Энэ онд “Хот байгуулалт, газар зохион байгуулалтын Мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-ийг шинэчилж, байршилын тоймыг шинэчлэн, гарын үсэг зурдаг албан тушаалтны тоог цөөлөхөөр болжээ. “Бид үүнийг шинэчилснээр олон ажлыг иргэдэд нээлттэй, хурдан шуурхай хүргэх боломжтой болж байгаа юм. Ажил авснаас хойш олон хүн энэ талаар санал гомдолоо хэлсэн” гэж Улаанбаатар хотын ерөнхий архитектор ч бөгөөд нийслэлийн Газрын албаны дарга Н.Хүрэлбаатар ярилаа. 1950 онд Улаанбаатар хот төлөвлөлттэй болж байсан түүх бий. Угтаа энэ төлөвлөгөөний дагуу 40, 50, 120 мянгатыг босгожээ. Түүхийн шарласан хуудсыг сөхөж үзвэл тухайн үед Төрийн ордныг тойроод газар олгохгүй байхаар тусгасан төдийгүй Төв цэнгэлдэх хүрээлэн, Зайсангийн амыг тойроод газар олгохгүй, барилга босгохгүй байхаар төлөвлөж байсан аж.
“Бид ямар ч төлөвлөлтгүй хол явахгүй. Хэдэн жилийн дараа засч залруулж, шинээр эхэлчихэж болохгүй том асуудал болон хувирна. Зүй нь бол хотод овоолоод байлгүй тэлэх бодлого баримтлах хэрэгтэй. Налайх, Гачууртын сул газар, Багануур, Эрдэнэт, Сэлэнгэ гээд тэлэх боломжтой газар руу л тэлэх нь зүйтэй” гэж доктор, профессор З.Халтар ярьсан юм. Энэ тухай олон жилийн өмнөөс ярьж байсан ч өнөө хэр нь бодлого болсон нь үгүй. Одоогоор Улаанбаатар хотын шинэ удирдлагуудад энэ талаар бодлого байхгүй ч гэр хороолол болоод алслагдсан дүүргүүд рүү инженерийн шугам сүлжээ татах ажлыг эхлүүлж байгаа юм. “Ойрын хэдэн жилдээ бололцоогүй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ хоёр жилийн хугацаанд бүх төлөвлөгөө зардалаа нарийн гаргачихвал, алслагдсан дүүргүүдэд хороолол барих ажлыг хувийн компаниудтай хамтраад хийчихэж болно” гэж З.Халтар ярив.
Энэ үг их гоё байгаа биз. Хотын удирдлагууд хэлсэн гэхээр бүр гоё болоод явчихна. Гэхдээ амьдрал хэрхэн хэрэгжих бол. Энэ оноос эхлэн хувийн хэвшлийн байгууллагуудын бичиг цаасны ажлыг багасгаж, хүнд суртал гаргахгүй гэдгээ хотынхон амлалаа. Нэг хүн барилгын зөвшөөрөл авахын тулд 19 төрлийн баримт бичиг цуглуулдаг гэсэн судалгаа гарчээ. Гэхдээ үүнийг төрийн байгууллагууд өөрсдийн хүнд сурталаараа далайлган авлига хээл, хахуулийн үндэс суурь болгодог аж. “Энэ бүх зүйлсийг бид халах ёстой. Жирийн иргэн хүн бизнес хийж, таван цаас олох гэснийхээ төлөө ял хийчихсэн юм шиг байж болохгүй” гэж Э.Бат-Үүл ярив. Нийслэл болоод Улсын мэргэжлийн хяналтын газраас явуулдаг хяналт шалгалтын ажлыг дээшлүүлэх нь бас нэн тэргүүний ажил болжээ
“Энэ олон барилга нураад, тоног төхөөрөмж нь унаж хүн алаад байхад мэргэжлийн хяналтынхан юу хийдэг юм бэ” гэж Баянгол дүүргийн иргэн Ц.Баярсайхан ярьж байна. Харин үүнд мэргэжлийн хяналтын газраас “Манайх тэр олон байгууллагуудыг бүртгээд, шалгаад явах цаг зав болоод хүн хүчний чадал байдаггүй” гэсэн үгээр амыг нь таглаж байна. Гэхдээ үүнийг бууруулна гэдгийг хотынхон хэлээд байгаа. Харин үүнийг дөрвөн жилийн хугацаанд өргөс авчихсан юм шиг арилгаж чадах уу гэдгийг дүгнэх эрхийг уншигч танд үлдээе.
Манайхтай адил төлөвлөлт ихээр шаардаж байсан Гүржийн нийслэл Тбилис хот өнөөдөр барууны орнуудын хотын хэмжээнд хүрчээ. Манайх шиг замбараагүй байгаагүй ч арваад жилийн өмнө томоохон асуудал болж байсан удаатай. Тэд маш энгийн аргаар л үүнийг шийджээ. Английн хот төлөвлөлтийн хоёр мэргэжилтэнг удаан хугацаагаар Тбилисд ажиллуулж, хотын төлөвлөгөөг гаргасан байна. Бид яагаад үүнийг хэрэгжүүлж болохгүй гэж. Ямар ч байсан хот төлөвлөлтөд бид одооноос онцгойлон анхаарч эхлэв бололтой. Утаатай долоон жил дайн зарлаад амжилт олоогүй уйтгарт дүр зураг хот төлөвлөлт дээр л битгий хэрэгжээсэй гэж хүслээ шивнэе.