-Сүүлийн үед ярианы гол сэдэв эдийн засгийн хямрал болоод байна. Монгол Улсын эдийн засаг Хятадаас хамааралтай болоод удаж байгаа. Гэтэл урд хөршийн эдийн засгийн байдал сайнгүй байна?
-Хүн болгон л сүүлийн үед эдийн засгийн хямрал гэж ярих болсон байна лээ. Би үүнийг бол аль эртнээс л сануулсан. Монголын эдийн засаг гаднаас хэтэрхий хараат байна, байгалийн баялгийн хараалд нэрвэгдээд байна, ханиад томуу тусах магадлал тун өндөр болчихжээ гээд л хавтгайрсан халамжийн бодлогыг хэрэгжүүлж байх үеэс л шүүмжилсэн. Хятад болохгүй болчихоод Монголын эдийн засаг хэцүүдэх гээд байгаа юм биш. Угаасаа л Монголын эдийн засаг асуудалтай байсан шүү дээ. Сүүлийн жилүүдэд бүх юмны үнэ өссөн, инфляци бүр 15 хувьд хүрчихлээ. Оны эцэс гэхэд 20 хувьтай гарахгүй гэх баталгаа алга. Үнийн өсөлт энэ янзаараа хурдтай байвал Монголын эдийн засаг хэцүүднэ. Дээрээс нь Монгол Улс гадны хамааралтай болоод удаж байгаа. Хятад хэрэвзээ Монголоос нүүрс, зэс худалдан авахаа багасгах юм бол хямрал нүүрлэх нь тодорхой. Монголыг тэжээж байгаа ганц зах зээл нь ерөнхийдөө Хятад, тэр нь тэгээд өөрөө асуудалтай байгаа болохоор тэр.
-Нүүрсний экспортын хэмжээ буурсан нь манай төсөвт нөлөөлөх нь тодорхой. Харин зэсийн үнэ харьцангүй өсчихлөө?
-Харин бид үүнд л баярлах ёстой. Өнгөрсөн жил Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьтай гарсан. Энэ бол баярлахаасаа илүү болгоомжлох асуудал байсан юм. Энэ өсөлт үнэхээр бодит өсөлт мөн үү, энгийн иргэдэд хэрхэн хүрч наалдаж байна гэдэгт эрх баригчид судалгаа хийх ёстой байсан л даа. Харамсалтай нь манай өмнөх Засгийн газар хэтэрхий хөөрцөглөөд өсөлт гэж л яриад байснаас үр өгөөж нь юу байгааг дурдаагүй. Үнэндээ нүүрсний экспортын худалдаанаас гарсан ашиг л эдийн засгийн өсөлт болж буусан. Энэ нь хэдхэн компаниудад боломж олгож, тэдний халаасыг зузаатгасан болохоос үнэндээ бүх монголчуудыг амьдралыг сайжруулаагүй. Өнөөдөр ажилгүйдэл, ядуурал байсаар л байна. Ядуурал буурлаа гээд байсан үнэндээ өнгөрсөн жилүүдэд ядуурал бүр өссөн. Хэрэв эдийн засагийн хямрал болвол энэ нь сэргэхэд маш хэцүү байх болно гээд гадаадын эрдэмтэд анхааруулаад байна. Дэлхий дахинд хаа сайгүй хямрал болж, байдал сайнгүй байгааг бид бодолцох ёстой. Харин олзуурхууштай нь нэг хэсэг уналттай байсан зэсийн үнэ эргээд сэргэсэн. Тэгэхээр монголчуудад нэг боломж байна гэсэн үг. Тэр боломжоо л алдаж болохгүй.
-Хүн бүр л эдийн засгийн хямралыг сануулж, хүн бүр энэ асуудлыг хэрхэн давах вэ гэдэгт өөр өөрийн өнцөгөөс хариулж байна л даа. Харин таныхаар бол эдийн засагт үүсээд байгаа асуудлыг яаж даван туулах ёстой гэж?
