”Ирэх дөрвөн жил 150 мянган ажлын байр бий болгоно”

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

”Ирэх дөрвөн жил 150 мянган ажлын байр бий болгоно”

Засгийн газраас 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаатай холбогдуулан Хөдөлмөрийн яамны сайд Я.Санжмятаваас салбартаа хийх ажлын талаар ярилцлаа.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ирэх дөрвөн жилийн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн бий болгохоор тусгасан бэ?

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 250 гаруй мянган ажлын байр бий болгосон гэсэн тоо бий. Жилд дунджаар 60 орчим мянган ажлын байр бий болгосон гэсэн. Энэ 60 орчим мянган ажлын байрыг жилийн дараа судлаад үзэхэд 30 орчим мянга нь байнгын ажлын байртай бусад нь улирлын чанартай буюу түр ажлын байр бий болсон байдаг. Олон улсын жишигт тооцоод үзэхээр манай улсын ажилгүйдлийн кофицент нь долоон хувь байдаг. Олон улсын жишигт оруулж, 4-5 хувь хүргэе гэвэл 228-250 мянга орчим ажлын байр бий болгох шаардлагатай. Ардчилсан намын Монгол хүн-2020 хөтөлбөрийн хүрээнд ирэх дөрвөн жил 150 мянган байнгын ажлын байр бий болгохоор зорьж байна. Энэ бол бага тоо биш. Гэхдээ тал талаасаа үр дүнтэй ажиллаж чадвал энэ хөтөлбөр хэрэгжих бололцоотой.

-Хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд олон зээлүүд олгогддог. Үүн дээр ямар хяналттай ажиллах вэ?

-Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн 60 гаруй хувь нь ард иргэдээ ажилтай,  орлоготой болгоно гэсэн зорилтыг тавьсан. Энэ хүрээнд Хөдөлмөрийн яамыг бий болгож, байгуулсан. Хуучин Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам бодлого боловсруулаад хэрэгжүүлэх гэхээр хэрэгжүүлэх нэгж нь байхгүй болоод байсан. Тиймээс ард, иргэдээ бүхэлд нь ажилтай орлоготой болгохын тулд 71 орчим байдаг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг хөдөлмөрийн яаманд харьяалуулж байгаа. Яагаад гэвэл мэргэжилтэй ажиллах хүчний 50 гаруй хувь нь ажлын байргүй байна.  Мөн ажил олгогч нартай хамтран ажиллаад ямар мэргэжилтэн, ямар үйлдвэрт хэрэгцээтэй байгаатай холбогдуулан гэрээ байгуулж буй. Одоогийн байгаа сургалт нь 70 орчим хувь нь танхимд онолын мэдлэг олгодог байсныг дадлагаар буюу 60 орчим хувийг нь практикаар судалж, үйлдвэр дээр гарахад гологдохгүй байхаар зохицуулалт хийж байна. Засгийн газрын маш олон сангууд байдаг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, сум дундын зээлийн сан гэж байдаг. Эдгээр сангаас олон зээлүүд гаргадаг ч олонхи нь ажлын байрыг нэмэгдүүлэх гэхээс илүү технологийн шинэчлэлийг илүү их хийсэн ажиглагддаг. Зарим нь үр дүн гараагүй ч зээлүүд олон байдаг. Энэ асуудлыг нэг яаманд нэгтгэж оруулснаар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломжуудыг хайж ажиллая гэсэн зорилготойгоор ажиллаж байна.

-Орон нутагт яаж ажиллах вэ?

-Хөдөлмөрийн яам зөвхөн хотод бус аймаг, сум, дүүргийн удирдлагуудтай  хөрөнгө оруулалт дээр тулгуурлан тухай газар дээр ямар ажлын байр бий болгох боломжтой байна вэ гэдгийг судалсны үндсэн дээр хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ. Сум хөгжүүлэх сан, жижиг, дунд үйлвэрийн сангийн зээл тухайн сум, дүүргийн удирдлагуудаар дамжуулан олгогддог  байсан бол одоо иргэд, хувийн хэвшил, төрийн байгууллагын төлөөлөл хувийн хэвшил, ажил олгогч нарын төлөөлөлийн оролцоотойгоор хяналттай явуулж байх юм. Энэ нь Засгийн газар нь нээлттэй, олон нийтэд ил тод байдлаар явахад нөлөөлж байгаа юм. Мөн Хдөлмөрийн төв бирж аймаг,сум тус бүрт нээлттэй ажиллана.

-Монголчуудын хөдөл­мөрийн үнэлэмж бага байгаа­гаас гадаадад жил бүр олон мянган залуус гарч ажилладаг. Гадаадад гарч ажиллах хүчин дээр Хөдөлмөрийн яам ямар зохицуулалт хийх вэ?

-Өмнө нь цалингийн хэмжээ 300 мянга орчим байдагаас гадаадад нэг сая гаруй төгрөгийн цалинтай ажиллахаар олон залуус гадагшаа явдаг байсан. Одоо цалин хөлс нэмэгдэж байгаа энэ үед аль болох Монгол залуусаа гадагшаа явуулахыг хязгаарлана. Гэхдээ энэ бол хувь хүний сонголт учраас гаднаас орж ирж байгаа Хятад ажилчдын тоог хязгаарлах бодлогыг барьж байна. Хятад ажилчдын тоо нэмэгдэж байгаа шалтгаан нь жуулчин нэртэйгээр орж ирж байна. Тухайлбал, сарын хугацаатай виз аваад улирлын чанартай хугацаанд ажиллаад буцах тохиолдлууд олон байна. Жуулчлалын асуудал дээр аялахаар бол 7-14 хоногийн хугацаатай виз олгох гэх жишээтэй бодлогыг баримтална. Үндэсний аюулгүй байдлаа бодоход гурван хувь нь гадаад ажилчид байх ёстой. Ажлаа аваад танилцахад энэ тоо нэлээд хэтэрсэн байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ч гэсэн зөвлөмжүүд өгсөн. Үүний дагуу нэг орноос ажиллах хүний тоо нэг хувь болгож чадсан. Энэ бол нэг алхам.

-МАН-ын зүгээс дөрвөн жилд 150 мянган ажлын байр бол бага тоо гэсэн шүүмжлэлийг хэлж байсан?

-МАН-ын хувьд 250 мянган ажлын байр бий болгосон гэж яриад байгаа. Үүнд түр болон байнгын ажлын байрыг тооцсон. Түр ажлын байрыг тооцоод үзвэл 400-500 мянган ажлын байр бий болно. 150 мянга гэдэг бол байнгын ажлын байрны тоо. Гэхдээ зөвхөн тооны араас бус чанарын төлөө ажиллана. 150 мянган байнгын ажлын байр бий болвол ажилгүйдлийн тоо эрс буурах хэмжээнд хүрнэ гэж тооцсон. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд багагүй хөрөнгө, хүч шаардагдана.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж