тэр кино нь ихээхэн тус болов. Исламистуудын штабт уг киног олонд үзүүлэх ажлыг эхлэн зохион байгуулаад дараа нь зэвсэг тараалт хийжээ. Ингээд зохион байгуулалттай цуваа консулын газар луу хөдлөн довтолж галдан шатаасан байв. Элчин дипломатуудыг хамгаалалтын нууц байранд нь олоод устгасан байлаа. Амь үрэгдэгсэд Калифорнийн үл хөдлөх хөрөнгийн наймаачны хийсэн киноны тухай огт мэдэхгүй байсан нь ойлгомжтой.
Дараагийн өдөр нь Бенгазид юу болсон талаар нэлээдгүй хугацаанд тодорхойгүй байгаад АНУ-д ч Триполид энэ хэргийг буруутгалаа. Орон нутгийн захиргаа нь улиг болсны дагуу Каддафийн талынхан буруутай гэв. Америкчууд цэргээрээ дипломатуудыг хамгаалахаар явууллаа. Харин израильчууд Сэм Бэйсил гэгчтэй ямар ч холбоогүй гэж зарлав.
Мэдээж, энэ хэрэг явдлын буруутанг олохгүй. Киночин хүнисламын радикал үзэл санааны эсрэг өөрийн киног хийх эрхтэй. Христийн радикал лам ч үзлээ гаргах эрх эдэлдэг. Элчин яамдыг шатаасан исламистууд ч шийтгэлгүй өнгөрөх нь ойлгомжтой. Дургүйцлээ гаргаа биз.