-Эдийн засгийн хямрал болно, болохгүй гэж ярихаасаа илүү яаж давах вэ гэдэг стратеги төлөвлөгөө гаргах ёстой. Одоо ярих цаг биш ээ. Бид хангалттай ярьж, хангалттай рекламдлаа. Одоо гараа хөдөлгөх цаг болсон юм шиг байна. Миний хувьд эдийн засгийн хямралыг яаж хэрхэн давах вэ гэдэг маш нарийн төлөвлөгөө баталж, түүнийхээ дагуу явах ёстой. Зүгээр нэг стратеги бодлого боловсруулаад орхих юм биш. Мэргэжлийн хүмүүсийг оролцуулаад маш нарийн бодлого боловсруулахгүйгээр хэдэн дарга сайдуудын амаар явах юм бол асуудал хурцадна. Эдийн засгийг амаар ярьж, хийсвэрээр хэрэгжүүлж болдоггүйд л хамаг учир байгаа юм шүү дээ. Эдийн засгийн хямрал аль салбарт хүндээр тусах нь вэ, аль салбарт илүү түлхүү хөрөнгө оруулж, бодлогоо төвлөрүүлэх ёстой вэ, аль салбарыг хөгжүүлбэл бидэнд ашигтай вэ гэдгийг маш нарийн тооцож гаргах ёстой. Түүнээс нүүрсний олборлолт багаслаа, төмрийн хүдрийн эскпорт буурлаа, одоо яах вэ гэж сандрах нь чухал биш. Бидэнд боломж байна. Гурил, махныхаа хэрэгцээг дотоодоосоо хангах болохоор хүнсний хомсдолд өртөнө гэж айлтгүй. Тиймээс хөдөө аж ахуйн салбараа түшиглэж боловсруулах үйлдвэрээ дэмжиж, боловсруулах үйлдвэрлэл дэх дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх ёстой юм.
-Уул уурхайн салбар бол Монголыг тэжээж байгаа ганц салбар шүү дээ. Хөдөө аж ахуйгаа дэмжлээ гээд Монгол Улс хөгжиж чадах уу. Хоёр сая хүн амтай, 40 сая гаруй толгой малтай хэрнээ монголчууд махныхаа үнийг дийлэхгүй байна?
-Оюутолгой, Тавантолгойн асуудал эдийн засгийн өсөлтөд маш ихээр нөлөөлж байна. Өнөөдөр монголчууд зэс, нүүрсээ зараад хэдэн төгрөг олж байгаа нь үнэн. Гэхдээ бид эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх нь чухал. Өнгөрсөн онд Монгол Улсын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 3000 ам.доллартай гарсан хэрнээ иргэд ажилгүй ядуу, амьдрал хэцүү хэвээр л байна. Мал аж ахуй,газар тариалан, барилгын салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Махны үнийн өсөлт бол цэвэр бодлогын буруугаас болсон. Төр хавтгайруулсан халамжийн бодлогыг хэрэгжүүлээд, хонь ямаанд цалин өгөөд эхлэхээр малчид малаа зарах хэрэггүй болсон. Тэр хэрээр махны үнэ өсөөд байна. Уг нь манайх шиг уламжлалт мал аж ахуйн оронтой улсад бол мах хамгийн хямдхан байх ёстой юм шүү дээ. Ченжүүдийн олон дамжлагыг хэлэх ёстой. Малчдаас шууд эцсийн хэрэглэгчдэд нийлүүлдэг боломжийг бүрдүүлэх, хөдөө аж ахуйнхаа биржийг яаралтай байгуулах шаардлагатай байна. Бирж байгуулна, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан байгуулна гэсэн. Хаана байна, одоо.
-Таныг Эдийн засгийн хөгжлийн юм уу эсвэл Сангийн дэд сайд болж магадгүй гэсэн яриа байсан. Гэтэл дэд сайдуудын зарлахад таны нэр байсангүй?
-Тэгсэн. Би ч өөрөө Эдийн засгийн хөгжлийн дэд сайд болох сонирхолтой л байсан. Үүнийгээ ч Н.Алтанхуягт хэлсэн. Яг үнэндээ бол сайд, дэд сайд гэдэг бол намын удирдлагуудын үнэлэмжээр шийддэг асуудал юм байна. Мэдлэг, туршлага бол үнэндээ чухал юм биш байна лээ. Монгол Улсад Эдийн засгийн хөгжлийн яам байх ёстой гэж би аль дээрээс л ярьсан хүн шүү дээ уг нь. Эдийн засгийн хөгжлийн яамыг дурын хүн очоод удирдаж чаддаггүй юм. Мэргэжлийн хүн байх ёстой. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн загварыг боловсруулах хөтөлбөрийг хэн дуртай нь гаргаад ирж чадахгүй ээ. Эдийн засаг бол улс орны амин чухал асуудал. Хөгжлийн гол сүнс нь. Өмнө нь Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргаар их сургуульд багшилж байсан, эрдмийн зэрэг цолтой хүн удирдаад бараагүй шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн яамаа дуртай хүнээр удирдуулна гэдэг Засгийн газрын хувьд учир дутагдалтай.
-Та дэд сайдын суудлыг авна гэдэгтээ өөртөө нэлээд итгэлтэй байсан бололтой?
-Надад мэдлэг байна, боловсрол байна, туршлага байна. Үзээд алдах боломж байна. Мэргэжлийн бус хүмүүс хэзээ ч улс орны эдийн засгийн хөгжлийн прогнозыг гаргаж ирж чадахгүй. Би яг энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалсан хүн. Эрдмийн судалгаагаа амьдрал дээр хэрэгжүүлэхийг хүссэн. Даанч улс төр гэдэг үзэмж л байдаг юм байна гэдгийг ойлгсон. Намын даргад талтай, даалгаврыг нь яг таг биелүүлдэг хүмүүс л сайд, дарга болдог юм биш үү. Ч.Хашчулуун гэхэд л ядуурал, инфляциа тайлбарлаж мэддэггүй, дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ зууралдсаар л байгаад таарсан. Гэтэл түүнээс дор, мэргэжлийн хүмүүс тэнд юу хийх вэ. Хамгийн чухал яаман дээр хамгийн туршлагатай, мэдлэгтэй хүнийг хуваарилах нь Засгийн газрын том бодлого байх ёстой. Улс төрийн гэхээсээ улс орны бодлого байх ёстой л доо. Хямрал нүүрлэж буй энэ хүнд үед эдийн засгийг доошоо унагачихгүй хэрхэн зөв, нарийн хөтөлбөр боловсруулж давах ёстой вэ гэдгийг л сайн мэдэх хүнийг сонгож, тэр чиглэлээр ажиллах ёстой. Энэ хөтөлбөрийг захын хүн боловсруулчихдаг ч юм биш.
– Та сэтгэл дундуурхан байгаа юм байна, тийм үү?
-Би улс орны хөгжлийн төлөө л сэтгэл дундуур байна. Н.Дашзэвэг гэхээсээ илүү намайг эдийн засагчаар маань авч үзэх хэрэгтэй. Эдийн засаг, эрүүл мэндийн салбар бол хамгийн чухал салбар. Миний хувьд улс орныхоо төлөө зүтгээд үзье гэсэн бодолтой байсан. Намын удирдлагууд өөр шийдвэр гаргасан. Улс төрд даргын үнэлэмжээр л асуудал өрнөдөг юм байна. Эдийн засгийн хөгжлийн яам эдийн засгийн хямралын эсрэг ямар стратеги төлөвлөгөө боловсруулахыг харж л байя. Эдийн засгийн бодлогыг дурын хүн тодорхойлж чадахгүй л дээ. Ялангуяа дэлхий нийтээр, ганц зах зээл нь хямралтай байгаа үед улс төрийн албан тушаалтан мэргэжлийн хүний нүдээр энэ салбарыг удирдах нь бэрх.