



Каннын кино наадамд нэр дэвшиж буй бүтээлүүдийг өдөр бүр үзэгчдэд үзүүлж, шүүгчид өөрсдийн үнэлгээгээ өгдөг. Өчигдөр үзэгчдэд хүрсэн бүтээлүүдээс Чад улсын найруулагч Mahamat-Saleh Haroun-ны бүтээл “A Screaming Man (Un Homme Qui Crie)” нэртэй кино нэлээд шуугиан тарьж, олны анхаарлыг татлаа.
Энэхүү кино нь жирийн нэгэн эцэг хүүгийн тухай өгүүлэх боловч сүүлийн хэдэн жилийн турш үргэлжилж буй дайн самуун, хүчирхийлэл, олон зуун гэмгүй иргэдийн үхэл, Африкийн орнуудын бодит амьдралыг харуулсан аж.
Чухамхүү яагаад аав, хүү хоёрын түүхээр энэхүү киноныхоо өгүүлэмжийг хүргэхийг зорьсон талаар сэтгүүлчийн асуултанд “Энэ дайн бол /Чад дахь/ дан эрчүүдийн оролцоотой явагдаж байгаа дайн. Энд эмэгтэй хүний оролцоо байхгүй. Эцгээс хүүд уламжлагдан дамжиж буй түүх, үзэл суртал. Аав, хүү хоёроор бүхэл бүтэн хоёр үеийг төлөөлүүлж байгаа хэрэг л дээ. Тиймээс хамгийн энгийнээр хүмүүст хүргэхийн тулд эцэг хүү хоёрыг сонгосон. Африкийн орнууд өнөөдөр том гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчилдөөний золиос болж байна. Олон улсын хүмүүнлэгийн байгууллага, улс орнууд үй түмэн тусламжийн барааг цуваа, цуваагаар нь илгээж байгаа ч энд хүний хамгийн наад захын эрх, эрх чөлөө дайны хөлд гишгэгдэж байна шүү дээ. Энэ бүгдийг л дэлхийд зарлахыг хичээж, өнөө маргаашийн хоол унд, хувцас хунараас илүүтэй улс төрийн байдалд нь нөлөө үзүүлж, энэ дайныг зогсоогооч гэж хашгирч байгаа хашгираан юм даа” хэмээн найруулагч Mahamat-Saleh Haroun хариулжээ.
Тэрбээр энэхүү киноныхоо санааг 2006 онд Чадын нийслэл Жамень хотод “Daratt” нэртэй киноныхоо зураг авалтыг хийж байхдаа олсон аж.
Н.Наран