V станцыг ярьсны 20 жилийн ойд

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

V станцыг ярьсны 20 жилийн ойд

Одоо Монголд ийм л ойг тэмдэглэх нь дутаж байна. Хорин жил ярьсан эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг барих тендэрийг өнгөрсөн долдугаар сард шалгаруулжээ. Гэхдээ 20 жил ярьсны эцэст анх төсөөлж байснаасаа хоёр дахин бага хүчин чадалтайгаар барих болов. Нийслэлийн эрчим хүчний асуудлыг шийдэх гээд байгаа энэ станцыг үеэ өнгөрөөж буй III станцийг түшиглэн барина. Хамгийн нааштайгаар хэлэхэд 2016 онд ашиглалтад орж нийслэлийг “гийгүүлнэ”.
Зуун мянган айлын орон сууц хөтөлбөр энэ тэрээс харвал тэр цагт улаанбаатарчууд өмнөхөөсөө хамаагүй илүү эрчим хүч, дулаан ашигладаг болчихсон байна гэсэн үг. Өнөөгийн нөхцөл байдлыг цухас дурдъя.

Өнгөрсөн өвөл цахилгаан  эрчим хүчний оргил ачаалал нь 801 МВт-д  хүрсэн талаар мэргэжлийн хүн хэлж байна. Тухайн үед Төвийн эрчим хүчний системийн таван эх үүсвэр чадлынхаа дээд түвшинд ажилласан ч… Дийлээгүй юмсанж. Хотоо хөлдөөчихгүйн тулд ОХУ-аас 70-80 МВт цахилгаан эрчим хүч импортолж  байж нэг юм давсан аж. Ирэх  өвөл ийм байдал давтагдвал  яах  вэ? Үүнийг мэдэх мяндагтан бий юу?

Судалгаанаас ишилбэл, энэ талаар Эрчим хүчний газар, Диспетчерийн төв судалж тооцоо гаргажээ. Энэ судалгаагаар ирэх өвлийн оргил ачаалал өмнөх оныхоос  даруй 50-60 МВт-аар нэмэгдэж 860-870 МВт-д хүрэх прогноз гарсан аж. Үүнийг  одоогийн эх үүсвэр яагаад ч хангаж дийлэхгүй. Нэг ёсондоо эрчим хүчний дутагдал бий болно гэсэн үг.  Тэр дутууг яаж нөхөх вэ гэдгийг одоогоор шийдээгүй байгаа. Өмнөх жишгээрээ шийднэ гэвэл ОХУ-аас 120-130 МВт цахилгаан импортлох зайлшгүй шаардлага тулгарна. Түүнээс их ч байж мэднэ. Харин ОХУ-аас 150 МВт-аас илүү эрчим хүч авах техникийн боломж манайд байхгүй гэдгийг мэргэжлийн хүн хэллээ. Цаашдаа эрчим хүч, дулааны хэрэгцээ тогтмолоор өснө. 2015 он гэхэд эрчим хүчний хэрэгцээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн судалгаа бий. Яваандаа бидэнд 600-800 МВт цахилгаан үйлдвэрлэх шинэ станц зайлшгүй хэрэгтэй болох нь. Тиймээс л тав дахь эх үүсвэрийг яаралтай бий болгох шаардлагатай аж.

Гэтэл шаардлагатай хүчин чадлаас хоёр дахин бага буюу 450 МВт-ын станцыг III цахилгаан станцын дэд бүтцийг  түшиглэн барья гэсэн шийдвэр гаргажээ. III цахилгаан станцын дэд бүтцийг түшиглэн 450 мвт-ын хүчин чадалтай станц барьснаар  асуудлыг бүрэн шийдэхгүйг энэ салбарт ажилладаг инженерүүд хэлж байна. Тэгээд ч III цахилгаан станцаас зүүн тийш  дулааны шугам сүлжээ шинээр барьж байгуулах ямар ч боломж, нөхцөл байхгүй. Яагаад гэвэл, замд нь төмөр зам, орон сууцны шинэ хорооллууд барьчихсан. Тиймээс тэдгээрийн  дундуур дулааны шугам сүлжээ татах ямар ч боломж байхгүй юм. Нэгэнт III цахилгаан станцын төмөр зам, үнсний санг ашиглаад V станцыг барьж байгаа  бол зүүн тийшээ дамжуулах шугам байх ёстой. Гэтэл тэр шугам, сүлжээг хийх  ямар ч боломжгүй болчихсон гэсэн үг.

Ингээд хорин жил ярьсан V цахилгаан станц баригдаж эхлээгүй байхдаа нийслэлийн  хэрэгцээг 100 хувь хангаж чадахгүй гэсэн дүгнэлт тодорхой боллоо. энэ станц ашиглалтанд орсон ч дахиад 400-450 МВт цахилгаанаар хангах эх үүсвэр  шаардлагатай болох аж. Өнгөрсөн хорин жилийн хугацаанд “төхөөрөөгүй байвгайн арьс”-ны талаар зөндөө гоё юм ярьж хэд хэдэн удаагийн сонгуулиар шоу хийж байлаа.  Түүний нэг нь “Энэ станцийн үнсээр барилгын материал үйлдвэрлэнэ” гэж. 

Харамсалтай нь, III цахилгаан станцын үнсний сан зөвхөн өөрийнхөө л үнсийг агуулж дийлэх юмсанж. Тиймээс юун V станцын үнсийг юун агуулах. Өөрийгөө яая даа гэж байгаа бололтой. Үүнээс болоод барилгын материал үйлдвэрлэх V станцын үнсний  сангийн асуудлыг яаж шийдэх нь одоо болтол тодорхойгүй үлджээ. 2015 он гэхэд эрчим хүчний хэрэгцээ шаардлага одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ. Тэгэхээр 450 мвт-ын хүчин чадалтай станц ашиглалтад орсон ч дахиад энэ хэмжээний эрчим хүчний эх үүсвэр шаардлагатай болно. Тэгэхээр яах вэ.

Ийнхүү хорин жил ярьсан станцыг барьж эхлээгүй байхад дараагийн станцийг нь ярих хэрэгтэй болжээ. 2020 он хүртэл шинэ эх үүсвэртэй болох талаар мөрөөдөөд хэрэггүй гэнэ. Тиймээс тав дахь эх үүсвэрийн яриа дахиад арван жил лав наслах бололтой. Гучин жилийнх нь ойгоор гунигтайхан уулзая. Эрх баригчдын яриа хорин жилийнхээ ойн босгон дээр цаасанд хэрхэн буусныг хэлэхэд нэг иймэрхүү. Дараа дараагийн жилүүдэд цаасан дээр буусан шийдвэр нь хэрхэн хэрэгжихийг харж л суухаас…

    Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж