
Энэ оны эхээр Монгол Улсын дотоодод нефтийн бүтээгдэхүүний үнэ литрт тутамдаа 210 төгрөгөөр огцом өссөн юм. Нефтийн бүтээгдэхүүний үнэ огцом өссөн шалтгааныг судлах үүргийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Засгийн газраас авснаар импортлогч компаниудыг үгсэн хуйвалдаж үнээ үндэслэлгүйгээр хэт нэмжээ хэмээн үзсэн билээ. Энэ үед тус газрын даргаар Б.Мандах ажиллаж байлаа. Гэвч Засгийн газар түүнийг шатахууны үнэ хэт өсөхөөс сэргийлж чадаагүй гэсэн үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлж Б.Лхагвааг томилсон ч тэрбээр шатахуун импортлогч нарт ногдуулаад байсан 17 тэрбум төгрөгийн торгуулийг хүчингүй болгосон билээ. Иймд дээрх шийдвэр буруу байсан гэж үзэн шинэчлэлийн Засгийн газар дээрх томилгоог хийжээ.
Сануулахад, УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Нефть импортлогч нарт ногдуулсан 17 тэрбум төгрөгийг хүчингүй болгох шийдвэрийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга гаргасан нь туйлын буруу. Хэрэв төсөвт дээрх хэмжээний хөрөнгө хэрэггүй юм бол түүнийг нь цэцэрлэг, сургууль барихад зарцуулъя” гэдэг санаачлагыг хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө тавиад байсан. Харин эл шийдвэрийг шинээр томилогдсон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай дэмжих эсэх нь одоогоор тодорхойгүй байна.